-ДАВХАР ИРГЭНШИЛ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА-
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ажлаа аваад удаагүй байхдаа “Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харъяаллыг зөвшөөрдөггүй. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэж мэдэгдэж байв.
Нэгэнт салбарын сайд нь ингээд мэдээлчихсэн учраас олон нийтийн дунд хүлээлт үүсчихээд байна.Энэ талаар Ц.Мөнх-Оргил сайдаас дахин тодруулах бүрд “Давхар иргэншлийн асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулагдсан. Гадаадад төрсөн Монгол ээж, аавтай хүүхдүүдэд давхар иргэншил олгоно” гэж мэдэгдэж буй юм. Үнэхээр ч давхар иргэншлийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхой хүрээнд судалгаа явуулж,дөрвөн удаа хуралдан, саналаа нэгтгэжээ.
Яг одоогийг байдлаар бол давхар иргэншлийн асуудлаар хуулийн төсөл боловсруулагдаж эхлээд байгаа аж. Хуулийн төслийн гол агуулга нь, гадаадад төрсөн Монгол ээж, аавтай хүүхдүүдэд давхар иргэншил олгох. Ингэхдээ Үндсэн хуулийн 15.1-д иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно гэсэн заалтын хүрээнд тодорхой эрхзүйн орчинг үүсгэхээр зэхэж буй юм.
“Харъяатын тухай хууль”-д Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж заасан.
Тэгэхээр шинээр боловсруулагдаж буй уг хуулийн төсөлтэй хамт Үндсэн хууль, Харьяатын тухай хуулиудаа давхар эргэж харах шаардлага үүсэхээр байна. Чухам иймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээзнэсэн байдалтайгаар, давхар иргэншлийн асуудал нам жимхэн, тодорхой хүрээлэлд яригдаж, бэлтгэлээ хангаж байгаа гэж болно.
Уг нь давхар иргэншил анхлан хэдхэн тамирчдын хүрээний асуудал байв. Энэ хүрээ тэлэхдээ гадаадад амьдарч буй Монголчуудын лобби улстөрчдөд нөлөөлөх хэлбэрт шилжсэн. Улмаар улстөрчдийн өөрсдийнх нь сонирхол үүн дээр нэмэгдчихээд байна.
-ГАДНЫ ОРНУУД БА МОНГОЛ УЛС-
Дэлхий дээр Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Өмнөд Африк, Египед, Ирак, Итали, Израйль, Ирланд, Унгар, Швед, Серби, Армен, Ливан, Мальт, Испани ,Тонга, Филипини, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан зэрэг улсууд давхар иргэншлийг зөвшөөрдөг. Гэхдээ сүүлийн жилүүдэд улс орнууд аюулгүй байдлын үүднээс давхар иргэншлийг хязгаарлах бодлого барьж буй юм.
Ерөнхий утгаараа давхар иргэншлийг тусгаар тогтнол нь бэхжиж, хүн амзүйн хувьд санаа зоволтгүй АНУ шиг их гүрнүүд зөвшөөрөх нь бий. Эсвэл европ шиг хөгжил, соёл төстэй, хөрш зэргэлдээ оршдог, жижиг улсууд хүлээн зөвшөөрдөг.Зарим оронд хөрөнгө оруулалтын тодорхой босго зааж, өгөөд шууд давхар иргэншлээр бүртгэх тохиолдол ч байна. Гол нь, давхар иргэншил зөвшөөрлөө гээд дуртай улсын иргэн нэвтрүүлэхгүй байх бодлогыг жижиг улсууд баримталж буй юм.
Гэтэл манайд бүх зүйл нь эсрэгээрээ. Геополитикийн хувьд хоёр их хөршийн дунд оршиж байна. Чухам энэ үүднээс судлаачид давхар иргэншлийг хоёр том эрсдэл дагуулна гэж храх нь бий. Үүнд,
НЭГ: хууль эрхийн талаас нь авч үзвэл, нэг улсын давхар харъяалалтай болон дан харьяалалтай иргэдийн хооронд эрхзүйн тэгш бус боломж үүсэх гээд байдаг талтай.
ХОЁР: давхар харъяалал нь үндэсний аюулгүй байдалд хамаатай. Үүнийг заавал үндэсний үзэлээр тайлбарлах албагүй. Юмны учир мэдэх хүмүүсийн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг шалтгаан нь хоёр том гүрний дунд оршдог гурван сая хүн амтай манай улсын хувьд дааж чадахгүй байх үндэслэл юм.
Нэгэн үе давхар иргэншил гэдэг асуудал цөөн хэдхэн тамирчдын хүрээнд яригддаг байв. Харин өнөөдөр бидний дэргэд ирж, хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал хүртэл хөндөгдөх дээрээ тулчихаад байна. Үүний нөгөө талд гадаадад төрсөн гэх шалтгаанаар Монгол Улсаар овоглож чадахгүйд хүрдэг хүүхэд багачууд, улсдаа нэмэр тусаа өгөх гэсэн залуу идэр үеийнхний хүлээлт байгааг үгүйсгэх аргагүй.
-ДАВХАР ИРГЭНШИЛ ХЭНД АШИГТАЙ БЭ-
Монгол Улс ингэж давхар иргэншлийг шууд бус замаар хүлээн зөвшөөрөх асуудалд анхаарлаа хандуулж эхэллээ. Өмнө нь яг ийм утга бүхий хуулийн төсөл ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилснаар УИХ-д өргөн баригдаж байсан. Гэвч өнгөрсөн парламент хэлэлцэхийг төвдөөгүй билээ. Одоо их яаралгүйгээгээр, гэхдээ энэ засгийн газрын үед асуудлыг шийдэхээр төлөвлөж.
Анхаарууштай нь, гадаадад төрсөн Монгол аав ээжтэй хүүхдүүдэд давхар иргэншил олгох асуудалд яагаад улстөрийн хүрээнийхэн анхаарах болов. Учир нь, манай томчуудын хүүхдүүд ихэвчлэн гадаадад амьдарч буйтай холбоотой. Тэдний үр хүүхэд давхар иргэншил авахаар хүний эрхийнхээ хувьд бүрэн дархлагдана гэсэн үг. Төрөөс төрсөн тэрбумтны үр хүүхдүүдийг хууль хүчнийхэн шалгалаа гэхэд шууд хил гатлаад нөгөө эх орон руугаа явчих боломжтой. Тэндээ нэг л очсон бол улсынхаа хуулийн өмгөөлөлд орчихно. Ерөөсөө л хамгийн гаргалгаа нь энэ.
Яахав, энэ завсар үнэхээр хүүхдээ Монгол Улсын иргэн болгох чин хүсэлтэй хилийн чинад дахь эх оронч үзэлтэй иргэдийн магнай тэнийнэ. Тэднийг ингэж гялайлгаж буй нэрийн дор төрөөс төрсөн тэрбумтнууд үр хүүхдээ гадагш нь дүрвүүлэх боломжийг тултал нь ашиглана. Нэг л өдөр шалгаад ороод ирж мэдэх учраас үүсч болох эрсдэлд бэлтгэж байна гэсэн үг.
Уг нь энэ асуудалд үе үеийн Гадаад хэргийн сайд нар, засгийн газар анхааралтай хандсаар ирсэн. Салбарынх нь онцлог нь тэр, үе үеийн засгийн газрын төрийн бодлогын гол залгамж халаа нь Батлан хамгаалах, гадаад харилцааны салбарт тогтвортой байсаар ирсэн билээ. Тиймээс бодлогууд нь төдийлөн өөрчлөгдөөд байдаггүй. Храьцангуй тогтвортой урагшилдаг жишиг бий. Гэвч энэ удаад бол үгүй бололтой.
Гадаадад байгаа цөөн хэдхэн Монголчуудын нэрийг бүү барих замаар төрөөс төрсөн тэрбумтануудаа улс дамнуулан зугтаалгах, хоёр улс дамжин тансаг амьдрах жимийг нь засах явцуу бодлогооор давхар иргэншлийн асуудалд хандаж буй нь харамсалтай.
Эх сурвалж: Medee.MN
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ