Оффшорт “нуусан” мөнгөө оруулж ирээгүй хэн ч бай хариуцлага хүлээнэ


Өнгөрсөн 2016 оны тавдугаар сарын 9-ний 03:00 цагт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь нийтэд зарласны дунд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэнийг та бид бүгд санаж буй.

Тэдгээр оффшор данстануудын асуудал шийдэгдээгүй байтал хэдхэн хоногийн өмнө мөн л 16 монгол иргэний нэр оффшор данстай холбоотой нь илчлэгдсэн. Тодруулбал, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, “Бодь интернэшнл” ХХК зэрэг Монголын 16 иргэний нэр ил болоод буй билээ.

Оффшортой холбоотой дээрх дуулиан дэгдсэний дараахан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлд УИХ-ын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хуулиар нийтийн албан тушаалтан оффшор бүсэд данс нээлгэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглосон заалтыг оруулж ирсэн.

offshor

Үүнээс өмнө төрийн албан хаагч оффшор бүс дэх банк, санхүүгийн байгууллагад данс эзэмших, компани байгуулах, компанийн хувь эзэмших зэргээр оффшор бүсэд санхүүгийн үйлчилгээ ашиглахыг хориглосон, хязгаарласан зохицуулалт байгаагүй юм.

Ийнхүү хууль батлагдаж оффшорчидтой тэмцэх, тэдний “нуусан” хөрөнгийг оруулж ирэх боломж хуулиар бүрдсэн ч хуулийн үйлчлэл нь ямар улс, нутаг дэвсгэр, аль бүсийг хамаарах вэ гэдэг нь тодорхойгүй байсан учраас АТГ болон цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч чадалгүй дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байдаг.

Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсийн 49 орныг баталж, өнгөрсөн аравдугаар сарын 7-нд АТГ-т хүргүүлснээр хууль бүрэн утгаараа хэрэгжиж, Монгол Улс оффшор данстануудтайгаа “дайтах” боломж бүрэн утгаараа нээгдсэн юм.

-ОФФШОРООС МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРСЭН АНХНЫ ТОХИОЛДЛООС ХОЙШ ХОЁР САРЫН ХУГАЦАА ӨНГӨРӨВ-

Одоо Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн оффшор данстангуудын асуудлыг шалгаж буй.

АТГ есдүгээр сарын 29-ний өдөр албан ёсны сайтаараа дамжуулан хонгилын үзүүрт гэрэл тусгаж “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм” хэмээн зарласнаас хойш таг чимээгүй болов.

АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэж байгаагаар Монголын 43 иргэн, аж ахуйн нэгж оффшор бүсэд данстай. Эдгээрээс төрийн албанд ажиллаж байсан болон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан тэдгээрийн хамаарал бүхий 23 хүнийг манай байгууллагаас шалгаж байгаа. Тэдний нэг нь болох хүн дөрвөн сая ам.доллараа эргүүлэн татсан.

Цаашид энэ асуудал иргэдийн сайн дурын асуудал болно гэж ойлгох хэрэгтэй. Хууль бусаар албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахуулиар олж авсан хөрөнгөө оффшор бүсэд байршуулсан бол улсын хөрөнгө болгох асуудлыг хууль, зүйн үүднээс ярина. Эдгээр хүмүүс оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг бол энэ асуудлаа цэгцлэх гурван сарын хугацаа өгч байна.

Хугацааг аравдугаар сарын 7-ноос тоолж эхэлсэн. Хэрвээ хуульд заасан гурван сарын хугацаанд оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна. Хэрвээ хөрөнгөө эргүүлэн татсан бол нэг сарын дотор манай байгууллагад мэдэгдэх ёстой. Ингээд тооцвол хөрөнгөө эргүүлэн татахад дөрвөн сарын хугацаа өгч байна гэсэн үг” хэмээн ярьж байв.

offshor

-ХУУЛИЙН ХУГАЦААНД МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

Ямартаа ч хуулийн хүрээнд олгосон дөрвөн сарын хугацаа тоологдож эхлээд сар гаруй болжээ. Энэ хугацаанд АТГ-ын шаардлагыг биелүүлж оффшор дансаа эргүүлэн татсан хүний мэдээлэл албан ёсоор нэмэгдэж гараагүй байна. Дээрх оффшорчид хуулийн хугацаандаа дансан дахь мөнгөө Монголдоо оруулж ирж, энэ талаараа АТГ-т мэдэгдэж, үнэнээ хүлээвээс “өршөөгдөнө”. Эс бөгөөс тэдэнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан.

Энэ хууль батлагдахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан бол одоо ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь энэ. Тэр ч бүү хэл иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломж бүрдсэн юм.

-ОФФШОР ДАНС, ОФФШОР БҮС БОЛ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА-

Оффшор гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг ажээ. Оффшор бүсэд татвар маш бага, эсхүл татвар огт ногдуулдаггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны нууцлал өндөр, валютын хязгаарлалтгүй, компани бүртгүүлэхэд тавих шаардлага бага, хялбар, санхүүгийн тайлагнал маш энгийн байдаг байна. Оффшор компани гэж татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгож байгаа бүсэд байгуулагдан үл ажиллагаа явуулж байгаа компанийг хэлдэг байна.

Оффшор бүсэд, оффшор компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулж орлого олох нь хууль бусаар олсон, татвараас зайлсхийсэн орлого гэж үздэг бөгөөд ялангуяа энэхүү үйл ажиллагаанд улс төрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдож болдоггүй. Учир нь тэд ард түмний татварын мөнгөөр цалинждаг, ард түмнээс итгэл хүлээсэн хүмүүс тул улс орныхоо өмнө хариуцлага хүлээж, улс орныхоо төлөө зүтгэх ёстой. Гэтэл улс орныхоо, татвар төлөгчдийн мөнгийг оффшор бүсэд эргэлдүүлж, ашиг хийх нь ёс зүйн талаасаа хэрхэвч байж болохгүй зүйл гэдгийг шинжээчид хэлдэг байна.

Түүнчлэн оффшорын цаана эргэлдэж байгаа их хэмжээний хөрөнгө нь дэлхий нийтийн санхүүгийн хямралын нэг гол шалтгаан болж буй талаар шинжээчид онцолсоор ирсэн байдаг.

Зарим улс орнууд оффшор буюу нууц дансыг хууль бус гэж үзээд хуулиар хориглодог, заримд нь хориглосон заалт байдаггүй. Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулах нь хориотой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд оффшор данстай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн байна.

offshor

-ДЭЛХИЙН УЛСУУД ОФФШОРЧИДТАЙГОО ХЭРХЭН ТЭМЦДЭГ ВЭ-

Гадны улсууд оффшор данстангуудтайгаа хэрхэн тэмцэж буйг мэдээллэхэд:

1. АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйн зэрэг улсуудын Засгийн газраас оффшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгдсэн. Тухайлбал, Канадын сангийн сайд Даяна Либотилиур (Diane Lebouthillier) асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгах, шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно гэдгээ мэдэгдсэн байна.

2. ”Panama Papers”-ээр ил болсон оффшор данстай нэгэн бол Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассон (Sigmundur Davíð Gunnlaugsson) юм. Улс нь эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлан яахаа алдаад байхад ерөнхий сайд нь нууц оффшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцсэн Исландын ард түмэн эсэргүүцлийн жагсаал хийж, ерөнхий сайдаа огцруулсан төдийгүй асуудалд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэн парламентаа бүхэлд нь огцруулах асуудлыг нухацтайгаар хөндөж байсан.

3. Оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориа (Jose Manuel Soria) мөн огцорсон бөгөөд Францын ерөнхийлөгч асан Франсуа Олланд оффшор данс нь илэрсэн Францын иргэд, ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заасан бүх шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байсан.

4. Мөн оффшор данс түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь ОХУ бөгөөд өнгөрсөн жил Оросын засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиар хориглосон байдаг.

Үүнээс үзэхэд оффшор бүс, оффшор данс нь компаниуд, хувь хүмүүсийн хувьд татвараас зугтах, хуулийн дагуу эсвэл хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуух тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө орлогоо нуухыг хүссэн, татвар төлөхийг хүсээгүй хувь хүмүүс, компаниудын зорин очдог гол газар нь болж хувирсан юм.

Нийгэм, эдийн засгийн харьцаа нь төлөвшсөн, тогтворжсон улсуудын хувьд оффшор данс, бүртгэл нь ихэвчлэн татвараас зайлсхийх орчин нь болдог. Харин хоцронгуй хөгжилтэй, нийгэм, эдийн засгийн бүтэц, харьцаа нь төлөвшөөгүй Монгол мэтийн улсуудын хувьд оффшор данс, оффшор компани гэдэг нь татвараас зайлсхийх төдий бус мөн хууль бусаар олсон байж болох орлогоо нуух гол хэрэгсэл болдог байна.