Сайд нарыг ӨНӨӨДӨР томилно


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг сайдаар томилохоос татгалзсантай холбогдуулан өчигдөр 32-ын бүлэг дотооддоо зөвшилцсөн билээ. Тэд Шадар сайдад Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр болж, Н.Энхболд, Б.Баатарбилэг нарын нэгийг Батлан хамгаалахын сайд дэвшүүлэх асуудлаар удтал ярилцсан юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдыг 32-ын бүлгийн нэр  бүхий гишүүд“Намын даргад өрсөлдөж, биднийг задлах ажилд та оролцсон. Гэтэл өчигдөрхөн нэр дэвшихгүй гэсэн мөртлөө өнөөдөр сайд болох гээд зүтгээд байх юм. Та энэ үйлдлээ тайлбарлаач. Бид таныг дэмжихгүй байна”гэсэн байна. Харин Н.Энхболд гишүүн “Надад тайлбарлаад байх зүйл байхгүй” гэснээр Ё.Баатарбилэг гишүүн нэрээ татсан байна. Н.Энхболд гишүүнийг Ж.Мөнхбат, Б.Цэрэнбат нарын залуу гишүүд нь шууд дэмжсэн тул Ё.Баатарбилэг гишүүн санал хураалтаас өмнө нэрээ татсан нь энэ юм. Улмаар Б.Саранчимэг гишүүн “Та нар ямар ч өрсөлдөгчгүй байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг Н.Цэрэнбат өгчихлөө. Би өрсөлдмөөр байна” гэсэн байр суурь ч илэрхийлжээ. Нэгэнт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Н.Цэрэнбатыг Батлан хамгаалах яамнаас шилжүүлж, БОАЖ-ын сайдад нэрийг нь дэвшүүлэхээ илэрхийлсэн тул 32-ын бүлэг дотор дахин санал хураалт явуулах шаардлагагүй гэж олонхиор үзсэн байна. Харин Х.Баделхан гишүүнийг Барилга хот байгуулалт дээр нэрийг нь хэвээр үлдээж буй юм. Ингэснээр 32-ын бүлэг Ерөнхий сайдад өчигдөр сайдад нэр дэвших хоёр хүнийхээ нэрийг хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 09:00 цагт хуралдаж, үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар хүлээгдэж буй юм. Бүлгээр хэлэлцсэний дараа  УИХ-р өргөн мэдүүлж, өнөөдөртөө чуулганаар томилгоог явуулах чигтэй байна.

Сайд нарын нэрийг эцсийн хувилбараар нь танилцуулж байна.

-М.ЭНХБОЛДЫН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР-

1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

3. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

-У.ХҮРЭЛСҮХИЙН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР-

1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл