Э.Батшугар: Намайг АТГ-аас дуудаж байцаагаагүй


Монголбанкны ерөнхийлөгч асан Г.Золжаргалыг өчигдөр АТГ-аас саатуулж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Г.Золжаргалыг өчигдөр АТГ-аас дуудаж мэдүүлэг авсны дараа саатуулсан бөгөөд Төв банкны захирлаар ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наядыг үр дүнгүй зарцуулсан, бодлогын алдаа гаргасан гэх асуудлаар шалгаж буй мэдээлэл байгаа юм.

Түүний энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг мөн АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ч тархсан. Тодруулбал, Н.Золжаргалыг Монголбанкны захирлаар ажиллаж байх үед хамт ажиллаж байсан тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлүүдэд бичигдэж буй юм. 

Энэхүү мэдээллийг Б.Жавхлан болон Э.Батшугар нар хоёулаа үгүйсгэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Намайг шалгаж байгаа гэх асуудлын тухайд одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Өнөөдрийн байдлаар хаанаас ч тийм байдлаар хандаагүй байна. Миний хувьд тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд үндсэндээ 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Төв банкны ерөнхийлөгчийн дэргэд ажилласан. Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч нь банкууд дээр тавьдаг хяналт шалгалтаа хариуцаж ажилладаг. Дэд ерөнхийлөгч нар арын албаа хариуцаж ажилладаг байсан” хэмээсэн. Харин Э.Батшугартай утсаар холбогдож энэ талаар тодруулахад “Намайг АТГ-аас дуудаж байцаасан зүйл огт байхгүй. Би Монголбанкны ерөнхийлөгч асан Г.Золжаргалыг баривчлагдсан талаар хэвлэлүүдээс л олж мэдсэн. Тэгэхээр намайг байцааж шалгаж байгаа гэх мэдээллүүдийг үгүйсгэж байна” гэв.