МУГЖ Г.Ариунбаатар 29 насаа үдэн шүлэг бичжээ


23-хан насандаа Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан манай улс төдийгүй дэлхийн дуурийн урлагийн бахархам их авьяастан билээ. Муслим Магомаевын Олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны Гранпри, И.П.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гранпри гээд томоохон шагналуудыг нь дурьдаад байвал баршгүй.

Харин тэр яг энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 07-нд 30 нас хүрч буйгаа өөрийн сошл хуудасны найзуудтайгаа хуваалцжээ. Амжилт, ялалтаар дүүрэн түүний хувийн амьдрал л ээдрээтэй. Түүнийг жүжигчин Б.Баярмаатай гурав дахь амьдралаа эхлүүлсэн, тэр ч бүү хэл жүжигчин бүсгүйг бие давхар байгаа гэх мэдээлэл тархсан ч олон нийтэд албан ёсоор дэлгээгүй байна. Ингээд түүний гучин насны төрсөн өдөртөө өөртөө зориулж зохиосон шүлгийг нь хүргэж байна.

-Гучдугаар өртөө-

Амьдрал хэмээх гал тэрэгний
Хорин есдүгээр өртөөнд
Аялаж явнаа би
Алдаа оноо, магтаал, матаас
Алга ташилт, салаавчаар дүүрэн
#Аялал минь, #Амьдрал минь
Худал , үнэн хослон зурайсан
Хувь тавилан хэмээх ган замаар
Хурдалж яваа
Энэ амьдрал хэмээх гал тэрэгний
Эхний өртөөг #Төрөх гэнэ
Эцсийн өртөөг #Үхэх гэнэ
Өртөө бүхэнд нь алдаж, онож
Өвдгөө шалбалж унасан
Гэнэхэн ухааралтай
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж
Өрөөлөөр дэмнүүлэлгүй боссон
Гэмгүйхэн бардамналтай
Амрагхан охидын халуухан үнсэлт
Амьдрал болоогүй бүтэлгүй хайрын
Зөөлхөн гунигтай
Эцсийн эцэст өөрөөрөө л байж
Эр хүн гэж өөрийгөө анх тоосон
Зөрүүд бардамналтай
Амьдрал минь, Аялал минь..
Маргааш би энэ хорин есдүгээр өртөөнөөс
Манантай гэрэлтэйг нь мэдэхгүй
Энхэл донхол замаар
Гуниг , Баяр ,Аз жаргалын эрэлд
Гучдугаар өртөө рүү явна.
Дахиад ирэхгүй 29-р өртөө минь баяртай
Дахин учрахгүй 29-н нас минь Баяртай!