Монголчууд намрын улиралд адуугаа тамгалдаг уламжлалт зан үйлтэй. Одоо ч хөдөөгүүр тамганы найр ид болж буй. Монгол адуу, адууны тамга хоёр нүүдэлчин монголчуудын амьдралд, уламжлалд, зан заншилд маш том байр суурь эзэлдэг. Чингисийн эзэнт гүрнээс эдүгээ хүртэлх монгол үндэстэнд монгол адуу ямар үүрэг гүйцэтгэснийг эртний сурвалжит ном зохиолд тэмдэглэснээс эхлээд бидний аж амьдрал ч бэлэхнээ харуулна. Тэгвэл Монгол төрийн сүлдэндээ залсан морь тамгалах ёсон үүнээс ч дутахгүй үнэ цэнэ, гээж болохгүй уламжлалтай байдаг. Ингэж хэлэхийн учир дэлхийг туурайгаараа тамгалсан монгол адууг автомашины логогоор тамгалдаг адуучидтай болсныг саяхан олж харлаа. Бүр азарга, азарга адуугаа “тоёото”, “лексус”-ын логогоор сольчихоод таахалзаж байгаа адуучид байна, хөдөө талд. Нүүдэлчин монголчууд үе удмаараа уламжилж ирсэн тамгыг хэн дуртай нь унадаг машиныхаа логогоор сольж болдог болжээ? МАЛЫН ТАМГА МЭӨ 1000 ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХТЭЙ. Мал тамгалах ёсон монгол үндэстний хувьд их эртний уламжлал аж.
Бүр тодруулбал, МЭӨ 1000 жилийн өмнөөс мал сүргээ тамгалж ирсэн гэж МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурийн судалгаанд дурджээ. Түүний судалгаанд “Монголын олон ястан өөр, өөрсдийн тамга хэрэглэж иржээ. Тухайлбал, өөлдүүд гал тамга, Алтайн урианхайчууд нуман тамга, захчингууд дэгрээ тамга, дөрвөдүүд саран тамгаараа бусдаас ялгарч байж. Олон үндэстнийг тамгаар нь ялгаж, Гал тамгатай өөлдүүд, Ганзага имтэй өөлдүүд, Галдан бошготын өөлдүүд гэх мэтээр хэлдэг байж” гэсэн нь анхаарал татаж байв. Бусдын мал сүргээс өөрийнхийгөө ялгах таних тэмдэг нь тамга, им болох учиртай ч энэ нь зөвхөн өнгөц ойлголт юмсанж. Монгол үндэстэн дотроо ястан, угсаатнаар ялгарах гол эх сурвалж нь малын тамга ажээ. Тийм ч учраас адуучид унага тамгалах найр хийдэг, тамгатай холбоотой ёс цээр ч олон байдаг юм байна. ЯПОН МАШИНЫ ЛОГОГООР “ГАНГАРСАН” БАЯН, ЭРДЭНЭЧҮҮД Харамсалтай нь сүүлийн үед бусдаас ялгарах, онцгойрох шинэ тамгатай болох хүсэлтээр тамга урлаач нарт хандах хүмүүс олшрох болжээ. Энэ нь тэдний мал тамгалах ёсны талаарх ойлголт муу байгаатай холбоотой. Дээрээс нь энэ талаарх ном зохиол, судалгааны материал ч хомс байдаг аж. Тамгатай холбоотой сүүлийн үеийнх битгий хэл гарын арван хуруунд багтах төдий судалгааны ном зохиол байдаг юм байна. Тэдгээр нь 10, 20 жилийн өмнөх. Хөдөөд ч адил. Үе уламжлалаа сахидаг өвгөчүүл л өөрсдийн овог аймгийн тамгыг хэрэглэсээр, түүнийгээ үр хүүхдүүддээ үлдээж байна. Тэд голдуу холын аймгийн малчид байгаа юм. Харин хот хүрээ тойрсон адуу сонирхдог залуус голдуу өнгө үзэмж, хэлбэр хөөн монгол адуу, адуу тамгалах ёсыг умартаж байгаа жишээ хотоос гараад л байна. Төв аймгийн Баян, Эрдэнэ сумын малчдын адуу “мерседес”, “лексус”, “тоёото” машины логогоор ингэж “гангарчихаад” байна.
PAPARATSI.MN
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна