Оффшорын эсрэг хууль батлагдсан ч ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭГҮЙ байна, асуудал хаана гацав


-ОФФШОР ХУУЛИЙН ГОЛ АГУУЛГЫГ ЭРГЭН САНУУЛЪЯ-


УИХ-аас өнгөрсөн хавар төсвийн тодотголтой зэрэгцүүлэн төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон утга бүхий хуулийн төслийг эцэслэн баталсан. Тодруулж хэлбэл, өмнөх “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тодорхой заалтууд тусгаж өгсөн гэсэн үг.

Холбогдох хуулиндаа нэмэлтээр тусгагдахаар боловсруулагдсан хоёр хуудас хуулийн төсөл Ц.Нямдорж, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүдийн шүүмжлэлийг хүлээсээр, хоёр чуулган дамнан хэлэлцэгдэж байж батлагдсан. Гэвч уг хууль батлагдсанаар төрийн албан тушаал хаших хугацаандаа оффшорт данс нээлгэсэн гэгддэг С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй нэр бүхий эрхмүүдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй хэвээр үлдсэн юм.

Уг хуулийн гол агуулга нь тухайн албан тушаалтан зөвхөн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хуулийн үйлчлэлд хамаарна. Сонгуульд нэр дэвшихдээ оффшорт данстай бол урьдчилан мэдэгдэхэд л болно. Харин сонгогдсон хойноо оффшор дахь асуудлаа 30 хоногийн дотор цэгцлэх ёстой. Цэгцлэхдээ дансаа хаалгаж, хөрөнгөө татах замаар хувийн асуудлаа зохицуулах нь ээ. Мөнхүү оффшор дахь хөрөнгө, хуулийн этгээдээ бусдад шилжүүлэх, худалдах, дуусгавар болох эрх нь хуулийн хүрээнд нээлттэй.

Хуулийн гол цоорхой нь албан тушаалтан суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх явцдаа оффшор бүсэд данс нээлгэхэд хуулиар түүнийг хориглохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн оффшор бүсэд хамаардаг гадны оронд эмчилгээ хийлгэхээр очихдоо тэнд данс нээлгэх бүрэн эрхтэй. Үүнийгээ АТГ-д бичгээр мэдэгдэхэд л болно. Ингэснээр хууль зөрчсөнд тооцогдохгүй. Ингэж хуулийн хүрээнд асуудлаа цэгцэлсэн л бол ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсч болзошгүй гэх үндэслэл болохгүй юм. Харин тухайлсан заалтуудыг зөрчсөн бол албан тушаалтныг эргүүлэн татах үндэслэл болгохоор зааж өгсөн билээ.

 

Эрх баригч нам ажлаа авсан даруйдаа оффшорын асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ зарлаж байв. Гэвч тэмцэхээр баталсан хууль эргээд оффшортнуудад боломж олгосон, тал зассан байдлаар батлагдсанд олон нийт шүүмжлэлтэй хандсан юм.

 

atg

 

-АТГ-Т ОФФШОР ДАНСНЫ ТАЛААРХИ НЭГ Ч МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ БАЙНА-


Ямартай ч хууль нь батлагдсан, одоо хэрэгжилтийн үр дүнг нэхэж болно. Саяхан л гэхэд, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга оффшорт байгаа мөнгөө 49 хоногийн дотор оруулж ирэхийг улс төрийн томчуудаас хүсч, уриалга гаргасан. Төрийн тэргүүн батлагдаад гурван сар гаруй болж буй хуулийн хэрэгжилт ямар шатанд явааг холбогдох байгууллагуудаас хөөж тодруулав.

Нэмэлт, өөрчлөлт орсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу оффшор бүсэд байршсан мөнгө, үл хөдлөх хөрөнгийн талаархи мэдээллээ төрийн өндөр албан тушаалтнууд 30 хоногийн дотор АТГ-д мэдээлэх учиртай. Хуулиар тэд,

-Нээлгэсэн банкны дансаа хаалгах

-Банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах

-Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах

-Хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох үүрэгтэй юм.

Энэ талаар бид АТГ-аас тодруулахад “Монголбанк, Засгийн газар хамтран оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг тогтоох учиртай. Одоогоор энэ заагийг тогтоогоогүй байгаа учир манай байгууллага төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор дансны мэдээллийг авч эхлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа. Энэ зааг тогтоогдсоны дагуу бид холбогдох мэдээллээ авч эхлэх учиртай. Одоогоор манайд төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй байгаа” гэсэн мэдээлэл өгөв.

 

Mongolbank

 

-МОНГОЛБАНКНААС ХҮРГҮҮЛСЭН САНАЛ ДЭЭР САНГИЙН ЯАМ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭВ-


Үнэхээр ч уг хуулийн 101.3-р заалтад “Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан, Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заагаад өгчихсөн. Тэгэхээр уг заалтын дагуу Монголбанк, Сангийн яам хамтран оффшор бүсэд чухам ямар ямар бүс нутгийг оруулан тооцох вэ гэдгээ боловсруулах юм байна.

Монголбанкны зүгээс олон улсын байгууллагын судалгаанд үндэслэн саналаа боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн гэсэн мэдээлэл өгч байна. Харин Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар Монголбанкнаас илгээсэн саналыг судалж, харилцан санал солилцох замаар боловсруулалт дээрээ ажиллаж байгаа гэсэн тодруулга өгөв. Энэ бэлтгэл ажлыг хангагдсаны дараа уг асуудал Засгийн газрын хуралдаанаар орж, эцэслэн батлагдах аж.

 

Сангийн яамнаас “Уг асуудлыг яг хэдийд Засгийн газрын хуралдаанаар оруулах тал дээр тодорхой хариулт хэлж мэдэхгүй байна. Боловсруулаад дуусангуутаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэсэн мэдээлэл өгч байна. Засгийн газрын хуралдаанаар уг асуудал орж, батлагдсаны дараа АТГ үндсэн чиг үүргийнхээ дагуу “Та оффшорт буй мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн талаархи мэдээлэл, зарцаасан байдлаа манайд тайлагнана уу” гэсэн шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнуудад тавих эрх нээгдэх юм байна.

Одоогоор чухам ямар байршлуудыг оффшор бүсэд хамруулж байгаа нь тодорхойгүй учир АТГ хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах боломжгүй байгаа юм.

 

-ОФФШОРТ ДАНСТАЙ ГЭГДДЭГ ЭРХМҮҮД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД БЭЛЭН ҮҮ-


Ерөнхийлөгчийн өгсөн 49 хоногийн хугацаа ирэх есдүгээр сарын 12-ны өдөр дуусна. Тэр болтол эрх биш Засгийн газраас оффшорт хамаарах бүс нутгуудаа нэрлэж, АТГ дээр холбогдох мэдээллүүд нь очих биз ээ. Хуулийн хэрэгжилт холбогдох журмуудаасаа болж хойшлогдсоор буй энэ өдрүүдэд оффшорт данстай гэгддэг С.Баярыг эгүүлэн татуулах, оффшор мөнгийг улсдаа оруулж ирэхийг шаардсан олон нийтийн нэхэл ч тасрахгүй нь бололтой.

Бидний мэддэгчлэн ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байдаг.  Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлсэн нь бий. Эдгээр 49 эрхэм дунд С.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Баяр тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтан, мөн НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн, Ерөнхий сайд асан С.Батболдын төрсөн ах Сү.Бат-Очир, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын охин Б.Бадамханд нар нэрлэгдсэн байдаг. Хуульд заасанчлан, эдгээр төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд мэдээллээ АТГ-д хүргүүлэх үүрэг хүлээнэ.

Эдгээр эрхмүүдээс төлөөлөл болгож, хууль хэрэгжиж эхлэнгүүт мэдээллээ АТГ-т хэрхэн хүргүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гишүүний ажлын албанаас тодруулахад “Манай гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө оффшор бүс дэх идэвхигүй болсон нэг дансныхаа мэдээллийг АТГ-д хүргүүлсэн. Өнгөрсөн оны сүүлээр ХОМ-ээ өгөхдөө АТГ-д хараахан идэвхигүй болоогүй байсан өөр нэг дансныхаа хаалгасан мэдээллийг хавсаргаж хүргүүлсэн байгаа. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд ямар нэгэн оффшор данс байхгүй. Бизнес эрхэлж байх хугацаандаа зээл авах зорилгоор хэрэглэж байсан оффшор бүс дэх хоёр данс нь албан ёсоор хаагдсан байгаа” гэх мэдээлэл өгөв.

 

Medee.MN