ЖҮЖИГЧИН ТӨӨТӨӨГИЙН ДАЙРСАН ХҮҮ 2 ЖИЛ ЭМНЭЛЭГЭЭР ЯВААД ХОРВООГ ОРХИЛОО


Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө жүжигчин Аглуу буюу Л.Баттулга Яармагийн замд машинаараа хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн. Гэвч тэрээр энэ хэрэгтээ ял зэм хүртээгүй бөгөөд ажлаа тараад бүлээн гэр, бүлтгэр хэдэн үр рүүгээ яарч явсан сэтгүүлч залууг согтуу байсан хэмээн гүжирдээд хэргээс мултарчихсан билээ. Өдгөө эр нөхрөө, эцгээ алдсан ар гэрийнхэн хэцүүхэн амьдарч байгаа гэх бөгөөд жүжигчин Л.Аглуу нэг ч удаа уулзаж туслах нь байтугай уучлал эрсэнгүй. Хошин урлагийнхны энэхүү давилуун зан жүжигчдэд нь хүртэл халдаж эхэлжээ.

Хоёр жилийн өмнө “Эмоци” продакшны захирал, жүжигчин Д.Түвшинтөр улсын баяр наадмаар шинэхэн авсан машинаа гайхуулж яваад, Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр хүүхэд мөргөчихөөд хэргийн газар дээрээс зугтсан гэдэг. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар, баяр наадмын үөэр буюу долдугаар сарын 12-нд дээрх хэрэг болжээ. “Д.Түвшинтөр баяр наадмын үөэр аймагтаа шив шинэхэн, цагаан өнгөтэй LEXUS-570 маркийн машинаар гангарч ирсэн. Осол гардаг 12-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очоод буцахдаа нэлээд халамцуу байдалтайгаар машин барьж яваад ийнхүү хоёр хүүхэд мөргөсөн бололтой. Гэхдээ хамгийн муухай нь тэр хоёр хуүхэд мөргөчихөөд эмнэлэгт хургэж өгөхийн оронд зугтааж явсан нь тусгүй” хэмээн ам уралдан ярьж байсан юм.

Нэг бус хүн ярьж байгааг харахад энэхүү осол үнэхээр болсон бололтой. Гэвч энэ осол нь оройн цагаар үйлдэгдсэн, мөн харсан гэрч байгаагуй тул жүжигчин Төөтөө хэргийн газрыг орхин зугтаасан аж. Ингээд хоёр хүүхэд осолд орсон дуудлагын дагуу цагдаа нар Д.Түвшинтөрийг Архангай аймгийн Хотонт суманд амарч зугаалаад явж байхад гүйцэж барьсан талаар орон нутгийн зарим эх сурвалж ярьж байна. Дайруулсан хоёр хүүхдийнх нь нэгнийх нь биеийн байдал хүндэрч яаралтай тусламж эмчилгээ авахын тулд Улаанбаатар хотод ирж, эмчлүүлж байжээ. Ийнхүү нутгийн хүмүүс нь баталж, хоёр хүүхэд осолд орсон баримт нь байсаар байхад жүжигчин Д.Түвшинтөр хэргийнхээ талаар хээв нэг булзааруулж “Би Өвөрхангай яваагүй, наадмаар Хүй долоон худаг л орсон” гэх мэтээр нүүр нь улайхгүй залдаг байна.

Харин энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар нутгийн иргэд мэдэхгүй байхыг бодоход тэрээр аль хэдийнэ Аглуу ах шигээ хэргээ сэгсэрсэн нь ойлгомжтой болоод байна. Ер нь хошин урлагийнхан гэж тайзан дээр орилж гүйхээс өөрөөр авъяас, чадвар гэж зүйлгүй хэдэн нөхдийн цуглуулга болсон бөгөөд залуус нь ах нарынхаа авгайгаасаа салдаг, аваар осол хийдэг гэх мэтээр аль болох, бүтэхгүй зүйлүүдийг нь түрүүлж сурч байгаа нь өөрсдийг нь ёстой хошин байдалд оруулаад байгаа билээ.

Эх сурвалж: “Одоо цаг” сонин