-ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ГУРВАН УДАА БУУЛГАСАН Ч
ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХАЗААРЛАЖ ЧАДСАНГҮЙ-
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Засгийн газар шатахууны онцгой албан татварыг гурван удаа бууруулах арга хэмжээ авчээ. Тодруулбал,
2016.10.05 Засгийн газрын хуралдаанаас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх шатахуунд 130 мянга, дизельд 150 мянган төгрөг байхаар тогтоосон.
2016.11.30 Засгийн газрын хуралдаанаас автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт нь тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол батлав. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон байна.
2017.01.25 Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 30 мянган төгрөг/, дизелийн түлшинд ногдох татварыг 70 мянган төгрөг болгон бууруулжээ.
Энэ нь дэлхийн томоохон нефть олборлогч орнууд олборлолтын хэмжээгээ бууруулах бодлого барьж буй шалтгаанаас үүдэн үүссэн шатахууны үнийн өсөлтийг улсдаа саармагжуулахад чиглэсэн бодлого байв. Нөгөө талаас өнгөрсөн оны зургадугаар сараас хойш ам.долларын ханш даруй 400 гаруй төгрөгөөр өссөн нь шатахууны үнэ дотоодын шууд өсөлтөд хүчтэй нөлөөлөх үзүүлэлт юм. Тиймээс ч Засгийн газраас шатахууны онцгой албан татварыг дөрвөн сарын дотор гурван удаа бууруулах тогтоол баталсан нь жижиглэнгийн үнийн гэнэтийн хөөсрөл үүсгэхгүй байх зорилготой байв.
Гэвч иргэд НӨАТ-ын буцаан олголт авч, зах зээл дэх мөнгөний эргэлт богино хугацаанд сэргэсэн эгзэгтэй үеийг тааруулан шатахуун импортлогчид үнээ даруй 50-150 төгрөгөөр нэмсэн. Үнэ нэмэгдсэн даруйд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийж, үнийн өсөлтийг судлуулах зорилгоор Ашигт малтгал, газрын тосны газар, ШӨХТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж буйгаа мэдэгдсэн билээ. Энэ хугацаанд зарим ШТС-ууд шатахууныхаа үнийг бага зэрэг буулгаж, дахин нэмэх зэргээр үнийн хэлбэлзэл үүсгэсэн байдалтай байна.

Өнөөдрийн байдлаар
“Шунхлай” А-92 бензинийг 1625 төгрөг, А-95-ыг 1815 төгрөг,
“Магнай трейд” буюу МТ А-92 бензинийг 1630 төгрөг, А-95-ыг 1820 төгрөг,
“Тес петролиум” А-92-ыг 1625 төгрөг, А-95-ыг 1815 төгрөг,
“Сод Монгол” А-92 бензинийг 1620 төгрөг, А-95-ыг 1815 төгрөг,
“Петровис” А-92-ыг 1610 төгрөг , А-95 бензинийг 1810 төгрөгөөр тус тус борлуулж байна. Мөнхүү орон нутгийн шулуун замын ойролцоох, хотын төвөөс алслагдсан ШТС-уудын үнэ тогтвортой бус байгааг хэрэглэгчид онцлов.
Засгийн газраас шатахууны онцгой албан татварыг бууруулах гурван удаагийн тогтоол баталснаар улсын төсвийн орлого 110 тэрбумаар буурах тооцоолол гарсан байдаг. Ингэж 110 тэрбумын татварын орлогыг улсын төсвөөс хассан хэдий ч шатахууны үнийн өсөлтийг урт хугацаанд барьж чадсангүй.

-ЦААШИД ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХ ТОХИРОО БҮРДЖЭЭ-
Засгийн газраас ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжихээр болоод буй. Үүнтэй холбогдуулан тус сангаас даалгаврын дагуу 2017 оны төсөвт тодотгол хийхдээ нийтдээ долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Эдгээрийн нэг нь шатахууны онцгой албан татвар. Тодруулбал, Засгийн газраас өмнө нь баталсан гурван удаагийн татварын бууруулалтыг хүчингүй болгох юм. Төсөвт тодотгол орсноор ирэх долдугаар сарын 1-нээс шатахууны онцгой албан татварын бууруулалт үйлчлэхгүй. Тэгэхээр шатахууны үнэ баяр наадамтай зэрэгцээд дахин нэмэгдэх нь тодорхой байна.
Уг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарыг бодвол дэлхийн томоохон нефть олборлогчид олборлолтоо бууруулсан ч үнээ тогтмол барих чиглэлд анхаарч, тодорхой байдлаар үр дүнгээ өгч байна. Нөгөө талаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш цаашид харьцангуй тогтмолжино.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн шугамаар орж ирэх 440 сая ам.доллар Төвбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм. Дээрээс нь Төв банк 2.2 тэрбум юанийн своп хэлцлээ ч амжилттай хийсэн. Ирэх гурван жилд ерөнхийдөө ам.долларын ханш хүчтэй хэлбэлзэхгүй нь тодорхой байна. Ингэж шатахууны үнийн өсөлтөд шууд байдлаар нөлөө үзүүлж байсан хоёр голлох шалтгаан цэгцрэх түвшинд байна.
Гэсэн ч талхны үнэ нэг л нэмэгдсэн бол дахин буудаггүй жишгээр манай шатахуун импортлогчид үнээ буулгахгүй. Харин ч хөнгөлөгдөөд байсан татварын чөлөөлөлтийг алга болгосны маргааш шууд нэмэгдэх өндөр магадлалтай. Манай улс шатахууны 35-45 хоногийн нөөцтэй байдаг. Татвар нэмэгдэх цикл үе нь шатахууны худалдан авалт хамгийн ихтэй байдаг амралтын үетэй таарч буй тул эртнээс сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад ч илүүдэхгүй.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн цаашид шатахууны үнэ нэмэгдэхэд Засгийн газрын зүгээс ямар ч зохицуулалт хийх боломжгүйг онцолсон. Ирэх гурван жилд татвар бууруулах “шийдэл”-ийг Засгийн газар бус ОУВС эзэмшинэ. Мөн 2018 оноос Монголбанкны төсөвтэй адилтгах үйл ажиллагаа бүрэн зогсох юм.
Өмнө нь Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд /2012.11 сараас/ "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр" хэрэгжүүлж байсан. Улсын төсвөөс гадуурхи төсөв нэрээр адлагдаж, уг хөтөлбөрийн хүрээнд манай улс инфляциа тодорхой түвшинд барьж, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртөхгүй хэсэг хугацааг өнгөрөөсөн.
Шатахуун импортлогчид уг хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар ам.долларын өсөлтийг хэрэглэгчдэд нялзаахгүй байх үүрэг хүлээсэн билээ. Тиймээс ам.долларын өсөлтөөс шалтгаалж, шатахууны үнэ нэмэгддэггүй байв.
Одоо эсрэгээрээ, ам.доллар өсвөл шатахууны үнэ өснө. Буурсан ч шатахууны үнэ дагаж буурахгүй. Цаашид Засгийн газрын эрх хязгаарлагдмал болох учраас шатахуун импортлогчдид зах зээлээ мэдрээд, үнээ өөрсдөө зохиож амьдарна гэсэн үг. Ойрын жилүүдэд татварын хөнгөлөлт эдлэхгүй учир цаашид шатахууны үнэ нэмэгдэх алтан тохироо улам бүр биежиж, жинхэнэ утгаараа ямар ч хяналтгүй үнийн нэмэгдэл үүсэхээр харагдаж байна.
Ж.МЯДАГБАДАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
ЭХ СУРВАЛЖ: Medee.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь