Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэгтэй уулзлаа.
-Та УИХ-ын сонгуулиас нам жим байж байгаад саяхан Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилогдлоо. Ямар бодлого баримталж яаж ажиллая гэж төлөвлөж байгаа вэ?
-Ерөнхийлөгч албан бус зөвлөхөөрөө томилохдоо нэг зарчмыг баримталсан гэж бодож байгаа. Юу вэ гэвэл тухайн салбарынхаа асуудлыг мэддэг хүмүүсийг сонгож ажиллуулах зарчим. Энэ утгаараа 27 жил эмийн салбарт ажилласан намайг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлийн зөвлөхөөрөө сонголоо. Дээрээс нь би УИХ-ын гишүүн байхдаа хүнсний аюулгүй байдлын чиглэлээр олон ажил санаачлан хийсэн. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байхдаа Органик хүнсний бүтээгдэхүүний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Малын генетикийн хуулиудын ажлын хэсгийг ахалж батлуулж байлаа. Энэ утгаараа намайг зөвлөхөө болгосон болов уу. Ерөнхийлөгчийн хувьд ирэх дөрвөн жилд эдийн засгийг сайжруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллана. Угаасаа сонгуульд өрсөлдөхдөө ч гэсэн ийм бодлого баримталж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байдаг. Би Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр дээр гардаж ажилласны хувьд энэ тал дээр баримтлах бодлогыг дэмжиж байгаа. Юуны түрүүнд барьж авч буй сэдэв бол хүнсний аюулгүй байдал. Яагаад бид энэ талаар ярих болсон бэ гэвэл монгол хүн өнөөдөр өөрсдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ эх орондоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой болчихсон. Бидний хэрэглэдэг, стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох махыг дотоодоосоо бүрэн хэрэглэж чадаж байгаа. Хоёр дахь бүтээгдэхүүн буюу сүү, цагаан идээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Одоогоор 60-70 хувьтай хангаж байна. Угтаа бол бид гадаадаас авалгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бий. Ус, ундаа, хүнсний ногоог ч гэсэн зуун хувь хангах боломжтой.
-Хэдийгээр дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангах боломжтой гэж ярьдаг ч экспортын бүтээгдэхүүн орж ирсээр байдаг. Наад захын хүнсний ногоонууд Эрээнээс орж ирдгийг зохицуулах уу?
-Хүнсний ногооны 60-70 хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэнийг нь хоёр хөршөөсөө авч байгаа. Жимс, жимсгэнийг ч гэсэн ялгаагүй. Гэтэл хүнсний ногоогоо бид дотоодоосоо хангах боломжтой юу гэвэл боломжтой. Үйлдвэрлэгчид юу хүсээд байна, түүхий эд бэлтгэгчдэд ямар бэрхшээл зовлон байна вэ гэдгийг хөндөж эхэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн санаа нь өнөөдөр Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихөд банкнаас 20 гаруй хувийн хүүтэй арилжааны зээл авч байгаа. Ингэж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж байхгүй. Ихэнх улс орон үйлдвэрлэл хөгжүүлэхдээ маш бага хүүтэй зээл олгодог. Бас тодорхой бүтээгдэхүүнийг улс нь худалдаж авдаг. Хүнсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаардаг Япон, Солонгос зэрэг улсууд тариаланчдынхаа тарьсан будааг худалдаж аваад ард иргэддээ хүргэх ажлыг зохион байгуулдаг байх жишээтэй. Ингэж хүнсний аюулгүй байдлаа хангаж, хянаж чаддаг. Гэтэл бид төрөөс ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй мөртлөө хүнсний аюулгүй байдал гэж ярихад хэцүү.
-Тэгж ярихын тулд үйлдвэрлэгч нарыг нэн түрүүнд яаж дэмжих ёстой гэж?
-Банкны зээлээсээ л эхлэх хэрэгтэй. Хоёрдугаарт хүнсний ногоон дээр гаалийн татвар яригдаж байна. Өндгөн дээр бас гаалийн татвар ярьж байгаа. Хажууд байгаа ОХУ-аас ямар бордоо хэрэглэсэн нь үл мэдэгдэх хямд өндөг орж ирдэг. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид гадны өндөгнөөс илүү үнээр худалдаалбал дампуурна. Тиймээс гаалийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндмөөр байгаа юм. Мөн хүнсний ногооны гаалийн татварыг нэмэгдүүлэх ёстой. Ер нь бид хүнсний аюулгүй байдлын тухай чуулган зохион байгуулахаасаа өмнө нэлээн хэдэн судалгаа хийсэн. Хүнсний захуудаар мөн явсан. Өнөөдөр хөдөө орон нутгийнхан хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн Нарантуул зах дээрээс худалдан авч байгаа. Гэтэл тэнд хүнсний бүтээгдэхүүнийг яаж хадгалдаг билээ. 20 тоннын контейнр дотор халуун хүйтний хэмжүүргүйгээр, задгай нөхцөлд хадгалж, зарж байна. Ямар ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр аймаг, орон нутагт хүргэж байгаа. Ийм байхад хүнсний аюулгүй байдлын талаар ярихад хэцүү л дээ. Ядаж л агуулах сав нь олон улсын стандартад нийцсэн байх хэрэгтэй. Үүнийг төр засгийн зүгээс яаж анхаарах ёстой вэ гэдэгт анхаарч ажиллах юм. Тиймээс бид есдүгээр сарын 12-нд үндэсний хэмжээний чуулган зохион байгуулна.
-Өнгөрсөн Засгийн газрын үед ч тэр, одоо ч тэр мах экспортлох тухай ярьж байна. Гэтэл энэ ажил өнөөдрийг хүртэл дорвитой хэрэгжихгүй юм. Ерөнхийлөгч үүнд яаж анхаарах вэ?
-Энэ асуудлыг олон жил ярьж байгаа нь үнэн. Одоогийн байдлаар Иран, Вьетнам, ОХУ руу бага зэргийн мах гаргаад эхэлчихсэн. Гэлээ гэхдээ бүрэн хэмжээнд болтлоо хөгжиж чадахгүй байна. Тэгэхээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийхээр зорьсон ажил нь махны экспортыг нэмэгдүүлэх болчихсон. Ингэхээр мөн л махны үйлдвэрүүдийг хэрхэн дэмжих вэ гэж яригдаж эхэлнэ. Хамгийн гол нь бид махаа гулуузаар нь гаргах уу, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох уу гэх асуудал. Худалдаж авах гэж буй орнуудтайгаа ямар хэлэлцээр хийх вэ гэдэг чухал асуудал болчихсон.
-Үйлдвэрлэгч нарыг дэмжинэ гээд байгаа Дэмжлэгээ хэзээнээс эхлүүлэх юм бэ. Тухайлбал, банкны зээлийг яаж бууруулах вэ?
-Ерөнхийлөгч намайг албан бус зөвлөхөөрөө сонгоод энэ асуудлыг хариуцуулахдаа хэлсэн гол санаа нь дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжье, Засгийн газрыг шахаж үйлдвэрлэгч нартаа ээлтэй байлгая гэсэн. Зүгээр нэг яриад өнгөрөх биш араас нь хөөцөлдөж ажил хэрэг болгоё гэж яриад байгаа.
-Та өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш их л чимээгүй байлаа. Юу хийж байв?
-Би ард түмний итгэлийг хүлээж УИХ-д сонгогдохоосоо өмнө хувийн хэвшилд ажиллаж байсан. Энэ салбарын хүн. Тодорхой хугацаанд ард түмнийхээ төлөө ажиллалаа. Сонгуульд ялагдаад буцаад очих газар маань хувийн хэвшил. Тэндээ ажилласан. Компанийнхаа ажлыг хийлээ. Монгол Улсад хамгийн анхны бүрэн автоматжуулсан нэг га хүлэмжийг оруулж ирсэн. Сонгуулиас хойш хийсэн гол ажил маань тэр байлаа.
-Сонгуулийн өмнөхөн ордонд байгаа бичлэгээ алдсанаас хойш та хэвлэлээр ярилцлага өгөөгүй байх. Бүтэн жилийн хугацаанд ямар дүгнэлт хийв?
-Ямар нэгэн дүгнэлт хийх шаардлага байгаагүй. Ард түмэн тэртээ тэргүй дүгнэлтээ хийгээд дүнгээ тавьчихсан. Тиймээс одоо надад хэлэх үг алга. Хүн өнгөрснийг биш урагшаа харж амьдрах ёстой. Энэ бол миний амьдралын зарчим. Хүн алдаа гаргаж болно, тэрийгээ давтах ёсгүй. Үр хүүхдэдээ ч ингэж хэлдэг юм. Алдаа гаргадаггүй хүн урагшаа явдаггүй л байх.
-Найз нөхөд, урвалт шарвалтыг та мэдэрсэн л байх даа?
-Би бол үүнд хэнийг ч буруутгадаггүй юм. Тэр бол цэвэр миний буруутай үйлдэл байсан.
-Та цаашид улстөрийн карьераа яаж төсөөлж байгаа вэ. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү?
-Одоо би Ерөнхийлөгчийн албан бус зөвлөхөөр ажиллаж байна. Өөрийн туршлага, мэдлэгт тулгуурлаад Ерөнхийлөгчид зөвлөөд явна. Тэрний дараа яахыг хэн ч урьдчилж мэдэхгүй шүү дээ.

2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ