КFC үйлчлүүлэгчээ доромжилж, хөөж гаргахыг завдсан байна


Улаанбаатарт эрчимтэй хөгжиж буй салбар бол нийтийн хоол үйлдвэрлэл болон  зочлох үйлчилгээний салбар.  Энэ хэрээрманай улсад гадаадынхан олноороо ирж хоолны газар, ресторан, баар, зоогийн газар ажиллуулах болсон. Зарим нь чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэж монголчуудын ходоодыг хордуулахын сацууүйлчилгээний ажилтны ёс зүйтэй холбоотой гомдол  сүүлийн үед ихээхэн гарах болсон. 

Үүний нэг тод жишээ болох дэлхийд хоёрдугаарт бичигддэг түргэн хоолны сүлжээ болох "KFC"-гийн салбар. Тус салбарыг "Таван Богд" группын охин компани "Таван Богд Фүүдс" ХХК оруулж ирсэн юм. Тэгвэл тус рестораны талаарх таагүй мэдээллүүд сүүлийн үед ихээр гарах боллоо. Тухайлбал, хэдэн жилийн өмнө "КFC" ресторанаас захиалсан тахианы шарсан махнаас шавьжны төрлийн нэгэн амьтан гарч ирсэн талаар үйлчлүүлэгч нь энэ талаар өөрийн твиттер хуудаснаа бичсэн байдаг.

Тэгвэл гурван өдрийн өмнө буюу энэ сарын 4-нд "КFC"-гийн үйлчлэгчтэй холбоотой нэгэн гомдлын талаар үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал дээрх ёсзүйгүй үйлдэл  Төв номын сангийн эсрэг талд “Бизнес Плаза” төвийн урд талд байрлах"КFC"-гийн салбарт болжээ. Энэ талаар үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа  "Хүүтэйгээ хамт үйлчлүүлэгчээ нилээн татчихсан нэр хүндтэй хоолны газар орсон чинь ийм муухай хүнд үйлчлэхгүй гээд хүүг минь хөөгөөд бүр чирээд гаргах гэлээ. Миний хүү жаахан биe муутай болохоор туранхай тэгээд тэр зөөгчийн нүдэнд яаж харагдсан юм  бол доо" гэж бичжээ.


 

Хэрэг явдлыг тодруулахаар хүүгийн ээжтэй  бид холбогдоход тэрбээр "Миний хүү "КFC"-ээр үйлчлүүлэх ихэд дуртай. Гэтэл "КFC" маш соёлгүй үйлдэл  хүүд маань  гаргалаа.  Хүүгээ үлдээгээд намайг түр  босох хойгуур үйлчлэгч нь очиж миний хүүг хөөсөн. Би сандраад гүйгээд очтол "таньтай хамт явж байгаа гэдгийг мэдсэнгүй. Гудамжны хүүхэд байна гээд л  хөөсөн" хэмээн хээв нэг хэлсэн талаар хүүгийн ээж ярьсан юм.  

  Хүү сэтгэлзүйн  хүнд  цочролд орсон тул унтаж чадахгүй байгаа гэнэ. "КFC" яагаад намайг хөөж байгаа юм бэ, би тийм муухай харагдсан юм уу ээж ээ, гэж асуух хүү "КFC"-ээс айж байна гэж  ээждээ хэлжээ.  Тус газрын үйлчлэгч болон удирдлагууд  бусдын нэр хүндэд халдсан энэхүү  ёсзүйгүй үйлдэлдээ уучлал гуйгаагүй гэнэ.  

Гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн тохиромжтой олон улсын түргэн үйлчилгээтэй сүлжээ ресторан гэх томоохон тодотголтой энэ газар  бие муутай, хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчээ гадаад үзэмжээр  нь ялгаварлан гадуурхаж болно гэж үү. 

Түүнчлэн "ХООЛНЫ ГАЗРЫН НИЙТЛЭГ ЖУРАМ"-ын 7.8.2-т "Зөөгч нь хэрэглэгчид түргэн шуурхай үйлчилж, тэдэнтэй эелдэг, боловсон харилцах үүрэгтэй бөгөөд тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх аливаа үйлдэл үзүүлэхгүй байх" энэхүү хуулийн заалт "КFC"-д хэрэгждэггүй нь энэ. 

Дээрх жишээтэй адил ёсзүйгүй үйлдэл  2014 онд  АНУ-ын Миссиссипи мужийн Жэксон хотод орших KFC түргэн хоолны газарт гарч байсан юм.  Эмээтэйгээ хоол идэхээр орсон гурван настай Викториа охиныг хөөсөн талаар цахим сүлжээгээр тархаж байсан нь саяхан.  Хөөсөн шалтгаан нь ердөө түүний царай. Нохойд уруулж өрөөсөн нүдээ алдаж, нүүрний нэг тал нь хөдөлгөөнгүй, мэдрэлгүй үлдсэн охины  царайг харсан үйлчлэгч "охины царай бусад үйлчлүүлэгчдийг маань айлгаад байна. Тиймээс эндээс гарна уу" хэмээн хөөсөн аж.  Охины гэр бүл энэ хэргийг зүгээр орхихыг хүссэнгүй. Энэ мэдээг цахим сүлжээнд байрлуулж, зургийг нь тавиад "Энэ царай таныг үнэхээр айлгаж байна уу?" гэсэн нь хүмүүсийн дунд сенсаци дэгдээд байсан юм. 


Харин KFC тэр даруй уучлал гуйж, "бид хэзээ ч үйлчлүүлэгчээ өчүүхэн байдлаар ч гомдоохыг ажилчиддаа зөвшөөрөхгүй, бид ийм л зарчмаар ажиллаж ирсэн" гээд  охинтой зүй бус харьцсан ажилтанд арга хэмжээ авч, охины  нүүрний мэс засалд нь зориулж 30,000 америк доллар хандивлахаар шийдсэнээ мэдэгдсэн байдаг.

Яг дээрхтэй адил үйл явдал Монгол дахь салбарт нь тохиолдсон жишээг өгүүллээ.  Хүүгээс өнөө хэр  уучлал гуйгаагүй "KFC"-гийн удирдлагуудад хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байна уу?