Оюутолгойд гарсан галын шалтгааныг тогтоогоогүй байна


Он солигдохын өмнөхөн /2017.12.31/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарчээ. Галын тухай мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт 31-ний 15:00 цагийн үед ирсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус уурхайн төслийн талбайд байрлах хувцасны агуулах шатаж, галыг унтраахаар уурхайн Гал унтраах ангийн баг бүрэлдэхүүн ажиллажээ. Мөн өнгөрсөн даваа гаригт буюу нэгдүгээр сарын 1-ний өглөө холбогдох албадын мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажилласан байна.

Албаны эх сурвалжийн  мэдээлснээр галыг бүрэн унтраасан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь  ажиллаж буй ажээ.

Оюутолгой уурхайн төслийн талбайд байрлах 30х16 хэмжээтэй сэндвичин байшинд гал гарсан бөгөөд тэнд ажиллаж байгаа ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарах юм байна. Энэхүү барилга нь хувцасны агуулах байжээ. Галын улмаас хичнээн төгрөгийн хохирол учирсаныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.