Мүүнээс салаад христийн замыг сонгосон БСШУЯ


Жүжигчин Б.Амарсайханыг “Шүдэнз зураад л эгч Б.Баярсайханыгаа БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулчихлаа” гэж шүүмжлэгсэд цөөнгүй байгаа. Шүдэнз зураад томилгоо хийлгэх нь ч хаашаа юм. Гэхдээ л Б.Амарсайхан Ардын намын нэг биш нэлээд хэдэн хүнд тус болсныг МАН, АН-ынхны аль аль нь сайн мэднэ.

 

Херо энтертэйнмэнтын захирал эцэг нэгт дүүгээ УИХ-д нэр дэвшүүлэхийн тулд олны талархал хийгээд эгдүүцлийг зэрэг хүргэсэн “Шүдэнз зурдаг” сурталчилгааг хийж, Ардын намынханд бэлэг барьсан гэх явган яриа хүртэл улс төрийнхний хүрээнд бий гээд л бодчих. За энэ яахав, гол сэдвээсээ түр хазайчихлаа, эргээд оръё.

 

 

“Мүүнчдийн яам” хэмээн чичлүүлж байсан БСШУЯ-ны удирдлагууд мөнхийн юм шиг сэтгэж суусан сэнтийгээсээ “хөөгдөж” УИХ-ын гишүүн асан Ж.Батсууриар удирдуулах болсоор хэдэн сарын нүүрийг үзэв. Гишүүн асан Ж.Батсуурийг “Сайдын суудлыг 1 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ” гэсэн мэдээлэл хүртэл тухайн үед цацагдаж байв. Ямар ч их мөнгө вэ дээ, хаанаасаа ч олдог байгаа юм, хэн мэдэхэв. Үнэн, худал л мэдэгдэхгүй энэхүү мэдээлэлд сайд ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй нь “Жингийн цуваа явж л байдаг …” гэдэг арга барилаар асуудалд хандсаных юм болов уу даа. Ямар ч байсан түүнийг сайд болохтой нь зэрэгцээд МУБИС-ийн захирлаар очих гэж байсан дүү Б.Батбаатар нь нэрээ татсаныг нь сайн мэдэж байна.

 

БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаярын хувьд Булганд нэр дэвших эрхээ сахал Бат-Эрдэнэд алдаад нүдэндээ нулимс цийлэгнүүлж явсан үе саяхан. Гэхдээ тэр үед нам нь үнэмлэхүй олонхи болох юм чинээ санасан бол юу ч гэж уйлахав. Түүний хувьд сайдаасаа илүү эрх мэдэлтэй гэгддэг бөгөөд үнэхээр ч энэ салбарыг нэдээд олон жил мэддэг болсон хүний хувьд яамныхаа бүхий л ажлыг нугалж байгаа гэнэ билээ. Ж.Батсуурь бол симбол төдий сайд гэсэн үг л дээ.

 

 

Ийм хоёр удирдлагын арын албыг амжуулахаар Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баярсайханы хувьд христчин гэдгийг нь уншигчид хэдийнэ гадарлачихсан байх. Ийгл телевизийг христийн кино, библийн сургааль нэвтрүүлж, монголчуудыг “соён гэгээрүүлж” байх үеэс захирлаар нь ажиллаж байсан энэ эмэгтэйг өмнөх Засгийн газрын мүүнчин Б.Насанбаяртай зүйрлэчихэд нэг их буруутахгүй нь лавтай. Түүнийг христийн шашинд гүнзгий нэвтэрсэн хүн гэдгийг ойр тойрныхон нь бүгд хэлдэг. Энэ хүрээндээ “Өгөх өдөр” хэмээх өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг.

 

Хүний шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиараа нээлттэй хэдий ч БСШУЯ мүүнчдээс салаад христчдийн замыг сонгосон нь сонин тохиолдол шиг санагдахгүй байна уу. Энэ яамны томоохон албан тушаалд шашны урсгалын томоохон төлөөллүүд заавал байх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг бололтой шүү. Шүүмжилж эхлэхээсээ өмнө ямархуу үйл ажиллагаа явуулахыг нь харж л сууя даа.

 

tsenzurgui.mn