-ЗАСГИЙН ГАЗАР 0-5 ХУВИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ТОГТООНО-
Эрх баригч нам ерөнхийлөгчийн сонгууль угтаж, “Приус” машины татварын нэмэгдлийг хөнгөрүүлэхээр болов. Холбогдох хуулийн төсөл нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаас ердөө долоо хоногийн дараа өргөн баригдлаа. Уг нь Б.Чойжилсүрэн сайд “ОУВС татвараа нэм гэж шахсан” хэмээсээр 2017 оны төсвийн тодотголыг батлуулсан. Гэтэл эдүгээ өнөөх “Зайлшгүй биелүүлэх шаардлагатай урьдач нөхцөл” хэмээж байсан татварын нэмэлтээ сонгуульд зориулан буулгах шийдэл хайж байна.
Өмнө нь манай улс хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинуудаас онцгой албан татвар авдаггүй байсан. Харин шинэ хуулийн үйлчлэлээр 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгдсэн оноос хойшхи хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан татварыг нь тогтоосон тооноос 50 хувь хөнгөлнө гэсэн үг. Гэхдээ энд “хөнгөлнө” гэдэг ч нэг их зохимжтой биш. Утгачилбал, өмнө нь тэг хувь байсан татварыг 50 хувиар нэмэгдүүлсэн явдал. Ингэхдээ 100 хувь байх боломжтой ч бид харж үзээд 50 хувь руу орууллаа гэх утга хавчуулсан хэлбэр юм.
Ийм байдлаар дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдох хуулийн зохицуулалт үйлчилж эхлээд буй. Гэхдээ энд дахиад л тайлбар зүүе. Эхний тоо нь насжилт 0-3 жил доторхи машинд хамаарна. Насжилт ихсэх тусам татвар нэмэгдэнэ. Ингэж өгссөөр татварын дээд түвшин 65 сая 975 мянгад хүрчээ. Одоо энд хуулийн ямар шинэ өөрчлөлт орох вэ гэхээр, Засгийн газар 0-50 хувийн татварын хөнгөлөлт тогтооно.
Тодруулж хэлбэл, Засгийн газар “Приус” машины татварыг тэдэн хувь, “Королла” маркийн машиныг төчнөөн хувь гэхчилэн тогтоож өгнө гэсэн үг. Тооны хувь хэмжээ нь 0-50 хувийн дотор хэлбэлзэх нь. Үйлчлэх хүрээлэл нь хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан хөдөлгүүрт автомашинууд байна. Түүнээс биш өмнөх хуулийн үйлчлэл буюу татварын тэглэлт явагдахгүй.

Зураг: Суудлын автомашинд ногдуулсан татварын нэмэгдэл. 2017 оны тавдугаар сарын 1 өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
-ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТТАЙ СУУДЛЫН АВТОМАШИНУУД
ТАТВАРЫН БУУРАЛТАД ХАМРАГДАХГҮЙ-
Шинээр хэрэгжиж буй Онцгой албан татварын тухай хуульд суудлын автомашины татварыг 50 хувиар хөнгөлөхөөр тусгаж өгсөн. Одоо Засгийн газар, УИХ-ын түвшинд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын татварыг эргэж харахаар ажиллаж эхэллээ. Тэгэхээр суудлын автомашины ерөнхий ангилалд багтдаг шатахуун зарцуулалттай автомашинуудын татварын нэмэгдсэн хувь хэмжээ хэвээр хадгалагдана гэсэн үг.
Ухаандаа “Приус” оруулж ирдэг ченж нар татварын бууралтад хамрагдах бол шатахуун зарцуулалттай энгийн хэрэглээний автомашинууд импортоор оруулдаг хэсэгт хууль үйлчлэхгүй аж. Ингэснээр өнөөх л татварын өндөр төлөлт энэ хэсэгт хэвээр үйлчилнэ. Тэр хэрээрээ “Приус”-ээс өөр маркийн машин унах сонирхолтой иргэдийн нуруун дээрх ачаа илүү хүндэрнэ гэсэн үг юм.
Сонирхолтой нь, ченжүүдэд суудлын автомашины татварын нэмэгдэл төдийлөн хүндрэл учруулахгүй байгаа гэх. Учир нь, татварт төлсөн мөнгөө нэмээд зарчихна. Угаасаа суудлын автомашины эрэлт өндөр, борлуулалт түргэн байдаг учир тэд онцын хохирол амсахгүй аж. Татвар нэмэгдсэний дараа хэд хэдэн хэвлэлийн хурал зарлагдаж, нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа ченжүүдийн төлөөлөл мэдэгдсэн ч тэгсхийгээд өнгөрсөн. Тухай бүр ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй эмзэг үед шуугиан дэгдээхгүй байхыг сануулан, тохироо хийгдэж, гааль дээрх машинуудыг нь нэвтрүүлсэн гэх мэдээлэл ч бий. Ийм маягаар ченжүүд чимээгүйхэн амаа бариулцгааж, эрх баригч намаас Х.Нямбаатар тэргүүтэй залуу гишүүддээ шинээр хууль санаачлах саналыг Засгийн газарт хүргүүлэх чиглэл өгчээ.
- НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАРААНА-
Суудлын автомашинд 50 хувийн татварын хөнгөлөлтийг эдлүүлээд (өмнө нь 0 хувь байсан) даруй сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд импортоор орж ирсэн хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын төлсөн татварыг эргүүлэн олгохоор хуулийн төсөлд тусгаж. Эргүүлэн олгох шаардлагатай мөнгө нь нэг тэрбум орчим төгрөг байх аж.
Хуулиар татварын буцаан олголтыг зөвшөөрсөн тохиолдолд өнгөрсөн нэг сарын хугацаанд импортоор суудлын автомашин оруулж ирэгчид зөрүү мөнгөө авах эрх үүснэ гэсэн үг. Цаашлаад улсын төсөвт суудлын автомашины онцгой албан татварын нэмэгдлээр орж ирсэн 57 тэрбум төгрөгийн биелэлт зуун хувь биелэхгүй байх нөхцөл байдал үүсэв. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар улсын төсвийн алдагдал 255 тэрбумд хүрээд байсан. Энэ тоог эрчимтэй өсөхөд автомашины онцгой албаны хувь хэмжээг шинээр тогтоох үйл явц басхүү их, бага хэмжээгээр нөлөөлөхөөр байгаа юм.
Харин хэрэгжиж эхлэх хугацааны тухайд УИХ дээр хэлэлцэж байж тогтоохоор Засгийн газар саналаа боловсруулжээ. Засгийн газраас шууд хугацаа тогтоож өгөх угаас боломжгүй. Хуулийг тодорхой хугацаанд хэрэгжүүлж, хөнгөлөлт үзүүлэх хувилбар яригдаж байсан ч Засгийн газраас огноог нь хоосон зайгаар оруулж иржээ.
УИХ-аар нэн яаралтай дэгээр хэлэлцэгдэхээр орж ирсэн уг хуулийн төсөл ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө гэрлийн хурдаар батлагдаж, хэрэгжиж эхлэх нь тодорхой. Магадгүй энэ долоо хоногтоо яаралтай горимоор нь “шууруулчих”-ыг нь үгүйсгэх аргагүй юм. Гэвч “Приус”-ын татварыг эргэж харж буй Засгийн газрын жишиг үзүүлж, ард нь шатахуун зарцуулалттай суудлын автомашинуудын татварыг хэвээр үлдээж буйг энд зориуд тэмдэглүүштэй.
Эх сурвалж: Medee.MN
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв