Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын ...р байрны 22-р давхараас орой 17:00 цагийн үед унаж амиа алдсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй талаар манай сайт өчигдөр анхлан мэдээллэсэн.
Тодруулбал, талийгаач Ж өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж ирсэн. Ингээд цагдаагийн байгууллага түүний гомдлыг шалгах явцад ийн амиа хорлосон юм. Тэрбээр “Их Монгол” группын харьяа “Сохо мебель” ХХК-ийн захиралын туслахаар ажилд ороод гуравхан сар болж байжээ.
Бид тэнцвэрт мэдээлэл бэлтгэх зорилгоор “Сохо мебель” компанид очсон ч тэдний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Тиймээс бид Болсон хэрэг явдлын талаар уншигч та бүхэнд хүргэх зорилгоор талийгаач Жавхааг өсгөсөн нагац эгч Б.Нарангэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.
Биднийг гэрт нь очиход эмгэнэл илэрхийлэхээр очих хүмүүсийн хөл тасрахгүй, Б.Нарангэрэл зулын өмнө уйлан суух дүр зураг биднийг угтав. Шинжээнд нь талийгаачийн зураг хөргийг бүү тавиараа гэсэн учраас өөр бурханы зураг тавьж, өмнө нь зул асаажээ.
-ЗАХИРАЛ НЬ АЖИЛ ДЭЭРЭЭ АРХИДААД ОХИНЫГ МААНЬ ЖОЛОО БАРЬЖ
ГЭРТ ХҮРГЭЖ ӨГ ГЭЖ ДАРАМТАЛСАН БАЙСАН-
-Та бүхэнд эмгэнэл илэрхийлье. Яг юу болчихов оо. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Зургадугаар сарын 5-нЫ 17:20 минутын орчимд Нарны хорооллын 18-р байрны 22-р давхараас танай охин үсэрч амиа алдсан байна гэсэн мэдээллийг бидэнд цагдаагийн байгууллагаас өгсөн. Өөрөө үсэрсэн юм уу хүн түлхчихсэн юм уу бүү мэд. Ар гэрийнхэн бидний хувьд амиа хорлоогүй, бусдад хорлогдлоо л гэж үзэж байна. Юунаас үүдэлтэй амиа хорлоход хүрэв гэхээр “Сохо мебель” компанийн Жадамбаа гэх захиралтай холбоотой гэж үзэж байгаа. Жадамбаа гэх залуугаас охиныхоо амийг нэхмээр байна. Манай талийгаач тэр компанид ажилд ороод гурван сар л болж байсан. Хоёрдугаар сарын 20-ноос тушаал нь гараад тавдугаар сарын 31 хүртэл ажилласан.
-Захирал нь зодсон гэсэн гомдлыг Хан-Уулын цагдаад гаргасан байх үедээ ийм зүйл болчихлоо. Тэр өдөр юу болсоныг та ярихгүй юу?
-Тэр Жадамбаа гэдэг залуу их л архи уудаг хүн юм шиг байна лээ. Архи уухаараа дарамталдаг юм уу яадаг юм. 30-ны орой би ажлаасаа тарж ирэхэд талийгаач маань гэртээ ирээгүй, оройны 11 цаг болж байсан. Тэгэхээр нь би залгатал “Би ажил дээрээ байна. Захирал хүмүүстэй архи уугаад. Намайг машин барьж гэрт хүргэж өг гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би олон эрчүүд архи ууж байгаа юм бол яах ч юм билээ гэж бодоод “Наадуулаа хаяад гараад ир” гээд залгасан. Манай Жавхаа бие хаа, царай зүс сайтай сайхан охин шүү дээ. Тэгж яриад удаагүй 15-20 минутын дараа Жавхаа маань гэртээ хүрээд ирсэн. Тэгэхэд нь би ийм дарамттай ажил юм бол гар гар гэж жаал жуул юм ярьж байгаад унтсан. Өглөө нь буюу тавдугаар сарын 31-ний өглөө 9 өнгөрөөд бид хоёрыг босоход ажлаас нь утасдаад байсан. Тэгээд ажил руугаа яваад өдөр 13:30 цагийн үед над руу утасдсан. “Нараа эгч ээ, намайг захирал зодчихлоо” гэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ, би очъё” гээд гэрээс гарах гэж байтал буцаж залгаад “Захирлыг цагдаа аваад явчихлаа. Би гүйцэтгэх захиралтай хамт цагдаа дээр явж байна” гэхээр нь би очоогүй юм. Жавхаа маань тэр өдөр Хан-Уул дүүргийн цагдаад өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн байсан. Ингээд 15 цаг өнгөрч байхад хамар нь битүү гэмтсэн байдалтай хөхөрчихсөн гэртээ ирсэн. Тэгээд би дахиж гэрээс гаргаагүй. Ахыг нь дуудсан. Жавхаагийн ах нь эхнэртэйгээ тусдаа амьдардаг. Жавхаа надтай хамт амьдардаг юм л даа. Тэгээд ах нь ирээд болсон явдлыг сонсоод цагдаа руу хамт явахаар болсон.
“СОГТУУ БАЙХАД НЬ ХАЯЖ ЯВЛАА ГЭЖ УУРЛААД, ХОРМОЙ ХОТЫГ
НЬ СӨХӨӨД БАЙСАН ГЭСЭН-
-“Сохо мебель”-ийн захирал Жадамбаа цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ Жавхааг өмнөх өдөр нь буюу 30-нд бааранд явж байгаад хүмүүст зодуулсан гээд хар нүдний шил зүүж ажил дээр ирсэн” гэх утгатай зүйл ярьсан гэсэн. Худлаа мэдүүлэг өгсөн байх нь ээ?
-Худлаа. Өөрийгөө энэ хэргээс мултлах гэсэндээ худлаа ярьсан байх. Манай Жавхаа баар саванд архидаад явах байтугай архи үнэртүүлсэн хүний хажууд тэсч, үнэрийг нь ч авч чаддаггүй хүүхэд. 30-ны орой 11 өнгөрөөд гэртээ ирэхдээ ямар ч зодуулж нүдүүлсэн зүйл байгаагүй.
-Захирал нь яг ямар учраас зодсоныг танд хэлсэн үү?
-31-ний өглөө ажил дээрээ очиход нь “Наад ширээгээ цэвэрлэ” гээд өрөөндөө ганцаараа шал согтуу сууж байсан гэсэн. Тэндээ хоносон юм шиг байсан гэж байсан. Тэгээд орой согтуу байхад нь хаяад явлаа гэсэн юм уу даа. Нимгэн хар даашинзтай байсан. Хормой хотыг нь сөхөөд байхаар нь эсэргүүцэл илэрхийлэхдээ унаад ширээ мөргөсөн гэж хэлсэн. Тэгэхэд араас нь үсдээд авсан гэсэн. Өөрөө ширээ мөргөсөн гэж хэлж байгаа ч тэр хамарны хөхрөлтийг харахад нэмж зодсон байх гэж бодож байгаа. Ширээ мөргөсөн бол шалбараад л өнгөрнө дөө, уг нь.

Зураг: Охин энэ цонхноос унажээ
-ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ГЭЖ ҮЗЭХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ-
-Дахиад Хан-Уулын цагдаа дээр очиход өргөдөл нь байхгүй байсан гэж үнэн үү?
-Зургадугаар сарын 1-нд эх үрсийн баяр гээд бүх нийтээр амарсан болохоор гэртээ байж байгаад зургадугаар сарын 02-нд цагдаа дээр очиход Жавхаагийн өргөдөл гомдол байхгүй гэж Хан-Уулын цагдаагийхан хэлсэн байгаа юм. Тухайн үед Жавхаа ахтайгаа хамт явж байсан болохоор ах нь Жавхаагаар дахиад өргөдөл бичүүлээд өгсөн. Гурванд нь гэмтлийн эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгохоор явсан. Хариу нь гараагүй байгаа. Ингээд зургадугаар сарын 05-нд цагдаа дээр очиж байцаалт өгөх байсан. Хан-Уул дүүргийн цагдаа руу явж байгаад “Сохо мебель”-ийн камерыг шалгуулахаар цагдаагаас өгсөн бичгийг өөр машинд хийгээд мартсан байснаа буцаж ирээд Цамбагараваас тэр машинаас бичгээ авсан байгаа юм. Ингээд Жавхаагийн толгой өвдөөд байна гэхээр нь Цамбагаравын яг хажууханд нь байсан эмийн сан руу орж полдамин аваад бэр эгчтэйгээ хоёулаа нэг нэгийг уусан гэсэн. Цагдаа руу хөдлөх гэтэл Жавхаа “Эмийн сангаас хариултаа авахаа мартчихаж” гээд гүйгээд явсан байгаа юм. Тэгээд л 16:30 минутын үед алга болчихсон.
-Утас руу нь залгаж хаачсаныг нь асуусан юм болов уу?
-Ах нь эхнэртэйгээ тэр хавиар хайгаад олдоогүй. Утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Тэгээд 17:20 цагийн орчимд амиа алдсан байдалтай олдсон. Тэр Нарны хорооллын 22 давхарын цонхны шилийг бүр гараараа хүчтэй цохисон мөр байна гэсэн. Цагдаагийнхан шинжилж байгаа байх. Би хэргийн газарт очсон ч яг дээшээ 22 давхарт нь гарч зүрхлээгүй. Тэр үсэрсэн цонхыг нь манай хэд харсан. Тэгэхэд Жавхаагийн дайтай өндөртэй хүний цээжээр бараг татахуйц өндөр ханатай. Тэгээд тэрнээс дээшээ цонх нь байсан гэж байгаа. Гэтэл тэнд цонх руу авирсан хөлийн ул мөр гэх зүйл ер байгаагүй. Ганцхан хөлний мөр хананд үлдсэн байсан. Эмэгтэй хүүхэд тэр өндөр хананд хөлөөрөө ганц тулаад л шууд цонхоор уначихна гэж байхгүй. Ядаж амиа хорлох гэж байгаа хүн цонхон дээрээ зогсож байгаад хэдэн минут секунд боловч бодно биз дээ. Энэ үйлдэл зөв үү буруу юу гээд, ядаж доошоо харна. Гэтэл бичлэгээс харахад толгойгоороо унаж байгаа юм. Уг нь өөрөө үсэрсэн бол бөгсөн биеэрээ унамаар юм. Цүнхээ үүрээстэйгээ үсэрсэн. Ямар нэг гадны нөлөө байсан л гэж үзэхээс өөр арга алга. Утас нь эвдэрчихсэн байна лээ. Цагдаагийн байгууллага бүх нотлох баримт, эд зүйлийг хурааж авсан. Үнэн мөнийг нь олж тогтоож өгнө гэдэгт найдаж байна. Миний охин үнэхээр амиа хорлосон байлаа гэж бодоход хүнийг амиа хорлох хүртэл нь яаж дарамталсан байх вэ. Үнэн мөнийг л олмоор байна. “Өргөдөл гомдол гаргаад хэрэггүй. Бидэнд хууль үйлчлэхгүй” гэж Сэлэнгээ захирал нь утсаар ярьсан гэж Жавхаа надад хэлж байсан.

-ЭНЭ АСУУДЛААР ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН ХҮҮХЭД-
-Нарны хорооллын камерын бичлэгийг үзсэн үү?
-Үзсэн. Цагдаа нар надад харуулсан. Жавхаа маань бичлэгт “Приус 30” маркийн машинаас буугаад ерөөсөө амиа хорлох гэсэн хүний шинжгүйгээр их цоглог алхаад, тэр байшин руу яараад орчихсон. Бичлэг дээрээс харахад лифт 16 давхарт зогссон байсан. Харин Жавхаа 22 давхараас үсэрсэн байсан. Тэр хорооллын нэгдүгээр давхар болон гадна л камертай, бусад давхарт нь камер байдаггүй юм билээ. Нэг сонин зүйл байгаа нь 16 давхарт лифт зогссоноос хойш 15 орчим минутын дараа Жавхаа үсэрсэн. Тэгэхээр бид тэр давхаруудын хооронд хүн хүлээж байсан юм болов уу, хүнтэй уулзсан юм болов уу гэж сэжиглэж байгаа.
-Жавхаа зан аашийн хувьд ямархуу хүүхэд байсан бэ. Сургуулиа хэзээ төгссөн бэ?
-2011 онд аравдугаар ангиа төгсөөд 2015 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар тариалан, үйлдвэрлэлийн менежментийн ангийг төгссөн. Тэгээд нэг хэсэг аар саар ажил хийж байгаад өнгөрсөн хоёрдугаар сараас орсон ажил нь энэ. Зан аашийн хувьд маш сэргэлэн, хурц зантай. Хүний асуусан асуултад өөрийн гэсэн часхийсэн хариулт өгчихдөг. Өөрийгөө өмгөөлж хамгаалах чадвартай. Потенциал өндөртэй, хятад хэл сурч байсан. Англиар хөөрхөн ярьдаг. Аливаа юмыг бие дааж их оролддог. Арван жилдээ ямар сайн хүүхэд байсныг нь тодорхойлсон багш нарынх нь тодорхойлолт байна. Ер нь энэ болсон асуудалд эцсээ хүртэл тэмцэнэ, явна л гэж ярьж байсан хүүхэд.
-ТАВДУГААР САР ГАРААД Л “АЖЛААС ГАРМААР БАЙНА” ГЭЖ ЯРЬЖ ЭХЭЛСЭН-
-Аав, ээжгүй өссөн хүүхэд юм уу?
-Аав нь есөн настай байхад нь, ээж нь 11 настай байхад нь нас барсан. Тэрнээс хойш л миний охин болж надтай хамт амьдарч эхэлсэн хүүхэд. Би өөрөө нэг хүүтэй. Тийм болохоор өөрийхөө охин шиг л харж ханддаг байсан. Өнчин гэж хүнд хэлүүлэхээсээ хамгийн их эмзэглэдэг байсан.
-Ажилд ороод гурван сар болох хугацаанд захирал нь ийм тийм ааш гаргадаг гэж танд ярьж байсан уу?
-Ажилд орсон эхний хоёр сар их аятайхан байсан. Манай захирал надад их сайн ханддаг. Авах юм ихтэй, өргөн талын мэдлэгтэй хүн юм гээд аягүй сайнаар ярьдаг байсан. Ингээд тавдугаар сар эхлэнгүүт л “Би ер нь энэ ажлаас гармаар байна” гэж ярьж эхэлсэн. Бид хоёр зургаан сар нийгмийн даатгалаа бөглүүлчих зорилготой байсан юм л даа. Тэгвэл би “Приус 30” машин лизингээр авч өгье гээд ярьчихсан байсан юм. Тийм болохоор тухайн үед гармаар байна гэхэд нь би тэвчээд зургаан сар ажилчих гээд хэлчихсэн юм. Одоо бодоход би тэгж хэлсэндээ үнэхээр харамсаж байна. Хөөрхий минь тэвчээд л байгаад байсан байх.

-“СОХО МЕБЕЛЬ” КОМПАНИАС БИДЭНД ЭМГЭНЭЛ Ч ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ-
-Жавхаа захирал та бүхэнтэй холбогдсон уу, хэдэн настай хүн юм бэ?
-1979 онд төрсөн 40 хүрч яваа залуу байна лээ. Би тэр Жадамбааг хараагүй. Хүүхдийнхээ нийгмийн даатгалын дэвтэрийг авах гэж ажил дээр нь очсон. Тэгэхэд Жадамбаа нь байхгүй байсан. Сэлэнгээ гэдэг захирал нь уулзсан. Тэр хүн надад “Танай хүүхэд 30-нд хоёр залууд зодуулчихсан гэсэн” гэж хэлсэн. Маш сонин харьцаатай хүүхэн байсан. Би аргаа бараад “Жавхаа маань бурхан болчихлоо. Чи тэр Жадамбаа захиралдаа хүн сэтгэл гаргаад над руу залгаарай гэж хэлээрэй гээд утсаа үлдээгээд, иргэний үнэмлэхээ канондуулаад, гэрийн хаягаа үлдээсэн. Би тэр залууг барьж аваад зодохгүй. Тэр хүн над руу залгаад болсон процессыг хэлэх юм болов уу, адаглаад уучлалт гуйх болов уу гэж бодсон. Бүр үгүй юм гэхэд эмгэнэл гашуудал илэрхийлж болох л байхгүй юу. Гэтэл өдийг хүртэл огт холбоо барьсангүй.
-Жадамбаа гэх захирал гэр бүлтэй хүн юм уу?
-31-нд Жавхааг цагдаа сэргийлэхээр явж байх үед “Сохо мебель” компани захирлын туслах ажилд авна гээд зар тавьчихсан байна гэсэн. Ажил хайж байсан Жавхаагийн найз тэгж хэлсэн. Тэгэхээр миний охиныг зодоод аль хэдийнэ ажлаас нь халчихаад, өөр хүн ажилд авах гээд зар тавьсан байгаа юм даа. Тийм айхтар хүмүүс. Бидэнд бас нэг мэдээлэл ирсэн. Тэр Жадамбаа гэдэг залуу одоо эхнэр, дөрвөн хүүхэдтэй юм гэсэн. Гэтэл тэрнээс өмнө бас нэг хүүхэнтэй үерхэж байгаад тэр нь бас байшингаас үсэрч амиа хорлосон гэсэн юм сонсогдож байна. Үнэхээр тийм бол айхтар байгаа биз. Энэ хүнийг хууль хяналтынхан сайн шалгах л хэрэгтэй.
-Задлан шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Задлангийн хариу 14 хоногийн дараа гарна. Мэдээж өндрөөс унасан болохоор амиа алдсан шалтгаан нь тодорхой л байх байх. Гэхдээ би бас цус, давсагнаас нь давхар шинжилгээ аваарай гэж хэлсэн. Юмыг яаж мэдэх вэ. Цусанд нь ямар нэг юм хийж, тариа тарьчихсан ч юм бил үү. Таксинаас буугаад орц руу ороход нэг хүн тэр хавиар утсаар ярьж холхисон, дагаж орц руу ороод хамт цахилгаан шатанд суусан бичлэг байгаа юм. Дагаж орц руу орохдоо нүдний шилээ зүүгээд байгаа юм. Үнэхээр сэжигтэй. Энэ бүхнийг шалгаасай гэж хүсч байна. Тэр байранд ямар ч таньдаг хүн байгаагүй.
-Үерхдэг залуутай байсан уу?
-Энэ өвөл найз залуутай болсон. Тэр нь гадаадад байдаг гэж надад ярьж байсан.
Эх сурвалж: Medee.MN
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ