Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэглэсэн цаг үе Монголын улс төрийн түүхэнд үгүй бөгөөд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ийм нөхцөл байдал үүсч магадгүй болжээ.
Монголын улс төрийн түүхэнд үзэгдээгүй юм гарах магадлал нь МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох уу, Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулах уу гэдэгт чухал нөлөө үзүүлэх МАХН-аас нэр дэвшигч нь энэ намыг үүсгэн байгуулагч Н.Энхбаяр өөрөө болохоор шийдсэнтэй холбоотой.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч 50,23 хувийн саналаар ялалт байгуулахад МАХН-аас сонгуульд өрсөлдсөн Н.Удвал 6.5 хувийн санал зулгааж нөлөө үзүүлсэн байдаг. Ингэснээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын нийт сонгогчдоос авсан 47.44 хувийн саналаас хамаагүй бага буюу 41.97 хувийн саналыг л Б.Бат-Эрдэнэ 2013 онд авсан байдаг.
МАХН-ын нэр дэвшигч МАН-ын саналыг хуваасан бодит үнэн энд байна. Энэ жилийн сонгуульд Н.Энхбаяр хүслээ гүйцээж нэр дэвшиж чадвал лав Н.Удвалын авсан саналаас хэдэн хувь, магадгүй хэд дахин илүү хувийн санал авч ч мэдэх юм.
“Идсэнээ даахгүй хэвтээ боохой эцэст нь тэнзэн ташуурын амт амсахын үлгэр” гэж Н.Энхбаярыг шоглодог. Монгол төрийн өндөр гурван албан тушаалыг бүгдийг хашиж үзсэн улстөрч гэдэг амжилтаа тэрээр ахиулахын тулд, нэг бүдрээд дахин төрийн өндөрлөгт гарсан хүн хэмээгдэхийн төлөө тэнзэн ташуурныхаа эзэнтэй нийлэхээс ч буцахаа байсан тухай хэвлэлүүд мэр сэр дуугарсаар байгаа нь ч үнэний ортой аж. Улстөрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л бий гэдэг үг эндээс батлагдана.
Энэхүү хүнд хүчир, хүч шавхсан тулааны цаана амжилттай гарч чадвал МАН, АН-аас нэр дэвшигчидтэй цуг Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэсэн үг. Сонгуульд олонхийн санал гэдэг маань 50+1 гэсэн дүрмээр тооцогдоно.
Хаанаас нь ч харсан АН-ын нэр дэвшигчид ашигтай хувилбар боловч нийтлэлийн эхэнд дурдсанчлан гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадалгүй, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дараагийн шатны санал хураалтыг зохион байгуулах магадлал өндөр юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэгэнт шийдчихсэн Н.Энхбаярыг парламентад суудал авчирсан О.Баасанхүү Ардчилсан намд элссэнээр тас цохиж зогсоох нэг боломж бий ч, энэ хувилбарыг хашир тооцсон нь лавтай.
POLITIK.MN
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо