Өнөөдрөөс яг 12 хоногийн дараа МАН-ын даргыг сонгох Их хурал зохион байгуулагдана. Засгийн газар огцруулах их дуулиан, Бага чуулганы нүргээнээ бодвол харьцангуй нам жим байна. Гэвч засгийн эрхийг МАН дангаараа барьж буй чухал цаг үед намын даргаар хэн сонгогдох нь ихээхэн хүлээлттэй сэдвийн нэг болоод байгаа. Учир нь, МАН-ын шинэ даргаар хэн сонгогдохоос намын рейтинг болон улс орны ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ.МАН-аас намын даргад өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд мэдэгдсэн хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрээр өнгөрсөн намар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр хаалга савж гарахдаа намын даргад өрсөлдөнө гэдгээ маш тодорхой хэлсэн байдаг. Тэрбээр нэг тийм мужик, баавартай зангаараа намынхаа нөхдийг хурааж, Ерөнхий сайдын суудалд тухалж чадлаа. Тиймээс илүү урагшаа тэмүүлэх нь тодорхой.Намын дарга нь Ерөнхий сайд болдог зарчмаараа У.Хүрэлсүх хамгийн түрүүнд нэр дэвших эрхээ эдлэхээр хүлээгдэж байна. Түүний талд УИХ дахь 33 гишүүн нь нам зогсож, Их хурлын төлөөлөгчдийн саналыг хайрцаглах асуудалд гол анхаарлаа төвлөрүүлж буй. Их хуралд нийтдээ 1309 төлөөлөгч оролцоно. Нууц санал хураалтаар намын даргын сунгаа явагдах учир төлөөлөгч нэг бүрийн санал үнэтэй.
Мэдээж нөгөө талд 32-ын бүлгийнхэн зүгээр суухгүй. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулиар унаснаар тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргын үүргийг түр орлоно гэгдэж байсан. Гэвч тэр үеийн Ж.Эрдэнэбатын амбиц, өнөөгийн нам доторхи хүрээлэл хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй болчихоод байна. Эхэндээ Ж.Эрдэнэбатад намын даргад өрсөлдөх амбиц байсан ч өнөөдөр энэ нь хэвээрээ юу гэдэг нь асуудал юм. Ойр тойрныхон нь ч тэр дэвших хүсэлгүй байгаа гэх мэдээллийг өгч буй. Хэрэвзээ, 32-ын бүлгээс Ж.Эрдэнэбат амбицаа татаж гэмээнэ С.Бямбацогт өрсөлдөх өндөр магадлалтай. Тэрээр сөрөг хүчин байхдаа бүлгээ сайн удирдаж, өнөөгийн 65-ын бүдүүн бүлгийг үүсгэлцсэн, сайд байхдаа харьцангуй сайн ажилласан имиж түүнд бий. МАН-ын Бага хурлаас өмнө Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хувилбар дээр хүртэл С.Бямбацогт нэрлэгдэж байсан нь санамсаргүй тохиол биш юм. Түүний ард ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын тохироо бий гэж хүртэл намынхан нь ярьдаг. Дараачийн хөзөр бол С.Баяр. Элчин сайдаасаа буух өргөдлөө өгсөн хэдий ч түүнийгээ санаатай зарцаагаад буй энэ эрхмийн цаашдын нүүдэл ямар байх нь таавар хэвээр байна. Элчингээсээ буулаа гэхэд Монголд юу хийх вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамаг нууц бичлэг,тандалт судалгаа яагаад С.Баярын дэргэдээс задрав. Засгийн газрыг огцруулахад С.Батболдын фракцийг гаднаас удирдаж, гарын үсэг зуруулсан цаад зорилго нь юу байв гэхчилэн асуултууд хөвөрнө. Өөр нэг “хөөрхөн” дүр байна. Нүүр хуудсаараа дамжуулан МАН-ын даргын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй Н.Дэмбэрэл. Тэрээр МАН-ын ЕНБД-ын зөвлөх гэсэн статустай. Түүнд том мөнгө, намын луугаруудын дэмжлэг байхгүй. Тиймээс ч Н.Дэмбэрэлийн тухайд, намын дарга болно гэж зүтгэхгүйгээр нэрээ дэвшүүлэх замаар тодрох зорилттой гэсэн таамаглал дэвшүүлж болохуйц.Нэмж хэлэхэд, Засгийн газрын танхимын хуваарлилтаас онхи хоосон үлдэж, байнгын хорооны даргаа хүртэл өгчихөд буй Ж.Энхбаяр гишүүнд У.Хүрэлсүх өртэй болчихоод буй. Ж.Энхбаяр гишүүнийг намын даргад өрсөлдөнө гэдэг таамаг явж байгаа ч эцсийн дүндээ өнөөгийн Ерөнхий сайдын өмнүүр орно гэх үндэслэл байхгүй. Харин МАН-ын ЕНБД-д сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүний нэгээр нэрлэгдэж байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна