О.Баасанхүү: М.Энхболд Н.Энхбаяраас айгаад зориггүй байдаг юм


УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

НЭГ: ТӨСӨВ, ОУВС-ГИЙН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ АСУУДЛУУД


 

-КИРИЛЛ ҮСГИЙН Щ, ДЭД САЙД ХОЁР ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙХГҮЙ-


-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн үр нөлөөний тухайд та юу хэлэх бэ?


-Монгол Улсын Засгийн газар 22 их наяд төгрөгийн өртэй. Бондын өрөө бондоор төллөө. Он гаруут “Чингис” бондын өрийг төлнө. Тэглээ ч ОУВС биднийг гуйгаагүй. Бид гуйсан. Гарцаагүй байдал өөрөө ийм байна. ОУВС биднийг орхиод гарлаа гэхэд бүр ч хэцүү байдал үүснэ. Бид урд хөршид 2 тэрбум ам.долларын своп хэлцлээ төлөх үүрэгтэй, үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар гурван жилээр сунгасан. Үүнээс тусдаа 3 тэрбум орчим ам.доллар нэн хөнгөлөлттэй нөхцлөөр гаднаас орж ирнэ. Яг үнэндээ одоогоор ганц гар сарвайж байгаа нь муулаад байгаа урд хөрш. Бусад орнууд ОУВС-тай хамтраагүй нөхцөлд “Та нарт өгч үзсэн. Одоо больё” гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс бидэнд ОУВС-г түшихээс өөр сонголт байхгүй. Өнөөдөр бодит байдал ийм байгаа учраас улс төржилтөө хоёрдугаарт тавьж, ажлаа эхний эгнээнд гаргах хэрэгтэй байна. Бид яаж өрнөөс гарах бэ гэдгээ хамгийн түрүүнд ярих учиртай. Үүний тулд эргээд ам.долларын ханш өссөн асуудлыг анхаарч үзэх нь маш чухал.

 

-Хөтөлбөрийн хяналтын хүрээнд ам.долларын ханшийг буулгах боломж үүснэ гэж та хараад байна уу?


-Зах зээл дээр байсан ам.долларыг тодорхой хүмүүс худалдаад авчихсан. Ингээд худалдаад авчихаар хомсдол үүсч, үнэ дагаад өссөн. Миний санаж байгаагаар ам.долларын ханш 1990-ээд оны үед 200 төгрөг байв. Дараа нь 400, 800, 1200 гэхчилэн өссөн. Нэг хэсэгтээ өсөлт тогтмол байснаа 1500 болоход бид гайхаж байлаа. Одоо 2400 болчихсон. Эргээд харахад, ам.долларын ханш 200-1500 төгрөг болтлоо олон жил болсон байхад гэнэт 2400 болоход маш богино хугацаа туулсан. Энэ бол зохион байгуулалттай өсгөсөн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, Монголбанк төгрөгийн үйлдвэрлэл хийгээд, тэр төгрөгөөр нь арилжааны банкууд ам.доллар худалдаад авчихсан. Ийм ноцтой байдал үүсчихсэн учраас ам.долларын ханш буурахгүй байна. Үүний хариуцлагыг бид одоо арилжааны банкуудтайгаа ярих цаг болсон.

 

baasanhuu

 

-Ханшийн зөрүүнээс үүдэж, иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт шууд байдлаар нөлөөлөл үзүүлж чадахгүй байна л даа?


-Д.Эрдэнэбат гишүүн АН-ын нарийн бичгийн дарга байхдаа “Ам.долларыг 1000 төгрөгт хүргэнэ. Би амалж байна” гэхэд олон нийт шоолж байлаа. Нээрээ үнэхээр зах зээлийнхээ жамаар бол ам.доллар 1000 төгрөгтэй тэнцэх боломжтой. Яагаад гэвэл, манайх гурван сая хүрэхгүй хүн амтай, хэрэглээ нь ямар билээ. Томоохон уул уурхайн компанийн борлуулалт бүгд ам.доллароор хийгдэж байна. Жишээлбэл, “Эрдэнэт”, Оюутолгойн ажилчдын цалинг аваад үз. Тухайн үед нэг ам.долларыг 1500 төгрөгөөр тооцож, 2 сая төгрөгийн цалин авч байж. Гэтэл ам.доллар өссөнтэй холбогдуулан 2 сая төгрөгийн цалинтай байсан ажилтан одоо 10 хувийн нэмэгдэл авч байна. Яг өнөөгийн ханшаар бол 2 сая төгрөг тань 1000 ам.доллар ч хүрэхгүй. Ингэхээр ажилчид 500 орчим ам.доллараар хохирч, компани хожоод байгаа юм. Учир нь тэд борлуулалтаа ам.доллараар хийж байна. Тийм учраас бид валютын ханшаа сулруулах бүхий л арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Ханш бага байж, бид эдийн засгийн засгийн сэргэлт рүү орно. Эдийн засаг ханш сулрахтай зэрэгцээд өснө. Түүнээс биш уул уурхайн бүтээгдэхүүний үнээс үүдсэн эдийн засгийн өсөлт бидний амьдралд өгөөжөө өгөхгүй. Ямар ч ялгаагүй. Тийм учраас ханшаа л буулгах хэрэгтэй.

-ОУВС “Хүүхдийн мөнгө”-ийг зогсоохгүй бол хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр сууринаас Засгийн газартай хэлэлцээр хийгээд буцлаа. Бүх хүүхдэд мөнгө олгосноор энэ хөтөлбөр зогсох хэмжээний өндөр эрсдэл үүсэх магадлал бий юу?

-Уг нь хүүхдийн мөнгө харьцангуй жижиг асуудал. Мэдээж хүүхдийн мөнгийг өгөх ёстой. Үүнийхээ төлөө бид Засгийн газраас илүү их хэмнэлт шаардах ёстой. Төсөв хэмнэх ажил орон нутгийн зардлаас л эхэлнэ. Манай Орхон аймгийн төсвийн эхний төсөөллөөр л гэхэд, зарим онц шаардлагатай бус газарт үерийн далан, соёлын төв барих саналууд орж ирээд, би тэдэнд улс орны эдийн засгийн байдлыг тайлбарлаад сууж байна. Үүний нэгэн адил нэн яаралтайгаар дэд сайд нарыг цомхотгох хэрэгтэй. Кирилл үсгийн Щ, дэд сайд хоёр шиг хэрэггүй юм байхгүй гэдэг, нээрээ үнэн байхгүй юу. Манай нэг дэд сайд Хойд Солонгост албан ажлаар очсоноо “Би намын ажлаа хиймээр байна. Ким Чен Унтай уулзъя” гэсэн байгаа юм. Ийм байж болох уу. Бас нэг нь Өмнөд Солонгост оччихоод албан уулзалтаа орхиод, дэлгүүр хэсч байх жишээтэй. Сая дэд сайд нар сонгуулиар яаж улс төржив. Энэ хүмүүсээ төсвийнхөө тодотголыг хэлэлцэх үеэр цомхотгох хэрэгтэй. УИХ-д 76 тойргоос сонгогдсон. Орон нутгийн төсвийн төсөөллүүдээ авч уншаад, эргүүлээд зарим асуудлаа тойрогтоо очиж тайлбарлах хэрэгтэй. Ингэж байж зардал илүү хэмнэгдсэн төсвийн тодотголын хууль УИХ-д орж ирэх боломж бүрдэнэ.

 

baasanhuu

 

-ЗАСГИЙН ГАЗАР ХУРДГҮЙ, ХҮЧГҮЙ, ЗОРИГГҮЙ БАЙНА-

 

-Төсөв дэх сул зардлуудаа хасахад хүүхдийн мөнгө олголтод асуудал үүсэхгүй гэж үү?

 

-Хэмнэлттэй төсөв батлагдаад явахад ОУВС хүүхдийн мөнгөө зогсоо гэж шууд тулгахгүй байх. Харин ч өгөхийг дэмжих учиртай. Асуудлын гол нь бид дэд сайд нараа хэвээр үлдээж, төсөвтөө хэмнэлт үүсгэж, зарим асуудлыг орхигдуулаад байгаа болохоор хүүхдийн мөнгө олгох асуудлыг сөхөөд байгаа юм. Төсөвт 500 тэрбумын илүү төвлөрөл үүсэхээр нь бүх хүүхдэд мөнгө олгоод эхэлчихсэн. Үнэндээ энэ илүүдэл гээд байгаа мөнгө чинь ОУВС-д өгөх л мөнгө. Нөхдүүд зээллэгээр оруулж ирж буй мөнгөө эргүүлэн авах тусгай график гаргачихсан байгаа. Тэдний хэлснээр явахгүй бол хугацаагаа урагшлуулаад зээлсэн мөнгөө авчихна. Ийм л дүрэмтэй. Тийм учраас ОУВС-гийн арилжааны банкинд хийх шалгалт зэрэгт бид шахаж ажилламаар байна.

 

-ОУВС-гийн Засгийн газарт өгч буй зөвлөгөө хэт бөөрөнхий, зарим нэг талаараа биднийг жинхэнэ бодит байдалтайгаа нүүр тулгахаас тойруулсан байдалтай юм шиг танд санагдахгүй байна уу?


-ОУВС-аас бид тодорхой зээлийн шугам нээлгэх ганц зүйл л хүсч байгаа. Улс өөртөө итгэж, бодлогоо боловсруулах учиртай. Түүнээс ОУВС тэгсэн гээд суугаад байж болохгүй. УИХ одоо ажил руугаа ормоор байна. Хатуу өвөл болохоор байна, өвөлдөө яаж бэлдэх юм. Төсвөө хэрхэн боловсруулах юм гэхчилэн маш олон ажил байна. Эрх баригч намын 65 гишүүн ажлаа хиймээр байна. Өнөөдрийн улс төр, эдийн засгийн хүрээний бүх чухал шийдвэр энэ намаас бүрэн хамаарч байгаа. Нөгөөтэйгүүр бид том төслүүдээ явуулах хэрэгтэй. Уг нь Тавантолгойн 30 хувийг олон улсын бирж дээр гаргахад л манайд 10 тэрбум ам.доллар ороод ирэх бүрэн боломж бий. Энэ бүхнээ ОУВС-гийн амыг хараад байлгүй хийх хэрэгтэй байгаа юм. Ингэж томоор харж чадахгүй бол гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж, бид өрнөөсөө л хагас дутуу салсан байдалтай үлдэхээр байна. Тэгээд яах вэ, эрх баригч нам олон телевизтэй юм, “Хөтөлбөр гоё хэрэгжлээ” гээд зарлачихна. Гэтэл бодит байдал дээр таны орлого, цалин нэмэгдэхгүй. Нөгөө талд дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ өндөр хэвээр байх болно. Засгийн газар энэ чигээрээ ажиллах юм бол ийм л аюул үүснэ. Засгийн газар хурдгүй, хүчгүй, зориггүй байна. Дээрээс нь Ерөнхийлөгч шударгаар хяналт тавих учиртай.

 

-Ерөнхийлөгч хяналт тавина гэхээр?


-Ерөнхийлөгч Х.Баттулгыг ард түмэнд оффшор, 60 тэрбумтай тэмц гэхээсээ илүү төрд гарч болох хулгайд хяналт тавиасай гэж сонгосон гэж би хувьдаа харж байгаа. Ялангуяа том төслүүдэд эрх ашиг орох өндөр эрсдэл бий. Нүүрсчдийн нам төрийн толгойд гарчихсан ийм үед ганц С.Жавхлан, О.Баасанхүү байгаад яах юм бэ. Дээрээс нь ташуур барьсан Ерөнхийлөгч байвал харьцангуй хяналт үүснэ. Үүнийг ард түмэн бодолцсон байх. Энэ ондоо багтаж, Үндэсний аюулгүй байдлын хяналт дор бид том төслүүдээ хөдөлгөхгүй бол дэлхий эргэдгээрээ эргэнэ. Бид 2020 он гэхэд улам ядуурсан байх болно гэж би харж байна.

 

baasanhuu

 

ХОЁР: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ


 

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ТАВИХ ЭРХИЙГ ИЛҮҮ ӨРГӨЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ-

 

-Та Үндсэн хуулийн өнөөгийн яригдаж буй өөрчлөлтийн хувилбаруудыг хэрхэн харж байна вэ?

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН, АН хоёр л санаачилсан. Намайг хааяа ажлын хэсэгтээ оруулаад, заримдаа хасчихдаг. Би тэдэнд “Та нар Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол “фортуна” Н.Батбаярын мөрөөдлийг Зөвлөлдөх санал гэх хэлбэрийн юмаар ард түмнээсээ асууж байна гэж жүжиглэх хэрэггүй ээ” гэж хэлдэг. Одоо өөрчлөлт гэрлийн хурдаар явах гэж байна. Яагаад гэхээр, АН, МАН хоёр хоёулаа хүлээн зөвшөөрчихсөн. Ерөнхийдөө Үндсэн хуулийн өөрчлөлт зургаан хэсэгт хуваагдаж байгаа. Үүнээс 30 хувийг нь бол дэмжмээр юм билээ.

 

-Тухайлбал?

 

-Өнөөдрийг хүртэл УИХ  сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоож байсан. Манайх эхлээд жижигрүүлж, тэгснээ томруулж, сүүлдээ холимог болгох зэргээр өөрчилж байсан. Уг нь сонгуулийн байгууллага л журам баталдаг. УИХ хуулийг шууд байдлаар тогтоож өгдөг. Гэтэл Үндсэн хуулин дээр “тогтолцоо, журам” гэсэн үг байхгүй. Тэгэхээр үүнийг илүү тодорхой болгож оруулж байгааг би зөв гэж үзэж байна. Мөн орон нутгийг засаг захиргааны байдлаар нь улс төржих байдлыг багасгах асуудал тусч байгаа. Дээрээс нь Эрдэнэт, Дархан зэрэг хотуудын асуудлыг нэг талдаа гаргах нь их зөв. Бас Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхийг болиулах гэж байгаатай санал нийлж байна.

 

-Яагаад Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хаахыг зөв гэж үзэж байгаа юм бол?

 

-Яагаад гэхээр, Ерөнхийлөгч хуулинд хориг тавих эрхтэй. Хориг тавих эрхтэй байж дахиад хууль санаачилна гэдэг утгагүй зүйл. Ерөнхийлөгч өөрийнхөө санаачилсан хуулийг хараад хэлэлцэх хугацаанд гарсан өөрчлөлтүүдтэй санал нийлэхгүй бол хориг тавих эрхтэй. Логикийн хувьд хууль санаачилдаг хүн хуулинд хориг тавьж болохгүй.

 

-Гэхдээ Ерөнхийлөгч өөрийнхөө санаачилсан хуулинд хориг тавьсан тохиолдол гарсан бил үү?

 

-Зөндөө байгаа ш тээ. Шүүхийн холбоотой хуулиуд дээр байж л байгаа. Ер нь  хориг тавьсан тохиолдол гараагүй байсан ч гэсэн хориг тавих боломжтой. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүчтэй байлгах хэрэгтэй юм билээ. Үндсэн хууль зөрчөөгүй мөртлөө ард нийтэд ноцтой аюултай, лобби орчихсон хууль УИХ баталж болно. Үүн дээр Ерөнхийлөгч шууд хориг тавих эрхтэй байх хэрэгтэй. Одоо Ерөнхийлөгчийн хориг ямар ч хүчгүй. УИХ дээр ирээд л уначих хэмжээнд байна. Эрх баригч намын 65 гишүүн сууж байхад 25 нь хоригийг дэмжих магадлал бараг л байхгүй. Үүнийг нэг талдаа гаргаад, сөрөг хүчний байр суурийг нэгдүгээрт барина, хоригтойгоо нийлээд саналыг ингэж тооцно гэхчилэнгээр илүү боловсронгуй болгох шаардлагатай юм билээ.

 

-Үндсэн хуулийн өнөөгийн яригдаж байгаа өөрчлөлтүүд яг хэрэгжээд эхэллээ гэхэд амьдралд хэр нийцэх бол?

 

-Ер нь бол долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандах учиртай. Би тойрогтоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар төрийн албан хаагчид, үйлдвэрийн ажилчид, энгийн иргэдтэй тус тусад нь уулзаж, мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. “Ингэж өөрчлөгдөх гэж байна. Та нарын саналыг авъя гэж хэлнэ” гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Гэхдээ юуг яаж гэдгээ бид ард түмнээсээ жинхэнэ утгаар нь асуух хэрэгтэй байгаа юм. Зайлшгүй өөрчлөх ёстой асуудлууд зөндөө байна. Жишээ нь, УИХ-ын гишүүний насны босго 40-өөс дээш байх ёстой. Одоо энэ Д.Гантулга гишүүнийг хар. Заримдаа өрөвдмөөр, заримдаа бүр дургүй хүрмээр. Хувь хүн ёс зүйнхээ үүднээс бусдад буруу ойлголт төрүүлсэн л уучлал гуйж сурах хэрэгтэй. Үнэн зөвийг цаг хугацаа гаргаад ирнэ. Гэтэл уучлал гуйсан ч юм алга. Уучлал гуйвал буруутай гээд ойлгогдчихно гэж төсөөлөөд яваа байх. Залуу хүний гол алдаа энэ. Гэтэл 40-өөс дээш настай хүн асуудалд арай өөрөөр хандана шүү. Энэ мэт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид тодорхой асуудлуудаа илүү боловсронгүй болгох шаардлага бий.

 

ГУРАВ: УИХ-ЫН ГИШҮҮН БА ТОЙРОГ


 

-ЯМАР АЗААР ЖИЖИГРҮҮЛСЭН ТОЙРГООС СОНГОГДСОН ЮМ ГЭЖ БОДДОГ-

 

-Та хоёр дахь парламентдаа сууж байна. Энэ удаа тойргоос сонгогдож, намаасаа ганцаараа парламентад сонгогдсон. УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийчихмээр ажил, тодорхой хуулиудад бодит байдлаар саналаа тусгах зэрэг зүтгэлүүд тань хэр урагштай байна вэ?

 

-Үгүй яах вэ, би өмнө нь жагсаалтаар байсан. Сая жижигрүүлэн тойргоос сонгогдлоо. Заримдаа ямар азаар жижигрүүлсэн тойргоос сонгогдсон юм бэ гэж боддог. Яагаад гэхээр би долоон багийн буюу ойролцоогоор 30 орчим мянган хүний асуудал шийдэх ёстой. Өдөр бүр сонгогчид маань утасддаг. Заримдаа бүр их сонин зүйлүүд асууна. “Манай хүүхэд ачаагаа Туркэд алга болгочихлоо. Яах вэ, гишүүн ээ” гэх жишээтэй. Зарим нь “Түүний утсыг олоод өг” гэж ярих нь бий. Бүр шөнийн 00:00 цагт залгаад “Энэ улс орон тань юу болоод байгаа юм бэ. Амьдрал хэцүү байна” гэх тохиолдол ч гардаг. Аль болох утсаа нээлттэй байлгаж, дуудлагыг нь авахыг хичээнэ. Асуудлыг нь жижиг, том гэлтгүй төлөөлөөд сонгогдчихсон учраас сонсох учиртай. Заримдаа  би гуйлгачин шиг л байдаг. Нуугаад яах вэ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан намайг “Чи муу хүн амьтнаас гурил будаа, нүүрс түлээ гуйгаад л явдаг. Чи гуйлгачин ш тээ” гэж байсан. Үнэн. Хэрвээ би МСS шиг мөнгөтэй байсан бол 100 байтугай оюутны төлбөрийг дөрвөн жил бүтэн төлмөөр байна. Харамсалтай нь надад тийм мөнгө байхгүй. Тийм учраас би Ж.Ганбаатар гишүүнээс 100 хүүхдийн бэлэг, Б.Ундармаа гишүүнээс хэдэн цүнх гуйх жишээний явдаг. Би ингэж л ажиллаж байгаа.

 

-Бэлэн мөнгө шаардагдах үе их гарч байна уу?

 

-Манай Н.Энхбаяр дарга намайг их мөнгөтэй болсон гэж хүмүүст ярьсан байна лээ. УИХ-ын гишүүнийг тойрогтоо зарцуул гээд жилд 10 сая төгрөг өгдөг юм. Одоо болтол би тэр мөнгөө авч чадахгүй байна. Хуулиараа намын данс руу өгчихдөг. Намаас авъя гэхээр надад өгөхгүй. Юунд ч хүрэхгүй мөнгө л дөө. Гэхдээ л тойрогтоо зарцуулчихмаар л байгаа юм. Бүр болохгүй асуудал дээр иргэдэд 100, 200 мянган төгрөг өгөх шаардлага үүснэ. Тэр 10 сая төгрөг байсан бол гэж бодохоор заримдаа бүр уур хүрдэг байхгүй юу. Тойргийн гишүүд ядуу хүнийг сонгосон нь тэдний буруу биш. Шударга хүнийг сонгосон учраас тэднийгээ надаар бахархаасай гэж би хүсдэг. Тиймээс би мөнгөгүй, би үүнийг болгож өгч чадахгүй гэхээсээ илүү гуйлга гуйгаад ч хамаагүй тэднийхээ төлөө зүтгэнэ гэж боддог. Гадны орны төлөөлөгчидтэй уулзахдаа ч тэр, байнга л тойргийнхоо иргэдэд туслах ямар боломж байна гэж хардаг.

 

-УИХ-ын гишүүд ажлын өргөдлүүдэд нэлээд дарагддаг?

 

-Надад 150 хүний ажилд орох хүсэлт бүхий өргөдөл байгаа. Одоо “Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэн миний утсыг авахаа бүр больсон. Би хэлдэг юм, “Би дарга тавих гээгүй. Цэвэрлэгч л оруулах гэсэн юм” гэхчилэн ярьдаг. Зарим иргэд маань “Гишүүн ээ, одоо яах юм бэ. Манай хүүхэд ажилгүй байна” гэдэг. Өнгөрсөн 25 жил ингээд сургачихсан юм чинь би яах юм бэ. Тойргийнхоо нэлээдгүй оюутны төлбөрийг төлдөг. Өчнөөн хүмүүсийг ажилд оруулчихсан. Тэдгээрээ бүр атгачихсан, сонгууль болохоор сүлжээ үүсгээд, ах дүү хамаатан садантай нь базчихдаг мөнгөтэй гишүүд байна л даа.

 

-Х.ТЭМҮҮЖИН НАМАЙГ “БААС” ГЭЖ ДОРОМЖИЛДОГ БАЙЛАА. 
ӨӨРӨӨ БОЛ ЧИНГИС ХААН БАЙСАН-

 

-Таны лайвын гол зорилго яг юу вэ?

 

-Асуудлын гол нь шүүмжлэл гарцтайгаа хамт байх учиртай. Би лайв хийснээрээ “Манай гишүүд ийм цөөхүүлээ сууж, хурлаа баталдаг. Энэ гишүүн маань боорцог иддэг” гэдгийг харуулаад, хүний муу үзэх гээд байгаа юм биш. Ганцхан зорилго байгаа. Санал асуулгын өмнөх ирцийн 10 секундыг хоёр секунд болгох л зорилготой. Ингэснээрээ нэг гишүүн олон хүний өмнөөс кноп дарах боломж үүсэхгүй юм. Хоёр секундэд тэр хүн өөрийнхийгөө л дарж амжина. Ямар ч хууль дүрэм өөрчлөхгүй. Мөнгө төгрөг ч шаардахгүй. Ингэж өөрчлөхийн төлөө л лайв хийгээд байгаа юм. Дээрээс нь МАН ялснаас хойш итгэлтэй сэтгүүлчид маань их цөөрсөн. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө өөрөө нүүр хуудсанд байгаа учраас үүгээрээ илэрхийлээд явж байна. Чадвал долоо хоногт ядаж нэг удаа ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгье гэж боддог. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд, лайваараа дамжуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийг заалт тус бүрээр нь ярьсан.

 

-Та улс төрч хүнийхээ хувьд асуудлаа зөв хардаг мөртлөө зарим асуудал дээр хэт хөнгөн мэт харагддаг?

 

-Би өөрөө өөрийгөө дүгнэхэд хэцүү. Зарим хүмүүс намайг хөнгөн гэж бодож болох юм. Ерөнхийдөө би зөв гэж бодсон зүйлээ л хэлдэг. Миний зөв гэж бодсон зүйл зарчим дээр суурилдаг. Зарчим маань өөрөө хуулиндаа нийцдэг. Тийм учраас би хэлээд явдаг. Дээрээс нь би хүнтэй сөргөөлцөлдөх дургүй. Намайг л өдөхгүй бол шүү дээ. Өдөөд байвал би асуудлаа дуустал л явдаг. Хэнийх нь зөв байсан нь тогтоогдох учиртай шүү дээ. Жижигхэн биетэй хүмүүс их шазруун байх шиг санагддаг. Би өөрийгөө тэгж л боддог. УИХ дээр зарим асуудлыг тодруулахаар “Хуулиа уншсангүй” гэж намайг буруутгах нь бий. Гэхдээ үүнийг ард түмэн асуугаад өгөөч гэж гуйдаг. Тэд уншаагүй, уншихгүй. Би өмнөөс нь асууж, хариултыг нь авч өгөх учиртай. Манайхан нэг ийм чанартай. Асуудал дээр ялагдахаараа хувь хүн рүү нь дайрдаг. Ч.Хүрэлбаатар гишүүн намайг “Баас” гэж дуудсан. Х.Тэмүүжин бас намайг “Баас” гэж доромжилдог байлаа. Өөрөө бол Чингис хаан байсан. Л.Энх-Амгалан намайг бас их доромжилдог. Би тэдний эрх ашиг дээр гишгилчихдэг учраас тэд тэгж хорсож байгаа юм. Оруулж ирээд батлуулах гэсэн зүйл дээр би гишгичихдэг. Уг нь тэдэнд гурван арга байгаа. Эхнийх нь алах, энэ нь хориотой. Хорьчихъё гэхээр тэр нь “но”-гүй. Болж өгвөл шившгийн хөндийгөөр хөтлөөд явах гэдэг. Нөгөөх нь аз болж, би шашин шүтлэгтэй. Барагтай бол бузар булай юманд ороод байдаггүй. Тэгэхээр нь  миний “Баасанхүү” гэдэг  нэр л тэдэнд олдож байгаа юм. Аргаа барсан л хэлбэр. Үүнийг нь өөгшүүлээд явахаар тэд бүр баярладаг.

 

enhbayar

 

ДӨРӨВ: МАХН-ЫН АСУУДАЛ


 

-Г.ШИЙЛЭГДАМБЫН АСУУДЛААР МАХН ДУУГАРАХ ЁСТОЙ БАЙСАН-

 

 -Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад оноосон шүүхийн шийдвэртэй холбоотой таны жиргээ анхаарал татлаа. Г.Шийлэгдамба ял авсанд яагаад Н.Энхбаяр баярлана гэж?

 

-МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) улс төрийн албан тушаалаа солилгүйгээр сайд болж байсан. Тэр үед нь би “Наад хүн тань шоронд сууна даа. Харж байгаарай” гэж намынхандаа маш тодорхой хэлж байлаа. Яагаад гэхээр, аль ч улс төрийн намын ЕНБД санхүүгийн асуудлаар намдаа үүрэг хариуцлага үүрдэг. Тэр хүн нэг хөлөөрөө сайд, нөгөө хөлөөрөө МАХН-ын ЕНБД хийж байсан. Харамсалтай нь АТГ нөлөөллийн мэдүүлэг дээрээс нь харж байгаад хориг тавьж болох байсан. Нам дээр мөнгөгүйн зовлон өчнөөн л яригддаг. Тэр тоолонд ЕНБД мөнгө олох шаардлагатай тулгардаг. Ийм зорилгоор тэр сайдын албан өрөөндөө мөнгө авч байгаад баригдсан. Үүнийг хөөрхий өөрөө л яриад байгаа юм, намд зориулж, ийм мөнгө авсан гэдгээ. Гэтэл нам огт дуугарахгүй юм. Би түүнийг огт ойлгохгүй байгаа.

 

-Та Г.Шийлэгдамбын асуудлаар МАХН-ыг тайлбар өгөөч гэж шахаж үзсэн биз дээ?


-Би “Нам дуугараач ээ” гэж өчнөөн хэлсэн. Огт дуугарахгүй болохоор нь бачимдаад байх юм. У.Хүрэлсүхийг фургоны асуудалд орж байхад Ө.Энхтүвшин “Би сонгуульдаа  зориулж авсан” гээд л тайлбар өгч байсан. Намаас нь “Бид чиглэл өгсөн” гээд хүртэл хэлж байлаа. МАХН яагаад ингэж болохгүй гэж. Г.Шийлэгдамба хувьдаа байшин барих гэж тэр мөнгийг аваагүй шүү тээ. Намынхаа төлөө явж байгаад асуудалд орсон залуу хүнийг бид өмгөөлж, хамгаалах учиртай.

 

-МАН НАМАЙГ НАМДАА ЭЛСЭЭД, САЙД ХИЙЧИХ ГЭЖ ГУЙЖ БАЙЛАА-

 

-Та ингэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай эв түнжин хэр байгаа бэ?

 

-Би зөв гэсэн зүйлийнхээ талд л зогсдог.Уулзаад ярьдаг, би өөрийнхөө дэмжихгүй гэсэн асуудлууд дээр зарчмаа ярьдаг. Бусдад үзэл бодлыг нь тулгаж чадахгүйгээ нуулгүй өмнөөс нь хэлдэг. Айлын хүн хүүхдээ хүнтэй зодолдоход өөрийнхөө хүүгээс эхлээд бурууг хайдаг. Тиймээс би улс орны өнөөгийн эдийн засаг, улс төрийн байдлыг дүгнэхдээ өөрийнхөө намаас эхлээд алдааг нь хайна. Нэгдүгээрт, анх 2012 онд бид УИХ-д 11 суудал авчихаад Засгийн газарт орж ажилласан нь бидний хамгийн том алдаа байж дээ гэж би харж байгаа. Хоёрдугаарт, 60 тэрбумын мини түвшний схем МАХН дотор байсан явдал бидний алдаа. Бид МАНАН-гийн олигархиудтай байлдах  ёстой. Яг ийм шалтгаанаар бид өнөөдрийг хүртэл Н.Энхбаяр даргыг хайрласаар ирлээ. Яагаад гэхээр Н.Энхбаяр бол МАНАН-гийн олигархиудын оффшор дансны дугаарыг мэдэх хэмжээний хүн. Үүнийг нь яг анти вирусын программ шиг ашиглах юмсан гэж бодсоор өнөөдрийг хүрчихлээ.

 

-Гэхдээ тэр хэмжээнд Н.Энхбаяр дарга чинь та бүхэнд “ашиглагдсангүй”, эрх ашгийн том зөрчилтэй явсаар өдийг хүргэлээ?


-Харамсалтай нь бидний санаснаар яваагүй. Н.Энхбаяр тэгж явах уу, явах хүн яг мөн үү гэдэг өөрөө асуудал юм билээ. Бодох хэрэгтэй. Юмыг мэдчихээд мэдээгүй юм шиг амьдрах нь мэдэхгүй байснаасаа илүү зовлонтой байдаг юм байна. УИХ-д орж ирээд, асуудлын дунд нь орлоо. Болох, болохгүй юмыг нь хараад засчих юмсан гээд хүчлэхээр хүч хүрэхгүй үе байна. Яг ийм үед манай нам намайг огт дэмжихгүй байгаад нь миний уур хүрдэг. Зүтгээд явж байхад ард маань галын дэмжлэг байхгүй. Манай ЕНБД-ын дарга Э.Эрдэнэжамъян гээд залуу болсон юм билээ. Нэг ярилцлагадаа “О.Баасанхүү гэгч хүн нам дээр ирж, хуралдаа суу” ч гэх шиг. Тэр юу вэ, ингэж болохгүй шүү дээ. Бид ганцхан гишүүнтэй. 2020 оны сонгуулиар бид 2020 гишүүнтэй болох гээд би энд зүтгэж байна.

-Таны зүтгэлийг нам чинь ойлгохгүй байгаа бол өөр намд орчих нь илүү амар юм биш үү?

-Би өөрийгөө бодвол үүн шиг амархан юм надад алга. МАН намайг намдаа элсээд, сайд хийчих гэж гуйж байлаа. Өнгөрсөн зургаан сард л даа. Намаасаа гарчих, мөнгө төгрөг өгье гэсэн хүмүүс ч байсан. АН ч надад санал тавьсан. Нэлээдгүй их мөнгө шүү. Гэхдээ би тийм шийдвэр гаргаагүй. Тэр хүмүүсийг өнөөдөр матах шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл тэд миний ирээдүйн төлөө хэлсэн. Гол нь МАХН-ын үзэл баримтлал, энэ дөрвөн үсгэн дээрээ тэдгээр чин сэтгэлтэй эмээ өвөө, дэмжигчдийг бид хүндэтгэх учиртай юм.

 

baasanhuu

 

-БИ ҮНЭХЭЭР НАМААСАА ГАРАХ ГЭЖ БАЙСАН ЮМ ШҮҮ-


-МАН-аас С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болох үед танд намаасаа гаръя гэж шийдсэнээ эргэж буцсан тал байгаа юу?


-Би үнэхээр намаасаа гарах гэж байсан юм шүү. С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчихээр нь би намаасаа гаръя гээд, өргөдлөө өглөө гэж мэдэгдсэн. Тэгсэн чинь баахан хүн утасдаад уйлж хүртэл гуйсан. “Миний хүү битгий ингээч ээ” гэж. Зарим нь хараасан. Тухайлбал, Н.Энхбаяр даргын худ. Ийм хараал, ерөөлийн дундаас би надад хайртай хүмүүс олон байгааг олж харсан юм. Тиймээс “За, би ямар хүүхэд биш дээ. Дотор нь байж л асуудлыг өөрчилье. Олон зөв хүн байгаа юм байна. Тэр хүмүүстэйгээ нийлж, нэгдье” гэж бодоод намдаа үлдсэн. Өнөөдрийн МАХН-ын асуудал нэрэндээ, эсвэл Н.Энхбаярт байгаа юм биш. Энэ тогтолцоондоо байгаа юм. Чи МАН-ын дарга М.Энхболд яагаад ийм зориггүй байдгийг мэдэх үү?

 

-Мэдэхгүй.


-М.Энхболд Н.Энхбаяраас айгаад зориггүй байдаг юм (инээв.сурв). Нээрээ шүү. Чанга дуугарч чадна ш тээ, тэр. Гол нь Н.Энхбаяр даргаас л айдаг байхгүй юу. Сая сонгуулиар Г.Оджаргалаас 200 сая төгрөг авч, Шангрилагийн газрыг өгсөн гэж. Ерөнхий сайдаасаа асуухгүй, чухал газраа өгчихөж чадаагүй байна, тэр үеийн хотын дарга. Ерөнхий сайд ч тэр үедээ цагдаа, тагнуулаа барьдаг их хүчтэй байсан цаг. Тийм байхад нүдэн дээр нь хулгай хийж чадахгүй, даргаасаа асуусан байгаа юм. Дараа нь “Тэгж байлаа” гээд яриад сууж байна. Н.Энхбаярын ярьдаг энэ мэт түүхүүд нь дандаа үнэн. Тиймээс М.Энхболд үнэн түүх ярихаас нь айдаг байхгүй юу.

 

Ж.МЯДАГБАДАМ


ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

 

 Эх сурвалж: Medee.MN