МАН-ын том бүлэглэлүүд задарлаа


Парламентад анх удаа сонгогдсон Д.Тогтохсүрэн гишүүн “Манай нам цөөнх байх үед хандив их өгсөн хүмүүсээ нэгдүгээр эгнээнд аваачиж оруулаад, сайд өгчихсөн. Ингэж тохироогоор төрийн албыг бүрдүүлдгээ л одоо болих хэрэгтэй” гэж надад өгсөн нэг ярилцлагадаа дурдаж байв. Үнэхээр ч шинээр сонгогдсон гишүүний гэнэн, сэргэг үг өөрөө өмнөх парламентын өнгө төрхийг тодорхойлчихсон мэт.Тухайн үед сайд нарын томилгоо, дэд сайдуудын санал хураалт МАН-ын Удирдах зөвлөл дээр яригдсан нэртэй л өнгөрсөн. Үнэн хэрэгтээ бол МАН-ын дарга М.Энхболдын “Энэ хүнийг бодлогоор дэмжинэ гэсэн ганц өгүүлбэрээр санал хураалтууд хайрцаглагдаж, томилгоо явагдсан байдаг. Тиймдээ ч Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг танхимынхаа ганц сайдыг дур мэдэн, томилж чадаагүй гэх нэр зүүсгэлийг намынхан нь өгдөг билээ.Ингэж цөөн хэдхэн бүлэглэлийн төлөө гаргасан нэг хүний шийдвэр эргээд ямар том эсэргүүцэлтэй тулгардгийг эрх баригч намын сүүүлийн хэдэн саруудад өрнөсөн дотоод тэмцлээс харж болно.Улс төр, эдийн засаг, бизнесийн салбар дамнасан том эрх ашгуудын төлөөх тоймгүй олон томилгоо явагдсан. Хамгийн гол нь нэг жил гаруйхан хугацааны дараа тэд задран уналаа. Мөнгөө төлсөн хэдий ч “хөгжмөө хангалттай сонсож чадаагүй” гомдогсдын арми дахин шинээр үүсч буйн нэг хэлбэр юм.МАН-ын хагарлыг өнгөн талаас нь харахад У.Хүрэлсүх, М.Энхболд нарын дайн мэт боловч мөрөөдсөөр явж, арайхийж бүрдүүлсэн сууриа нураахгүйн төлөөх том бүлэглэлүүдийн эрх ашиг явж байлаа. Алдарт “60 тэрбум”-ын схемээр төрийн албаны томилгоо хийгдсэн гэж төсөөлөхөд л тэд хичнээн төгрөг босгож, Ерөнхийлөгчийн сонгуулиар цацав. Нөгөө талд мөнгөө төлөөд төрийн албанд ороод ирчихсэн хүмүүс эрх мэдлээ шуудхан өгчихгүй.Оруулсан мөнгөө эсэн мэнд эргүүлэн нугалж авахын төлөө улайран зүтгэх нь ч аргагүй юм. Төрийн алба, хурган даргаас өөр ажил хийж чадахаа больчихсон. Амьдралаа ийм ертөнцгүйгээр төсөөлж ч чаддаггүй хэдэн арван мянган залуус, улс төрийн хүрээний гэх томчууд ч манайд бий болчихоод байна. Тэд нам нь ялвал төрийн албанд хар нүдээ хуулж өгөхөөс наагуур юм болж байж орж ирнэ. Нам нь ялагдвал өөрсдийнх нь нэрлэдгээр дөрвөн жил лааз өшиглөнө.Ямар ч дархлаагүй, амьдралын идэвхигүй, мөнгө олох аргаа төрийн алба л гэж хардаг ийм давалгаалсан үе өөрөө улс төрийн намуудад ашигтай тусч, бүлэглэлүүд мөнгөжих, хүрээгээ илүү лавшруулан тэлэх боломж олгож байгаа юм.Хаа очиж АН сонгуульд ялагдсаныхаа дараа хэлбэр төдийгөөр фракциудаа задалж, дүрмээрээ энгийн гишүүдийнхээ эрхийг өргөж өглөө. Ингэснээрээ хүчтэй лидерүүд нь шууд эрх ашгаа тулгадаг байдал харьцангуй хумигдсан.Харин МАН энэ замааас тэс өөр зүгт улам шунган хурдалсан учраас “60 тэрбум”-ын схем хүссэн хүсээгүй биелэх замаа өөрөө олчихсон ч гэж болно. Нэгээс нөгөө дээрээ дөрөөлсөн асар олон хүний эрх ашиг төрийн албанд яваа учраас том бүлэглэлүүд ч хүчтэй байв. Гэвч  идээ бээр нь багтаж шингэхээ больж, МАН-ын бүлэглэлүүд ямар ч байсан задарлаа. Гол нь У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч, бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчилтэй хүсэлтүүдэд хаалгаа хааж хэвшээсэй. Хүчтэй имиж, ил шулуухан ярианыхаа темпинд найдалгүй, бүлэглэлүүдийнхээ эсрэг, ард түмнийхээ төлөө ажиллаасай. Хайрцаг саванд аваачиж, өөрийг нь хийчихээд цөөн хэдхэн эрх ашгийн зөрчилтэй хүмүүсээ уулзуулдаг “хорлогч” төрлийн ойрын хүмүүсээ ялгаж таниасай. Алхмаа зөв харж, урагшаа яваасай гэх хүлээлт дүүрэн байна.