Төв, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон хурдан морины уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноосоо унаж, 10 хүүхэд хөнгөн, 6 хүүхэд хүнд гэмтсэн байна. Тэдний нэг нь гэмтлээ даахгүй нас барсан тохиолдол гарсан.
Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага нэгдэж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэхээр болжээ. Тэдний төлөөлөл болох Хүүхдийн эрхийн үндэсний төв, Иргэний нийгмийн үндэсний сүлжээ, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний зэрэг байгууллагаас мэдээлэл хийлээ. Тус байгууллагууд Засгийн газрыг дахин шүүхэд өгөхөөр болсноо хэвлэлийн хурлын үеэр дуулгав.
Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс “Дүнжингарав” хурдан морины уралдааныг хойшлуулах хүсэлтийг хүүхдийн эрхийн байгууллагууд гаргаж, шүүхээс түтгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан юм. Гэвч Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл тоож, “Дүнжингарав” хурдан морины уралдааныг зохион байгуулсан. Тиймээс хүүхдийн эрхийн байгууллагууд нэхэмжлэлийн шаардлагаа өргөжүүлж, дахин шүүхэд хандахаар болжээ. Ингэхдээ:
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх практикийг Засгийн газар, эрх баригчид өөрсдөө олон нийтэд ил тодоор үлгэрлэн харуулж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчих ноцтой асуудал үүсэхэд хүргэнэ” гэсэн тайлбарыг өгөв.
Хүүхдээр хурдан морь унуулах нь эрүүл мэнд, амь насанд нь ноцтой эрсдэл үүсээд зогсохгүй сурч боловсрох эрхийг нь зөрчиж буйг “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг хэлж байна. Тэрбээр “Өвөл, хаврын морин уралдаан нь хичээлтэй давхацдаг. Тиймээс хүүхэд хичээлээ олон цагаар тасалдаг, тэрнээсээ болоод хичээлээсээ хөндийрдөг, хоцордог, сургууль завсарддаг. Заавал эзэмших боловсролоо эзэмшээгүй хүүхэд дахин суралцахгүй, боловсрол эзэмшихгүй байх нь элбэг. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил” гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: ShuuD.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа