Хоёр долоо хоногийн өмнө 22 нас хүрч, төрсөн өдрөө баяр хөөртэйгөөр тэмдэглэсэн охин ахтайгаа хамт явж байгаад хэдхэн минутын дараа 22 давхар байрны дээрээс унаж амиа алджээ. Ар гэрийнхэн нь түүнийг амиа хорлосон гэдэгт итгэхийг хүссэнгүй. Учир нь охин амиа алдахынхаа өмнө өөрийн ажиллаж байсан компанийн захирлыг зодсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байж. Гэтэл хэд хоногийн дараа түүнийг цагдаа дээр байцаалт өгөхөөр очиход өгсөн өргөдөл нь ч байхгүй, мэдээлэл ч байсангүй. Улмаар ах нь дагуулж яваад өөрөөр нь дахин өргөдөл бичүүлээд, гэмтлийн зэргээ тодорхойлуулж шинжилгээ өгсөн байна. Түүнийг зодсон гэх захирал нь манайдаа томоохонд тооцогдох “Сохо мебель”-ийн захирал юм. Талийгаач охин тус компанид гурван сар ажиллажээ.
Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар “Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Захиралдаа зодуулсан” гэсэн гомдол гаргасан юм билээ. Тэр гомдлыг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа. Өргөдөл гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийж байна. Өргөдөл буцаасан асуудал бүртгэгдээгүй байна. Амиа хорлосон гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа” гэх мэдээллийг өгөөд байгаа бол “Сохо мебель” компанийн зүгээс “Талийгаач манай компанид гурван сар ажилласан. Манай ажилчид маш хүнд цохилтод орсон. Гашуудлын байдалтай байна. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа. Хэрэгтэй мэдээлэл болоод тайлбарыг нь өгсөн. Манай байгууллага бүрэн камержсан. Зодуулсан гэх өдөр байгууллагаасаа эрүүл саруул гараад явж байгаа бичлэг нь байдаг. Өмнө нь манай захиралтай хамт ажиллаж байсан эмэгтэй амиа хорлосон гэсэн мэдээлэл явж байна. Тийм зүйл огт байхгүй. Цагдаагийн байгууллага хэргийн үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байна” гэх тайлбарыг өгөөд байна.
Охиныхоо энэхүү харамсалтай үхлийн талаар ар гэрийнхэн нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлсээр байна. Учир нь тэд охиныхоо үхэлд бол “Сохо мебель” компанийн захирлыг буруутай хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр охинд нь өргөдөл өгсний дараах нь “Надад тэр хууль үйлчлэхгүй” хэмээн хэлсэн давхар хар төрүүлж байгаа аж. Талийгаач Ж бүтэн өнчин бөгөөд нагац эгчтэйгээ хамт амьдардаг байжээ.
Ингээд талийгаач охины үхэлтэй холбоотой ар гэрийнхнээс нь өгсөн мэдээллүүдийг “24 баримт” буландаа онцлож байна. Хэргийн үнэн зөвийг цагдаагийн байгууллага тогтооно.
Баримт 1: Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр захирал нь архи уусныхаа дараа талийгаач охиныг “Машин бариад гэрт хүргэж өг” гэжээ. Тухайн үед эгч нь дуудаж “Наашаа хүрээд ирээ. Наад хүмүүсээ орхиод гараад ир” гэхэд охин удалгүй гэртээ ирсэн байна.
Баримт 2: Талийгаачийг маргааш ажил дээрээ очиход захирал нь ажил дээрээ согтуу хоносон байж. Охин энэ талаар эгчдээ “Захирал цээж нүцгэн өрөөндөө сууж байсан. Наад ширээгээ цэвэрлэ. Чи намайг өчигдөр орой орхиод явдаг хэн бэ” гээд уурласан. Нимгэн хар даашинзтай байсан болохоор хормой хотыг нь сөхөөд байхаар нь айхдаа ширээ мөргөж унахад араас үсэдсэн” гэж ярьжээ
Баримт 3: Тухайн үед охиныг захиралдаа зодуулж байхад нь ажлынх нь залуу салгасан байна.
Баримт 4: Энэ талаараа охин өдрийн 13.30 цагийн үед талийгаач эгч утасдаж хэлжээ. Ингэхдээ “Нараа эгчээ намайг захирал зодчихлоо” гэхэд нь эгч нь би яваад очъё гэтэл удалгүй өөрөө утасдаад “Захирлыг цагдаа нар ирээд аваад явчихлаа. Би гүйцэтгэх захирал Сэлэнгээтэйгээ Хан-Уулын цагдаа дээр явж байна. Цагдаад өөрийн гараараа өргөдөл бичиж өгсөн” гэжээ.
Баримт 5: Гэтэл гүйцэтгэх захирал Сэлэнгээ нь охиныг талийгаач болсны дараах нь эгч нь нийгмийн даатгал бусад материалыг нь авах гэж очиход өөрөөс юу ч асуулгүйгээр “Тавдугаар сарын 30-ны орой дүү чинь хоёр залууд зодуулсан” гэж ярьжээ.
Баримт 6: Талийгаачийн эгч нь “30-ны орой 23.00 цагийн үед ажлаасаа таксидаж ирсэн. Би өвөртлөөд унтаад өглөө ажилд нь явуулсан” хэмээн батлаад байгаа юм.
Баримт 7: Тэрбээр зодуулсан талаар нь “Би харахдаа ширээ мөргөөгүй байх. Нүүр нь битүү хүнд зэргийн гэмтэл авсан. Тэгээд шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар явсан” гэжээ.
Баримт 8: Гэтэл зургадугаар сарын 2-нд дахин очиход өргөдөл нь алга болчихсон байсан байна.
Баримт 9: Захирал нь энэ талаар талийгаач охинд “Чи өргөдөл бичээд нэмэргүй. Надад тэр хууль үйлчлэхгүй. Тэр өргөдөл чинь байхгүй. Чи юун дээрээ очихын бэ” гэж хэлж байжээ.
Баримт 10: Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг айсандаа амиа хорлосон гэсэн мэдээлэл цацагджээ. Гэхдээ энэ нь дөнгөж шинжилгээнд өгчихөөд байж байхад ийм мэдээлэл гарч эхэлсэн байна.
Баримт 11: Талийгаач охин амиа алддаг өдрөө төрсөн ахтайгаа болон хүүхдүүдтэй нь хамт “Хүннү молл”-д кино үзээд явж байжээ.
Баримт 12: Охин ахтайгаа кино үзчихээд 16.30 минут орчимд салаад такси барьж “Нарны хороолол’’-д очсон байна. Охин Нарны хороололд амьдардаггүй аж.
Баримт 13: Охинд нарны хороололд таньдаг нэг ч хүн байхгүй ч тэрбээр 16 давхар хүртэл лифтээр яваад 22 давхарт гарахын тулд зургаан давхар алхсан байжээ.
Баримт 14: Уг байрны камерт цүнхээ үүрчихсэн, гар утсаа гартаа барьчихсан яарсан байдалтай явж байгаа нь бичигдсэн байна.
Баримт 15: Утсыг нь тэр явдлаас хойш эвдэрсэн гээд битүүмжилчихсэн байгаа аж.
Баримт 16: Талийгаачийг амиа алдсан байрны гадна таксинаас буугаад явахад эргэн тойронд нь нэг хүн утсаар байнга ярьж, олон удаа холхисон бичлэг байгаа аж. Мөн тэнд очиход нь хамт лифтэнд суугаад өгссөн нь бичлэгт үлджээ.
Баримт 17: Хэргийн газарт цонхны шилийг 10 хуруугаар хүчтэй цохиж дарсан хээ нь, гутлынх нь мөр, хана маажиж самардсан мөр ч байгаа аж.
Баримт 18: Анх ажилд ороод удаагүй байхдаа манай захирал олон талын мэдлэггэй, чадварлаг хүн байна лээ хэмээн ам сайтай байсан ч тавдугаар сарын 22-ны өдөр буюу төрсөн өдрөөсөө хойш ажилдаа дургүй болж, байсхийгээд л би өөр ажил хиймээр байна гэдэг болсон байна.
Баримт 19: Төрсөн өдрөөр нь чухам юу болсон талаар эгчдээ юм яриагүй ч найзуудтайгаа “Уулзаж байгаад нэг юм ярьмаар байна", “Ярих юм байна” гэж их санаа зовнингуй ярьж байхыг эгч нь сонсчээ.
Баримт 20: Талийгаач охин 2015 онд ХААИС-ийн Үйлдвэрлэлийн менежмэнтийн ангийг төгсөөд “Sky media’’-д дөрвөн cap оператор, “Оргил” худалдааны төвийн ресепшин, менежерээр ажиллаж байжээ.
Баримт 21: 2017.02.20-ны өдрөөс эхлэн “Сохо мебель" тавилгын дэлгүүрийн “Эх Монгол” гэх компанид даргын туслах, нарийн бичгээр ажиллаж эхэлжээ.
Баримт 22: Ар гэрийнхний ярьж байгаагаар тэр компанийн камерийн бичлэг 3 сар болоод устдаг гэнэ. Гэтэл 6 сарын 1-нээс хойшхи бичлэгээ устгасан байгаа нь их "но"-той санагдаж байгаа аж.
Баримт 23: Охиныг цагдаагийн байгууллагаар явж байтал ажлаас нь аль хэдийнэ халчихсан байжээ. Талийгаачийн найз охин нь ажил хайгаад зар хартал “Сохо мебель” компанид “Захирлын туслах ажилд авна” гэсэн зар харсан байна.
Баримт 24: Охины яг юунаас болж амиа алдсан эсэх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дараа гарна.
24Tsag.MN
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ