Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе

Admin
22 цаг 47 минутын өмнө

Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод нийт сая 380 орчим иргэн байнга оршин сууж байна гэсэн тоон судалгаа байдаг. Энэ хэмжээний массын бөөгнөрөлд одоогийн хотын бүтэц, зохион байгуулалт чамлалттай төдийгүй их хотын стресс гэх өвчлөлд нэрвэгдээд байгаа юм. Их хотын их стресст утаа, замын түгжрэл, дуу чимээний бохирдол тэргүүн байр эзэлж байна.

Манай хотын дэд бүтэц 500 мянган хүн амьдрахаар зохион байгуулагдаж байсан гэдэг. НЗДТГ-аас жил бүр хот төлөвлөлт, дэд бүтэц авто зогсоол замыг тэлэх ажилд сүүлийн жилүүдэд багагүй хөрөнгө хаяж хийсэн хэдий ч хүн амын өсөлт, автомашины тоогоо гүйцэхгүй байна хэмээн албаныхан хэлж буй.

Иймд нийслэл хотдоо багтаж шингэхгүй болсон ч амьдарсаар л байгаа. Намууд эрх барих бүртээ гүүрэн гарц барих, хурдан галт тэрэгтэй болох, метро зэрэг олон тэрбумын зарлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зэхэж, олон нийтэд сурталчилдаг өнөөдрийг хүртэл хэрэгжсэн нь үгүй. Улам бүр мартагдан бүдгэрсээр байх шиг.

Учир нь нэг нам, нэг засаг солигдоход өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлэх гэж байсан төсөл хөтөлбөр, барилга байшин, сургууль цэцэрлэгийн асуудал шууд царцаж орхидог. Харин дараагийн эрх баригчид сүр дуулиантай гарч ирээд, өмнөх шийдвэрүүд буруу байсан гэх зэргээр ярьж, дахин чихэр шиг амлалтуудаар чих дөжиртөл ярьдаг. Ингэсээр байгаад төсөв ч танагдаж, ажил ч явахгүй олон жилийн нүүр үзэж бухимдсан иргэд хууль дүрмээ зөрчин амьдарсаар байна. 

Яах аргагүй замын дундуур явж буй жолооч нар нүдээ бүлтийтэл байшин барилгын булан тохой, байгууллагын өмнөх зогсоолыг хайдаг. Нэг үеэ бодвол яаралтай тусламж үзүүлдэг улсын эмнэлгүүд болон сургуулийн өмнөх талбайд автомашин байршуулах талбайг нэлээдгүй шийдчихлээ.

Харин зарим боловсон зогсоол нэрээр алга дарам газрыг цаг минутаар хэмжин үнэлэх нь олширсон. Иргэд нийтийн эзэмшлийн гудамж талбайг худалдаж, зогсоол нэрээр мөнгө олох хэрэгсэл болгож байна гэж шүүмжлэх хэдий ч нөгөө талаар авто зогсоолыг камержуулах, эзэнжүүлэх нь зүйн хэрэг.

Гэсэн ч их хотын стресст дарагдсан иргэд автомашины зогсоолын асуудлыг нэг мөр цэгцэлж өгөхийг шаардаж эхлээд бараг 20 жил болж байгаа. Гэтэл өнөөдөр ч бахь байдгаараа зогсоол хайсан иргэд зам дээр өдрийг барж байна.

Бид “Аз жаргалтай Улаанбаатар”-ын соёлтой иргэд гэх уриаг олонтаа сонсдог ч өглөө сэрээд олон төрлийн стресст өртдөг хэвээр. Цаасан дээр буусан олон сайхан төсөл төлөвлөгөө биелэхийг харж, чих тавин суух ч итгэх итгэл буурсаар л байгаа юм. 2017 онд зам чөлөөлөх, зам шинээр тавих замаар 1000 машины авто зогсоолтой болсон гэх нь дуулдах хэдий ч массыг хамарсан зогсоолын эрлийг мухарлах хэмжээнд биш. Өнөөдрийн нийгмийн бухимдлаас дүгнэхэд замын түгжрэл, згсоолын асудлыг шийдсэн хотын даргын хөшөөг зайсан толгой дээр босгож мөнхлөхөд бэлэн байна.