СҮРГЭЭРЭЭ ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ БЭ, ХАЙРАН Ч МӨНГӨ


УИХ-ын дарга М.Энхболд саяхан 21 аймгийн удирдлагатай уулзахдаа  гадаад томилолтыг багасга гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Улмаар хэн гэдэг Засаг дарга хаашаа явсан талаар нэг нэгэнгүй уншиж танилцуулсан.

 

Тэгвэл энэхүү хэмнэлтийн асуудал парламентын гишүүдэд болоод өөрт нь огт хамаардаггүй бололтой. Учир нь тэрбээр эдгээр өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй. Гэтэл тэрбээр  10 гаруй  гишүүн дагуулаад тууж явах юм. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Жавхлан, Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар гээд их л өргөн бүрэлдэхүүнтэй явж байна.

 

 Төсвийн тодотгол хэлэлцэх гээд яаралтай ээлжит бус зарлах гэсэн ч ирц нь хүрэхгүй баларч байгааг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа халаглаж суусан. Тухайн үед гишүүд мөн л гадаадаар бөөн бөөнөөрөө айлчлал нэртэй боловсон зугаалга хийж байсан. Энэ удаад Япон улсад тууж яваа хүмүүсээс УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар нэр бүхий гишүүдтэй Унгар улсад туршлага судалж, суралцаж явсан. Гэтэл энэ удаад УИХ-ын даргатай мөн л айлчлаад завгүй явна.

Түүнчлэн МАН-ын гишүүд дунд саяхан л тэднийг гадаад руу юм үзээгүй юм шиг зугаалаад байна хэмээн бухимдаж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч багтаад авчээ. Эргэн сануулахад тэрбээр саяхан Монголын мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа “Би 2012 онд УИХ-ын гишүүн байсан хүн. Гэтэл арай ч ийм цангасан үхэр шиг бөөн бөөнөөрөө, шилрээд явж байхыг би огт хараагүй.

 

Энэ удаад гишүүдийн шилрэлт бүр хэрээс хэтэрч байна. Тэд зүгээр л төрийн мөнгөөр гадаадад очиж үзээд, зураг хөрөг энэ тэрээ даруулаад, таван одтой зочид буудалд буугаад, зугаалж байгаа” хэмээн бухимдуухан хэлсэн байсан. Тэгвэл тэрбээр тэдгээр “цангасан үхэр”-үүдтэй хамтдаа “шилрэхээр” шийдсэн бололтой.

 

Уг нь УИХ-ын дарга Япон улсаас очиж 850 сая долларын “гуйлга” гуйгаад ирэхийн тулд ийм олон хүн авч явах ямар хэрэг байсан юм бол. Албан бус эх сурвалжийн мэдэгдэж буйгаар УИХ-ын даргатай яваа нөхдүүд ирэх сарын 10-наас нааш ирэхгүй сурагтай. Тэгвэл УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногийн лхагва гариг буюу дөрөвдүгээр сарын 05-нд нээлтээ хийж чадахгүй бол гайхаад байх зүйл алга. Учир нь ийнхүү арав арваараа “шилэрч” яваа учир өнөөх ирц нь бүрдэхгүй байх магадлал өндөр байна.

 

Улс орны амин чухал асуудал буюу эдийн засгаа эрүүлжүүлэх талаар яригдаж байхад эрхэм гишүүд үндсэн ажлаа хийхгүй төсвөөс зардал гаргаад айлчлал, туршлага судлах нэрийдлээр боловсон “зугаалга” хийгээд явсаар л байх уу. Хэзээ ажлаа хийх улс вэ.

 

Ж.Өөдлөн