МАХН-ын Гүйцэтгэх хороо мэдээлэл хийж О.Баасанхүү гишүүнийг “Олигархуудын гар хөл болж, эздийнхээ захиа даалгавраар эх орон, намын эрх ашгийг хохироосон” хэмээгээд энэ асуудлаар гурван баримт дэлгэсэн юм.
- Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчийг нь илт дэмжин, тэдний ялалтыг луйвардах боломж олгосон.
- “Эрдэнэт” компанийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн.
- Олон хүний эрхийг зөрчиж, хэлмэгдэл гардан явуулсан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцынг өмгөөлөн хамгаалж, чухамхүү хэний гар хөл болдгийнхоо үнэн нүүр царайг илчилсэн гэжээ.
Гүйцэтгэх зөвлөл “О.Баасанхүү нь МАХН-аас нэр дэвшсэний ачаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон мөртлөө биеэ хэт тоож МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх товчооны хуралд ирдэггүй, намын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, намын нөхдийн дунд нэр хүндээ алдсан. Түүний улс төрийн намын хууль, намын дүрмийг удаа дараа зөрчсөн үйлдэл МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байна” гэлээ. Мөн О.Баасанхүүг МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүйг албан ёсоор мэдэгдсэн юм