ОБЕГ 10 хүний цогцос олжээ


Өнөөдөр 15 цагаас ОБЕГ-аас нургангид дарагдсан уулчдын талар шуурхай мэдээлэл хийсэн. Тодруулбал 17 уулчны долоог нь амиа алдсан байдалтай олсон хэмээж байв. Дөнгөж сая дахин мэдээлэл хийлээ. Улмаар амиа алдсан уулчдын тоо 10 болсон гэдгийг хэллээ. 

-АМИА АЛДСАН УУЛЧДЫН ТОО АРАВ БОЛЛОО-

ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ “15:45 минутад дахин гурван иргэнийг нас барсан байдалтай олсон. Ингээд 17 иргэний 10-ийг нь амиа алдсан байдалтай олоод байна. Газар дээр ажиллаж байгаа онцгой байдлын штабаас аврагчдыг 17 цагт уулнаас буух үүрэг чиглэл өгсөний дагуу аврагчид уулнаас буусан. Тэнд маш их салхи шуургатай, цаг агаар хүйтэн байна гэсэн мэдээлэл ирж байна. Гэгээтэйд аврагчидаа буулгахгүй бол тэнд ажиллаж байгаа аврагчдын амь насанд бас эрсдэлтэй.

3200 метрээс эхлэн анхны иргэний цогцосыг олсон. Сүүлийн гурван иргэний цогцосыг 3450 метрийн өндрөөс олсон байна.  Отгонтэнгэр уул далайн түвшинээс дээш 4008 метрт оршдог. Тэгэхээр ямар өндрөөс энэ хүмүүс осолдсон бэ гэдэг нь ойлгомжтой байгаа байх.  Маш их хэмжээний цастай, хад, нурангитай байна. Эсэн мэнд байгаа иргэдийн өгсөн мэдээллээр өмнө явж байсан хоёр бүлэг их дуу чимээ арч нурангид автаж хавцал руу нурсан. Сүүлд байсан хүмүүс маш болгоомжтой мөлхөх шахам явсаар буусан гэж хэлж байна.

Тэд анх Отгонтэнгэр уулын Бадар хундага талаасаа авиралт хийсэн. Буухдаа өөр замаар хавцал тал руугаа буусан юм байна. Тиймээс амь эрсэдсэн хоёр бүлэг уулчид хавцал руу унасаны улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт хийгээд байна. Энэ асуудалд иргэдээс гадна төрийн болон олон улсын байгууллагууд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Хүн бүрийн анхаарал хандуулсан байна. Энэ үед сөрөг худал мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байна.

Тухайлбал зарим  сайтад янз бүрийн уулнаас унасан жуулчид, уулчидын зураг оруулсан мэдээлэл бичсэн байна. Цочирдсон иргэд энэ зургийг харж цочирдож байна. Онцгой байдлынхан ийм зураг авсан байдлаар олон нийт ойлгож байна. Мөн “17 иргэн бүгд нас барсан харамсалтай мэдээ байна” гэсэн мэдээлэл маш их тарж байна. Олон хүн Онцгой байдлын алба руу утасдаж байна. Тиймээс сэтгэл санааны хямралтай байгаа иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэхийг сэтгүүлчид та бүхнээс хүсье. Амьд хүн олно л гэж найдаж бид эрэн хайх аврах ажиллагаа явуулж байна. Өнөөдөр өглөө тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун байсан учраас 6:20 минутад эрэл эхэлсэн. Маргааш өглөө бас яг энэ цагтаа эрлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.” гэлээ.