ОФФШОРЧДЫГ ӨРШӨӨХ ХУУЛИЙГ НЭХСЭН УИХ-ЫН ГИШҮҮД ХЭН БЭ


УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс дэлгэсэн оффшор бүсэд данс, хөрөнгө эзэмшдэг хөрөнгөтнүүдийн жагсаалт Монголын төрийн толгойны өвчин болж байна. Засгийн газар “төрийн албанд оффшор бүсэд хөрөнгө, данстай хүн ажиллуулахгүй. Ажиллана гэвэл гурван сарын дотор оффшороос хөрөнгөө татсаны дараагаар орж болно” гэх мэдэгдэл хийж, улмаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ зохицуулалтыг хийнэ гэж амласан. Ингээд нэг хуудас хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан боловч холбогдох хэлэлцүүлгийг дамжиж явсаар намрын чуулган завсарласан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шахаж Хаврын чуулганаар дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжихгүй бол төрийн албаа оффшорчдоос сэргийлнэ гэдэг бараг л худлаа болов уу.

 

Учир нь, УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы завсарлагаанаар оффшорчдыг өршөөх арга саам сэдэж, хуулийн төсөл нэхэж яваа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэдэн сарын өмнө МАН-ын бүлэг дээр ч оффшорчдыг өршөөх хуулийн төсөл гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн гишүүд байсан тухай ярьсан байдаг. Чуулганы танхим, байнгын хорооны хурал дээр оффшорыг хязгаарлахыг эсэргүүцсэн байр сууриа зоригтой илэрхийлж байгаа хэдэн гишүүн байдаг. Ц.Даваасүрэн, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар нарын гишүүд энэ хуулийг эсэргүүцэж байгаа. Гэтэл өмнөх парламентын үед Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталж, олон мянган аж ахуйн нэгжийг татварын хэргээс чөлөөлсөн. Их хэмжээний татвараас зайлсхийж байсан хэдэн аж ахуйн нэгж хуулийн үйлчлэлт хамрагдаж, хэдэн төгрөг улсад тушаасан, аль аж ахуйн нэгж хамгийн их татвар нууж байсан зэрэг мэдээлэл бүгд нууц. Нууц мэдээллийг задлах, хэвлэлд бичих, нөхөж хэрэг үүсгэх, зарга шүүхийг энэ хуулиар хориглосон. Ийм хачин янзын хуулийн араас дахиад оффшорчдоо өршөөе гэдэг санаа, санаачилга гарч байгаа нь байж болохгүй. Монгол Улс эдийн засгийн сахилга баттай болно, авлигаас ангижирна, өр зээлнээсээ сална гэж байгаа бол төрийн албан дахь оффшорчдоос татгалзаж, гадаадад хууль бус хөрөнгөө нуусан нөхдүүдийг олж илрүүлж, хэрвээ гэмт хэргээс олсон орлогоо гадагшаа гаргасан байвал улсын дансанд төвлөрүүлэх хэрэгтэй.

 

УИХ-ын дарга М.Энхболд энэ даваа гаригт, “Оффшорт данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог Төрийн албаны тухай хуулиар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн байна лээ. Түүний энэ мэдэгдэл удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганыг угтсан байх. МАН-ын дарга, Ерөнхийлөгчид өрсөлдөх хүний хувьд татвар төлөгчийн хөрөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдыг орлогоо гадаадад нууж, улсдаа татвар төлөхгүй байгаа явдлыг таслан зогсоох нь түүнээс хүлээх хүлээлт юм.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт“Монгол Улс хэдий хэмжээний татвар төлөгдөхгүй оффшор бүсээр дамжаад байгааг, хэдий хэмжээний хууль бус мөнгө тэдгээр бүс нутагт байршиж байгааг тогтоох болно.Олон улсын валютын сангаас 52 улс, бүс нутгийг оффшор бүс гэж зарласан байдаг юм. Үүн дээр үндэслэж Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд ийм улс орнууд, энэ бүс нутаг хамаарна гэдгийг тодорхойлж гаргана.Хууль батлагдсаны дараа Монголын төр оффшор бүсэд хувьцаа, данс эзэмшиж байгаа болон хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг тодорхой хугацааны дотор ийм мөнгөө улсдаа яаралтай оруулж ир гэдэг шаардлага тавина. Тодруулбал, 3 сарын дотор оффшор бүсэд хадгалсан, байршуулсан хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, эсхүл тухайн албан тушаалаас татгалзах зэрэг арга хэмжээг авч энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа.Ингээд байхад мөнгөө оруулж ирэхгүй бол тэдэнд төрийн хуулийн төмөр буулга ямар байдгийг үзүүлэхээс өөр арга байхгүй. Тэдний энд тэндхийн оффшор бүсэд нуусан хөрөнгө мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж, хүчээр хураан авах болно" гэсэн байна.

 

Уг нь “оффшорыг хязгаарлах” гэж нэрлэж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг 38 мянган төрийн албан хаагч хамрагдаж, өөрсдөө болон ар гэрийнхэн нь оффшор бүсэд данс, хөрөнгө, хувьцаа эзэмших эрхгүй болох байв. Энэ тоонд маргаан гарч сүүлд 300-хан төрийн өндөр албан тушаалтан болсон. Бас эхнэр хүүхэд, төрөл саданг нь хамруулах ёсгүй гэдэг маргаан гарсан. Яаж яваад, ямар хэлбэрээр батлагдахын мэдэхгүй ч иргэдийн татвараар цалинждаг хүн олсон орлогоосоо улсдаа татвар төлдөг байх үүрэгтэй. Үүний хажуугаар оффшорчдоо өршөөнө, дахиад гэмт хэрэгтнүүдээ өршөөнө, татвар төлдөггүй компаниудаа өршөөнө гэвэл шударгаар амьдарч байгаа жирийн иргэд төрд итгэх итгэлээ алдана.

 

www.itoim.mn