Б.Жаргалсайхан: Ийм хөөрхөн цэрэг Н.Энхбаярын эрх чөлөөг манадаг байв

Admin
Өчигдөр 11 цаг 58 минут

МАХН-ын Их хурал өөр өөр өдрүүдэд, хоёр өөр газар болсон билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч бямба гарагт төрийн ордонд МАХН-ын их хурлыг зарласан ч намын удирдлагуудаа оролцуулахгүй байна хэмээн З.Баянсэлэнгэ нийгмийн сүлжээгээр мэдээлж байсан. 

Тэгвэл төрийн ордонд болсон дээрх хуралдаанаар О.Баасанхүүг намын даргаараа сонгосон байна. Харин маргааш нь буюу ням гаригт Н.Энхбаяр, С.Ганбаатар тэргүүтэй МАХН-ын удирдлагууд намын их хурлаа хуралдуулж, гишүүддээ бэлэг тараасан билээ. 

Ард иргэдийг будлихад хүргээд буй энэхүү үйл явдлын дараа БНН-ын дарга Б.Жаргалсайхан фэйсбүүк хуудаснаа өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. 
Тэрбээр “Ийм хөөрхөн цэрэг Н.Энхбаярын эрх чөлөөний манаанд зогсдог байв. Энэ цэрэг хоолоо голсон уу, цол хэргэм хүссэн үү, зан ааш нь эвдэрчээ. Бас цэргээ гомдоодог (М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Баяр, Сү.Батболд бүгд лй цэрэг нь явсан түүхтэй) харж хандаагүй Энхбаярын буруу байгаа л даа. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-наас болж ялагдсан гэсэн дүгнэлт хийсэн. Тийм учраас нийлэх нэгдэх ёстой гэсэн ерөнхий зарчим дээр зогсч Н.Энхбаяртай М.Энхболд хэд хэдэн удаа тохирох гэж үзсэн. Н.Энхбаяр "Тэгвэл намайг Ерөнхий сайд болго" гэсэн дургуйд хүчгүй муйхар шаардлага албаар тавьдаг. 

Тэгэнгүүт эрх баригчид МАХН-ыг хуваах ажлыг хийсэн. Ч.Улаан, Тэрбишдагва нарыг буцаан татсан. МАХН-аас очсон Энхжаргал, Дуламдорж гэсэн баахан нөхдөд тушаал өгсөн. Ерөнхийдөө манжид дагаар орсон ноёдод хэргэм зэрэг, цалин пүнлүү олгодог шиг. Гэвч тэдэнд эдгээр "ирэгсэд" хангалттай байсангүй. Нөгөөтэйгүүр МАХН илүү хүчирхэгжиж 2020 онд яаж ч мэдэхээр байгаа юм. МАХН-д Оюутолгойн гэрээг буруушаагч, уул уурхайн эздийн дайсан, Баабарын хэлсэнчлэн "Хар массын хаан" Ганбаатар хүч нэмэгдүүлээд очсон. Энэ аюул. Тийм учраас У.Хүрэлсүх Баасанхүүг (Хуульч Ц.Шаравдоржийн хэлсэн үг) санхүүгээр ханган авч (Төрийн ордон, Их тэнгэрт хуралдан Баянгол зочид буудалд буулган төлөөлөгч нарт 100 мянган төгрөг өгч байгаа аж. 1000 хүнийг 100000 тооц доо) МАХН-ыг хоёр хуваана. 

Дээд шүүх дээр О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэнэ. Үүний дараагаар цол хүртсэн О.Баасанхүү цэргээ дагуулан МАН-д элсэн орно. Н.Энхбаярыг зогсоох арга үүнээс өөр байхгүй. МАН үнэн чанартаа АН-аас биш МАХН-аас үхтлээ айж байгаа. Тэдний саналаас 500 мянгыг авдаг хэмээн бодож байгаа юм. О.Баасанхүү бол хэнд ч дуудлагаар үйлчилгээ хийнэ шүү дээ. Энэ ажиллагаанд эртнээс бэлдсэн гэдгийг Н.Энхбаяр хар авсан ч оройтож хөөсөн юм билээ. Улс төрийн хүчнүүд нэг нэгнээ дотроос нь самардаг, урвуулдаг, хуваадаг технологид илэрхий гаршиж эхэллээ дээ” гэжээ.