З.Энхболд 11 дүгээр сарын 26-ныг Улс тунхагласан, тусгаар тогтнолын өдөр биш хэмээн үгүйсгэв


Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдрөө өчигдөр бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн  билээ. 1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарласан юм. Анхны Үндсэн хуулиар төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино хэмээн тунхаглажээ.

Түүх судлаачдын дүгнэлтээр Бүгд найрамдах улсыг тунхагласан явдал нь XX зууны Монголын хамгийн том ололт гэжээ. Туурга тусгаар Монгол улс байна гэдгийг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршдог бөгөөд  эл өдрийг монголчууд 90-ээд жил төрт ёсны баяр хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй юм.

Гэвч УИХ-ын чуулганы 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ-ыг тунхагласан өдрийг тэмдэглэхийг болиулж эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон “Монгол бахархлын өдөр”-тэй болох шийдвэр гаргасан байдаг.

Харин энэ жилийн УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчлаад байгаа юм.

Тэгвэл 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласан өдрийг тэмдэглэхийг болиулах шийдвэрийг 2012 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа гаргуулж байсан өдгөөгийн ЕТГ-ын дарга З.Энхболд эл өдрийн тухай өөрийн байр сууриа цахим хуудастаа илэрхийлсэн байна. Тэрбээр, “Өнөөдөр монголчууд улсаа тунхагласан ч өдөр биш, тусгаар тогтносон ч өдөр биш. Харин анхдугаар Үндсэн хуулиа баталж улсынхаа нэрийг БНМАУ болгож "Бүгд найрамдах засаглал"-тай болсон өдөр. Зүйрлэвэл 1992.01.13-нд одоогийн Үндсэн хуулиа баталсантай тэнцэхүйц өдөр.

Улс тунхагласан гэвэл Хүннүгээс эхлэнэ. Хил хязгаартай, хуультай төрт улс. Чингисийн эзэнт гүрэн мөн адил. 12.29-нд Манжаас тусгаарлаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой болно” гэжээ.