Х.Баттулга: Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна. Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж  гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.