Зүүн эргэхийг хориглосон шийдвэл цуцлагдлаа


8-р сарын 15-наас эхлэн Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхлээд ес хонож байна. Тодруулбал, баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй гэсэн үг юм.  Ингэхдээ  Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой. Энэхүү замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газар, Засаг даргын тамгын газар зэрэг  холбогдох байгууллагууд жилийн өмнөөс судалгаа тооцоолол хийж улмаар хэрэгжүүлэхэд хүргэжээ. Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварын нэг уулзварт цагт 4000-4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг  байна. Тэгвэл энэ зохицуулалтыг хийснээр нэг уулзвар дээр цагт 5000-6000 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх боломжтой гэх судалгааг гаргасан байна.  

 

Ингэснээр ганцхан Энхтайвны өргөн чөлөө гэлтгүй нийслэл хотын авто замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж тооцоолсон байдаг. Мөн Төв шуудангийн уулзварт цагт 4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол дээрх зохицуулалтаар 5800 тээврийн хэрэгсэл зорчиж, тээврийн хэрэгслийн гэрлэн дохион дээрх хүлээлтийн хугацаа 120 секунд байдаг бол 80 секунд болж, 43 хувиар багасна гэсэн судалгааг гаргажээ.  Гэвч хэрэгжиж эхэлсэн энэ өдрөөс эхлэн жолооч болон иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа учир "Иргэдээсээ асууж, илүү боловсронгүй болгох" үүргийг Ерөнхий сайд өгөөд байсан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрээ цуцалсан болохыг дөнгөж сая мэдэгдлээ.  

 

 

PAPARATSI.MN