Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэгэн цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлэн танхайрсан хэрэг гарсан билээ. Эл хэргийн эзэн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт гэгч байв. Тэрбээр тухайн өдөр өөрийн цэнгээний газрын нээлтэд оролцоод гарч явахдаа ийн сэлэм эргүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад зугтсан байдаг.
Цагдаагийн алба хаагчид түүнийг хайж байх хугацаанд тэрбээр хар тамхины хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, танхайраад зугтсанаасаа гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 14-нд иргэдээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэний гэрт хар, тамхи мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.
Үүний дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25-35 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Улмаар хэргийн газраас хар тамхины төрлийн бодис хураан авч, тухайн этгээдүүдийг баривчилж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж, тэдэнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн.
Тус хэлтсийн алба хаагчид түүний танхайрахдаа ашигласан зэвсгийн чанартай эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэн Э гэгчийн гэрээс олж тогтоон, хураан авч, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд саяхан буюу энэ сарын эхээр хэргийг нь прокурорт шилжүүлжээ. С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хар тамхи хууль бусаар ашигласан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
-ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН ТЭРЭЭР ДАХИН ХАР ТАМХИ ЗАРЖ БОРЛУУЛААД БАРИГДЖЭЭ-
Батлан даалтад гарч, гадуур байцаагдаж байсан С.Бямбацогт хаширсангүй юу, эсвэл хуулийнхныг басамжлав уу хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхины хэрэгт холбогдож баривчлагдсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Энэ сарын 15-ны өдөр С.Бямбацогт нарын таван иргэн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “мөс”-ийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байх үедээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан байна. Улмаар энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн шүүхээс С.Бямбацогтыг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар албаны хүн мэдээлэв.
С.Бямбацогт хар тамхины хэрэг давтан үйлдсэн дээр танхайн хэрэг нэмэгдсэнээр тун удахгүй ял сонсох нь ийн тодорхой болжээ.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
2. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа
2.1. зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.