Төсвийн тодотголыг баталлаа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан санал бүрээр санал хураалт явуулж  олонхийн саналаар баталлаа.Эдгээр хуулиуд батлагдсантай холбогдуулан УИХ-ын тогтоол  гарах юм. Тогтоол нь “2017 оны төсвийн давсан орлогоос 0-18 насны хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгох болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” байх аж.ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас батлах тогтоолын төсөлтэй холбогдуулан “Нэг удаагийн буцалтгүй тусламжийн талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцаж, хэлэлцсэн. Буцалтгүй тусламжийг сахилга, хариуцлага, үр дүнгийн урамшуулал хэлбэрээр олгохоор болсон. Багш, төрийн албан хаагч, эмч нарын ажлын үр дүнг дүгнэх журам бий. Тиймээс энэ журмын дагуу үр дүнтэй холбох байдлаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгаж, оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламж гэсэн нэрийг “сахилга, хариуцлага, үр дүнгийн урамшуулал” гэсэн нэр томьёогоор нэрлэе” гэсэн юм.Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ нөхөн олговрыг олгох талаар тал бүрээс нь ярьсан. Урамшуулал гэхээр татвар төлөх учраас нөхөн олговор, буцалтгүй тусламж гэдгээр явсан нь дээр байх гэж бодож байна. Гэхдээ анхны хэлэлцүүлэг учраас дараагийн хэлэлцүүлэгт энэ асуудлыг ярьж болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.