МАН эмзэг үед “төсөв”-өөр наадахдаа ОУВС-гийн нэрийг барив


-БҮЛЭГ ДЭЭР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДЖЭЭ-


УИХ-ын хаврын чуулган эхэлсэн даруйдаа 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, гэрлийн хурдаар баталлаа. Ердөө ажлын долоон өдөрт 2017 оны төсвийг тодотголыг хийв. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг гэхэд ердөө нэг өдөрт хийж, УИХ хэрхэн ажилладгаа яруу тодоор харууллаа. Бахархмаар, бас гомдмоор үйл явдал гэж энэ л байх.

 

Бахархмаар байдалд, УИХ-ын хурдан шалмаг ажиллагааг нэрлэж болно. Зүй нь төсвийн тодотголыг ядаж л ажлын 10 хоног хэлэлцсэн бол шүүсийг нь жаахан шахах боломж гарч ирэх байв.

 

Тодотгол хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд асуудалд нэлээд бодит өнцөгөөс хандаж, зардлыг бууруулах чиглэлд илүү дорвитой алхам хийхийг сануулж байв. Гэвч үр дүнд хүрсэнгүй.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС төсвөө ингэж өөрчил гэсэн болохоор түүнийг нь дагахаас өөр аргагүй” гэх утга бүхий ганц өгүүлбэрээр нам тагласаар өргөн баригдсан хувилбарт онцын өөрчлөлт оролгүй батлагдлаа. Тэрээр өнгөрсөн сард “Төсвийн тодотголыг дөрөвдүгээр сарын дундуур баталж амжина” гэж байсан төсөөлөл нь ч биеллээ олов. Нөгөө талд, ОУВС-гийн зүгээс Засгийн газрын оруулж ирсэн саналд үндэслэн, чиглэлээ өгсөн болохоо мэдэгдэж, залруулга хийх жишээтэй.

 

Эрх баригч намын зарим гишүүд  ч тэр. Дотооддоо “Төсвийн тодотгол намар дахин орж ирэх нь тодорхой. Тэр үед нь зардал бууруулах чиглэлд зоригтой дуугарна. Одоо ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй учраас бүлгийнхээ шийдвэрийг дагахаас аргагүй байна” гэж ярилцжээ.

Тэгэхээр төсвийн тодотголын ерөнхий жанжин шугам нь Сангийн яамны ажлын хэсэг, засгийн газрын гишүүдийн хамаарлаас хальж, МАН-ын төв байранд боловсруулагдсан гэх таамаг л батлагдана. Бүлэгтээ ч ерөнхий байдлаар тохирцгоосон. Ийм байдлаар тэд ОУВС-гийн нэрийг барих замаар төрийн албаны зардлыг танах чиглэлд өчүүхэн ч анхаарсангүй. Харин ч эсрэгээрээ сайд нарынхаа төсвийг 400 тэрбумаар нэмж, хүүхдийн мөнгийг танахаар оруулж ирсэн нь гайхаш төрүүлнэ.


-БИДНИЙ ТӨЛӨХ ТАТВАР ХЭРХЭН ӨСӨВ-


Төсвийн тодотгол батлагдсанаар ард иргэдийн амьдралд шууд нөлөөгөө үзүүлэх хэд хэдэн төрлийн татвар нэмэгдэж, тэтгэврийн нас дэлхийн жишигт хүрч өндөрсөж байна. Ирэх тавдугаар сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэгдэхээр хуульчлагдлаа. Үүнд,

 

Нэгдүгээрт: Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа юм.  

Хоёрдугаарт: Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Гуравдугаарт: Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүлнэ. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн гаалийн албан татвар ирэх сараас 30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.

 

Түүнчлэн долдугаар сарын 1-нээс шатахууны импортын онцгой албан татварын гурав шаталсан хөнгөлөлтийг хүчингүй болгоно. Уг нь энэ хөнгөлөлт эдлүүлэх шийдвэрийг мэргэжлийн Засгийн газраас гаргасан. Гишгэсэн шатаа эргүүлэн буулгах нь нэгэнт шинэ юм биш болжээ.

 

Мөнхүү их, бага харгалзахгүй хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авахаар боллоо. Ингэснээр хүүхдийн мөнгөний багахан хуримтлал, 100 сая төгрөгийн хадгаламж жигд байдлаар хүүгийн орлогоосоо татвар төлөх хууль эрх зүйн орчин бүрдэж байна. Үүнийг дагаад төгрөгийн хадгаламжтай иргэд  мөнгөө чөлөөт зах зээл рүү оруулах сонирхол ч нэмэгдэх болов. Энэ чиглэлд тодорхой бизнесүүд амжилттай хөгжинө гэж эдийн засагчид таамаглаж байна. Эсрэг талд нь хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөх замаар үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын зээл буурах эрсдэлтэй. Ажил олгогчдод нийгмийн даатгал болон эрүүл даатгалын шимтгэл нэмж төлөх нь ч бас хүнд тусна.

 

-ЭМЗЭГ ҮЕ-


Мэдээж олон нийт ийм шийдвэрүүдийг алга ташаад хүлээгээд авчихгүй. Эхнээсээ улс төрийн жижиг намууд суулт зарлахаа мэдэгдэж, бие даагч гишүүн ард түмэнтэйгээ хамтарч жагсаал хийнэ гэдгээ сануулаад амжив. Сөрөг хүчний зүгээс ч тэр, ОУВС-гийн нэрийг барих замаар эрх баригчид өөрсдийгөө өмгөөлж буйг хурцаар шүүмжиллээ.

Уг нь ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 28-нд болохоор товлогдоод буй. Тэр хүртэл зай ч байна, лай ч байна. Эрх баригч нам шөнө дөлөөр яаран сандран төсвийн тодотголыг баталж чадсан ч ерөнхийлөгчийн сонгууль тулсан эмзэг үед массын сэтгэхүй хаашаа ч эргэж мэдэх эрсдэл үүсэв.

 

2018 оноос хойш жил бүр тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх болсныг МАН-д итгэсээр ирсэн ахмадууд хэрхэн хүлээж авах бол. Цаашид МАН  эмзэг үеэ хэрхэн даван туулах, ерөнхийлөгчийн сонгуулиа пиартаа ямар мэргэн санаа бодож олохыг хүлээх л үлдлээ.

 

Эх сурвалж: Medee.MN