УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХОМ-тээ бүртгэлгүй компанийг нөхөртөө авч өгсөн гэв үү


“УИХ-ын гишүүн Б.Ундармаа, түүний нөхөр болох Капитал банкны захирал А.Ариунболд нар өөрийн ХОМ-т тусгагдаагүй аж ахуйн нэгжийг бусдаас нэхэмжилжээ. Үүнд нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нар холбоотой. Эдгээр хүмүүс албан тушаал эрх мэдлээ ашиглан авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ зам ХХК”-ийг хувьцаа эзэмшигчдэд нь мэдэгдэлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ" гэсэн мэдээлэл түгээд хэд хонож байна.

Мэдээллийг хөвөрдвөл Капитал банкны захирал А.Ариунболд нь энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэ зам ХХК”-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас асуудал эхэлсэн бололтой. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийнх нь ямар нэг зөвшөөрөлгүйгээр компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Ингэхдээ тус компанийн 100 хувь хувьцааг эзэмшигчийн гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, хуулийн шаардлага хангахгүй баримт материалын бүрдүүлэлт хийсэн гэдгийг “Эрдэнэ зам” компанийнхан өгүүлдэг.

Хэрвээ энэ хэрэг үнэн байгаад бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын босго, шалгуурыг хэрхэн давсан бэ гэх асуулт зүй ёсоор тавигдана. Үүнийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар найз, нөхөд учраас өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэ зам” компанийн гэрчилгээг төвөггүйхэн шинэчлэн гаргасан гэж хардаж байгаа аж. Зарим хэвлэлд өгүүлснээр, ийм процесс болсон нь цагдаа болон АТГ-ын шалгалтаар тогтоогдсон гэсэн нь ч бий.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэр бүлийн хүн болох “Капитал банкны” захирал А.Ариунболд нь 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн “Эрдэнэ зам” ХХК-ийг “Капитал банк”-нд их хэмжээний зээлийн өр төлбөртэй хэмээгээд, тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хямдаар үнэлэн, өрийн оронд тооцон авах гэснийг өгүүлэх хүн ч байна.

Улмаар Капитал банкны захирал А.Ариунболд энэ оны хоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан байдаг аж. Ингэхдээ “Эрдэнэ зам” ХХК-ийн одоогийн захирлыг залилан мэхлэх аргаар эд хөрөнгийг нь авахыг санаархсан хэмээн гомдол мэдүүлсэн гэдэг мэдээллийг албан бус эх сурвалжууд өгөв. Тухайн гомдолтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурорын байгууллагад тайлбар мэдээлэл өгч байсан гэх.

Гэтэл дээрх асуудлыг шалгаж буй цагдаа болон АТГ-ынхны шалгалтын явцад Б.Ундармаа тэргүүтэй “Бишрэлт” группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулан авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл бий болсон аж.

Түүнчлэн Капитал банкны захирал А.Ариунболд нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ оны зургадугаар сарын 30-ны өдөр хандан, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нэрээр  “Эрдэнэ зам” ХХК-аас 8.1 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.

Энэ талаар “Эрдэнэ зам” ХХК-иас тодруулахад “Энэхүү 8.1 тэрбум төгрөг нь 2013-2016 оны хооронд “Эрдэнэ зам” ХХК-ийн Капитал банкин дахь дансыг ашиглан зээл авсан мэтээр хий бичилт хийсэн. Харин Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас авсан лавлагаагаар “Эрдэнэ зам” ХХК-ийн “Капитал банк”-аас авсан гэх 8.1 тэрбум төгрөг нь төлөгдсөн мөнгө нэхэмжлэн өргөдөл гаргасан нь тухайн маргааныг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон мөн “Эрдэнэ зам” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээс авсан тайлбараар 2016 оны дөрөвдүгээр сарын 15-наас хууль ёсны дагуу “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа, харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр болох Капитал банкны захиралА.Ариунболд 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр хуурамчаар гэрчилгээ гаргуулан авсан байна. Энэ асуудлаар 2017 оны есдүгээр сараас эхлэн захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан,  шүүхийн шатанд явж байгаа” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа болон асуудлын талаархи мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тайлбар авахыг хүссэн боловч тэрээр эргээд мэдээлэл өгнө гээд тайлбар хийсэнгүй.