Их, дээд сургуулиудыг цөөлж чадахгүй бол ядаж татвар авдаг болъё


Xэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн хэдэн жилийн турш “Дээд боловсрол үнэгүйдлээ, хөдөлмөрийн хуваарь алдагдлаа, манай улс хэтэрхий олон хуульч, орчуулагчтай боллоо” гэж бичсэн билээ. Ардчилсан хувьсгалаас өмнө дээд боловсрол эзэмшсэн хүмүүс энэ яриаг дуртайяа өлгөн авч “Бидний үед арай ч ийм байгаагүй” гэлцэнэ. Гэтэл үнэндээ бол их багын ялгаа л байгаа болохоос өмнөх нийгмийн үед ч димпломын хавтаснууд байсан уу гэвэл байсан. “Баясгалан” киноны гол дүр Баясгалан удирдлагынхаа өөдөөс “Би бол адуучин. Чам шиг мэргэжлийн үнэмлэхний хавтас биш” гэж хэлдэг хэсгээс энэ байдал тод харагддаг. Ялгаатай нь тэр үед дээд сургууль төгссөн л бол дипломын жинхэнэ эзэн байна уу, “хавтас” байна уу хамаагүй, автоматаар 600 төгрөгийн цалинтай ажилд томилогддог байлаа. Өөрөөр хэлбэл эрх мэдэл дээд боловсролын дипломны жинхэнэ эзэд, тэднээс олон “хавтаснууд”-ын гарт байдаг байжээ. Үүнээс болж манай улс хичнээн боломжийг алдсаныг тооцоолох ч боломжгүй юм.


Алдагдсан боломжийн тухай онол гэж бий. Манай улсыг ирээдүйд авч явна гэж үзээд байгаа уул уурхайн салбарт гэхэд л манай улсын алдагдсан боломж 25.5 хувь байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Уул уурхай хөгжүүлээд удаагүй гэхэд ийм алдагдал гарч байгаа юм чинь хавтаснуудын тоо олширсон өнөө үед бусад салбарт энэ тоо бүр их байгаа гэдэг нь ойлгомжтой юм.         

    

Гэхдээ яах вэ, дээр дооргүй ухаарсны хүчинд Боловсрол соёл шинжлэх ухааны яам  их дээд сургуулиудад тавих шаардлагыг чангатгаж, тоог нь цөөрүүлэх бодлогыг барих болсон нь сайшаалтай юм. Гэхдээ л Боловсролын тухай хуулиар халаас нимгэн оюутнуудын халаасыг улам хоослох боломжийг гаргаж өгсөн байна. Их дээд сургуулийн захиргаа оюутнуудын тасалсан цаг, нөхөн шалгалтын хөлс зэргээс багагүй хэмжээний орлого олдог гэдэг нь нууц биш. Нэгэн дээд сургуулийн захиргаа багш нартаа хичээл болгон дээр нэг ангиас долоогоос доошгүй хүүхэд унагаж, сургуульдаа орлого оруулах үүрэг өгдөг байсан гэж тус сургуульд багшилж байсан найз маань ярьж билээ. ЭМШУИС-ийн харьяа Сувилахуйн сургууль хичээл тасалсан оюутнаас нэг цагийн 2500 төгрөг хураадаг тухай сонсогдож байсан. Энэ тухай тодруулах гэхэд “Бид нар хүний амь настай холбоотой хариуцлага өндөртэй мэргэжилтэн бэлтгэдэг болохоор тасалсан хичээлийг заавал нөхөж ордог. Тийм болохоор нөхөж хичээл орсон багшид хөлсийг нь өгөх нь мэдээж” гэсэн хариулт өгөөд буцааж байсан удаатай. Гэтэл үнэн хэрэгтээ хичээл нөхөж орох нь өдрийн од шиг гэдгийг эх сурвалж хэлж байсан билээ.


Дээд боловсролын тухай хуульд боловсролын байгууллагын санхүүжилтийн талаар ингэж заажээ. 18.1.Төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн санхvvжилт дараахь эх vvсвэрээс бvрдэнэ:


 18.1.1.улсын төсвийн хөрөнгө;

 18.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхvvжилт;

 18.1.З.сургалтын төлбөр;

 18.1.4.аж ахуйн vйл ажиллагааны орлого;

 18.1.5.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив;

 18.1.6.зээл, тусламж;

 18.1.7.бусад эх vvсвэр


 “Нөхөн шалгалт”, “Хичээл нөхөлт”-ийн төлбөрийг сургуулийн удирдлагууд “18.1.7.бусад эх vvсвэр” гэсэн заалтыг баримталсан гэж хэлдэг ч уг хуулийн 18.З.Боловсролын байгууллагад хандивласан хөрөнгийг тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана” гэсэн заалтыг бараг бүгдээрээ зөрчдөг болох нь саяхан Мэргэжлийн хяналтын албанаас хийсэн шалгалтаар илэрсэн билээ. 18.5 “Өмчийн аль ч хэлбэрийн дээд боловсролын сургалтын байгууллага нь хоёр жил тутамд санхvvгийн vйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж, дvнг нийтэд ил тод байлгана” гэсэн заалт бол бүр ч хэрэгждэггүй. Боловсролын салбарыг хуулиндаа ашгийн бус салбар гээд заачихсан байдаг тул захирлуудад унац ихтэй. Ер нь Монголд хамгийн их но-той, эдийн засгийн цагдаа нар анхаарлаа хандуулж баймаар газрууд бол зорилгоо янз бүрээр тодорхойлсон сан хэмээх ТББ, хувийн гэгдэх их, дээд сургуулиуд гээд хэлчихэд буруудахгүй. Сангаар дамжуулж бохир мөнгө угаах явдал гадаадад их гардаг юм билээ. Учир нь гадаадад бас Монголтой нэгэн адил сан, их, дээд сургуулиудаас татвар авдаггүй. Хэрвээ ашгийн бус байгууллага гэдэг халхавчин дор үлэмж хэмжээний хууль бус орлого хуримтлуулж, ашиг олж байгаа бол хувийн их, дээд сургуулиудаас татвар авдаг болоход буруудахгүй гэсэн өнцөг бас байж болно. Ашгийн байгууллага мөн бол татвар төлөх учиртай. Эс бөгөөс ашгийн бус байгууллага гэдэг нэр томьёонд нь тохирох хэм хэмжээг нь зааж өгөх цаг болжээ. Хууль дүрмээ биелүүлдэг чанартай цөөхөн сургуультай болох шаардлага хэвээрээ байна. 

 

ZINDAA.MN