-ЭХ ОРНООСОО УРВАХ ЗААЛТЫГ “БҮДГЭРҮҮЛЭЭГҮЙ” ГЭСЭН
ТАЙЛБАР ХИЙСЭН Ч... -
УИХ-ын гишүүн О.Баасанхүү шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд эрх орноосоо урвах заалтыг зөвхөн дайн, байлдааны үед хамаатуулсан утгаар оруулж өгсөн явдлыг анхлан олон нийтэд хүргэсэн. Түүнийг гадны тагнуулын байгууллагад элссэн, мэдээ материал дайны бус үеэр дамжуулсан бол эх орноосоо урвах ангилалд орохгүй байгааг шүүмжилсний төлөө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр чуулганы танхимын үүдэнд ёс бусаар дуудсан талаар ч сөхөж байв.
Эрх баригч намын зүгээс тухайн үед О.Баасанхүү гишүүний мэдээллийг үгүйсгэхдээ “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 /Эх орноосоо урвах/, 19.4 /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/ дүгээр зүйлүүдэд тус тус объектив талын үйлдлээр нь хоёр салгаж өгсөн хэмээн тайлбарлаж байсан юм.
Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь хорино” гэж зааж өгсөн.
О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн эх орноосоо урвах тодорхойлолтод гадны тагнуулын байгууллагад элссэн, мэдээ материал дамжуулсан зэрэг үйлдлүүдийг оруулан тооцоогүй байсан билээ. Уг асуудалд олон нийт ч шүүмжлэлтэй хандаж, хэний ямар захиалгаар Эрүүгийн хэргийн хүнд заалтуудыг зөөлрүүлж, ангилах замаар сул орхив хэмээн хардахад хүрсэн билээ.
Тиймээс ч эрх баригч намаас орхигдуулаагүй хэмээн гүрийж байсан заалтуудаа “Эх орноосоо урвах” ангилалд хамруулан шинээр боловсруулж, Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахаар өргөн бариад байгаа юм.
Шинээр өргөн баригдаад буй хуулийн төслийн танилцуулгад, өөрчлөлт оруулах шаардлагаа “Тус хуулийг хэрэгжүүлэн ажиллах мэргэжлийн байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьж байгааг харгалзан энэхүү хуулийг төслийг боловсрууллаа” хэмээн онцолжээ.
-ДАХИН ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ-
Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд дахин өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. Хийгдэх гол өөрчлөлт нь, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн заалт хүчингүй болж, 19.1 дэх “Эх орноосоо урвах” гэсэн хэсэгт зүйчлэгдэн орно гэсэн үг.
Хуулийн төсөлд, “19.1 дүгээр зүйл. Эх орноосоо урвах
НЭГ: Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
ХОЁР: Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албанд элссэн; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ГУРАВ: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Гадаад улсын тагнуулын албанд элссэн гэдэгт гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласныг ойлгоно.
-Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж дурдаж өгсөн байна.
Ингэж О.Баасанхүү гишүүний гаргаж тавьсан үндэслэл батлагдаж, эрх баригч нам хуулиа дахин эргэж харах шийдэлд хүрлээ. Эрүүгийн хэргийн ийм чухал элементийг зориудаар сулруулах, өөр ангилал руу аваачиж хийх сонирхол чухам хэнд байв гэсэн асуулт эндээс гарна. Уг нь Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах замаар хоёр чуулган дамнан хэлэлцсэн. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр ажлын хэсгийнхэн нойр хоолгүй сууж байгаагаа тайлбарласаар байсан өдрүүдэд энэ заалт тэдний нүдэнд торолгүй үлдсэн нь хачирхал төрүүлнэ.

Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ