”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ


Төр өөрийн эзэмшилд байгаа компаниудаа зарах нь зөв. Төр хувийн хэвшилүүдтэйгээ зах зээлээ хуваагаад байвал эдийн засаг сайжрахгүй гэх нэгэн байхад төр ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээ хувьд өгөх нь буруу. Алдагдал хүлээгээгүй л бол төр тэндээсээ ашгаа хүртээд өөрийн мэдэлдээ байлгах нь алсын хараатай бодлого болно гэж ярих хүмүүс ч байдаг. Өнгөрсөн хугацаанд хувьчлал нэрийн цаана ямар том булхай, луйвар явагддагийг олон жишээ харуулсан. Өмчийг нь үнэгүйдүүлж, үйлчилгээг нь сулруулж, ажилчдыг нь халж бүр цаашлаад үйл ажиллагааг нь тэс өөр болгосон тохиолдлууд ч бий.  Хэдхэн хоногийн өмнө Төрийн өмчийн хорооноос "Оргил рашаан сувилал" дуудлага худалдаагаар хувьчлагдсаныг зарлав. Ингэхдээ зарлагдсан үнийг нь гурван тэрбум төгрөгөөр өсгөж худалдаж авсаныг тодотгожээ. Сувиллыг хувьчлах асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, улс төрчдийн халаасанд орох гэж байна хэмээн хардаж, ажилчид нь барилга, газар нь нэгээрээ ор танихгүй хүний мэдэлд орж байгааг сануулсаар өдийг хүрсэн. Тэгвэл хотын төвд байдаг тус сувилал Д.Ганбат гэж хүний мэдэлд оржээ. Ингээд хувьчлал хэрхэн явагдсан, хэн гэдэг хүний өмч болсон хийгээд "Оргил рашаан сувилал"-ыг тойрсон газрын асуудлыг хөндөж байна.  

"Оргил рашаан сувилал"-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ

 

Компанийнхаа нэрээр бус өөрийн нэрээр дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулсан Д.Ганбат гэх иргэн олны сонирхолыг татаад буй. 15 тэрбум төгрөг зарж, улсын томоохон сувиллыг өөрийн болгосон түүний хөрөнгийн эх үүсвэр юу вэ. Тэр их мөнгийг ээж ааваасаа өвлөж аваагүй л бол түүнд нэг байтугай нэлээд хэдэн компани байх учиртай. Албан бус эх сурвалжийн мэдээгээр түүнийг стратегийн чухал орд газарт тооцогддог Төмөртэйн овооны цайрын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Металлимпекс” ХХК -ийн ерөнхий захирал Д.Ганбат гэх. Д.Ганбат уул уурхай, зам, барилга зэрэг хэд хэдэн салбарт бизнес эрхэлдэг нэгэн. Тухайлбал Сүхбаатар аймаг дахь Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийг 100.0 мянган ам долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж 1998 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа. “Цайрт Минерал”-ын 51 хувийг хятадууд, 49 хувийг иргэн Д.Ганбат дангаараа эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Мөн тус компани жилдээ 350-400 мянган тонн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70 мянга орчим тонн цайрын баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг гэнэ.