“Салаавч” Ц.Баярцогтын алтны хэрэгт Ж.Эрдэнэбат сайд оролцоотой гэв үү


Энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Төв шуудангийн уулзвар орчимд “Land cruser 200” маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, автомашиныг зогсоож, жолоочийн баримт бичгийг шалгах үед тухайн машинд зорчиж явсан иргэн Ц.Баярцогт төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан зөрчил гаргасан билээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад, Ц.Баярцогтийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн билээ. Прокурорын дүгнэлтийн дагуу замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа Ц.Отгонбаатар руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хурлаас Ц.Баярцогтод оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон юм. Энэ талаар Прокурорын байгууллагаас “Шүүхийн захирамжаар Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосноор прокуророос тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж бүрдэж байна” хэмээн тайлбарлав. Энэхүү шүүхийн шийдвэр иргэдийн дургүйцлийг төрүүлсэн юм.

-Ц.БАЯРЦОГТ 160 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ БУСДААС ЗАЛИЛЖЭЭ-

Өчигдөр Ц.Баярцогт танхайрсан хэргээр шүүгдсэн бол өнөөдөр хууль бусаар алт олборлосон болон залилан үйлдсэн гэх хэргүүдээр дахин шүүгдэх гэж байна. Тодруулбал, түүнд холбогдох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны аманд хууль бусаар алт олборлосон, 160 гаруй сая төгрөг бусдаас залилсан хэргийг өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм.Түүний шүүгдэх болсон хэргийн учир шалтгааныг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн нутаг, Ерөөгийн байгалийн цогцолбор газарт хууль бусаар алт олборлосон хэрэгт “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогтыг шалгажээ. Тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр Хуст нарийны голд алт олборлосноос болж гол ширгэн, ухсан нүхэнд нь мал унаж үхэх болсон байна. Ц.Баярцогт нь иргэн Д.Батбаярт “Лицензтэй талбай байгаа” гэж итгүүлэн, 115 сая төгрөг залилан мэхэлж авсан байдаг аж.Иргэн Д.Батбаяр цагдаад Ц.Баярцогтод залилуулчихлаа гэх утга бүхий өргөдөл өгчээ. Мөрдөн байцаалтаар Ц.Баярцогт иргэн Д.Батбаяраас ашиглалтын лицензийн талбайтай хэмээн итгүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэсэн байна. Д.Батбаяр өөрийнхөө болон ах, дүү хамаатан садныхаа орон сууцыг барьцаалан “Баян суут” компани руу 115 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.Гэтэл тус компани хууль бус аргаар алт олборлож байгаа нь тогтоогдож, гаргасан мөнгөө авах гэсэн боловч чадаагүй байна. Арга буюу цагдаад хандаж шалгуулжээ. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа сольсон аж.Мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан хэргийг Нийслэлийн прокурорын газрын Нямдорж, Сандагсүрэн нар хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Бүр хавтаст хэргийг нь архивт хийчихсэн байна. Үүнээс болоод иргэн Д.Батбаяр “Миний үхэлд Нийслэлийн прокурорын Сандагсүрэн, Нямдорж нар буруутай” гэсэн гэрээслэл бичиж амиа хорлох оролдлого хийж, судсаа ханасан байна.Энэ хэрэгтэй холбоотойгоор хэрэгсэхгүй болсон дээрх хэргийг Прокурорын байгууллагаас дахин сэргээж, Эрүүгийн хуулийн 148.4, 214.2-т заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.

-Ж.ЭРДЭНЭБАТ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАЙХДАА ТҮҮНД 
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ-

2012-2015 оны хооронд Ц.Баярцогт Монголын нэг гол, бүтэн уулын ойг сүйтгэжээ. Энэ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын "Хуст нарийний ам" хэмээх нэртэй газар билээ. Хусан ой, уулаараа шинэстэй, гол урссан даан ч үзэсгэлэнт хангай байсан ч Ц.Баярцогт энэ ойг голтой юутай нь бульдозероор түрэн ухаж, алт олборлосноос устаж үгүй болсон аж.Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монгол Улсын Ерөнхий сайдаар нэг жил орчим ажиллаад, одоо суудлаа өгөх гэж буй Ж.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашиглан хууль бус шийдвэр гаргаж, 2013 онд Ц.Баярцогтод хууль бусаар алт олборлох эрх өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгасан байна. Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дөтлүүрийн ам гэх газарт Ц.Баярцогтын компаниар нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр алт ухуулсан байна. Дээрх хэргийг хэрэгсэхгүй болсон байсныг мөн л сэргээн шалгаж дээрх хэрэгтэй нэгтгэн шүүх юм байна. Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг шүүх хуралд яллагдагчаар оролцуулах шийдвэр гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Тэрбээр оролцох эсэх нь эргэлзээтэй.