Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдсон цагаасаа хойш “утсан хүүхэлдэй”, “унхиагүй” гэхчлэн олон янзаар гоочлуулж байлаа. Харин өчигдөр монголчууд Ерөнхий сайдтай болсон гэдгээ гэнэт ухаарахуйц үйл явдал болсон нь Ж.Эрдэнэбатын төрийн албан хаагчдад хандан хэлсэн ширүүн шүүмжлэлүүд байсан юм.
Тэрбээр хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, “Шат, шатны дарга нар ачаалал нь бага, ажил нь давхардсан илүү орон тоогоо хэмнэ. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана. Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч” гэхчлэн шийдэмгий үгс чулуудав. Монгол одоо л нэг Ерөнхий сайдтай болж, эмх цэгцэндээ орох нь гэх сэтгэгдэл сошиал ертөнцөд хэсүүчилж эхэллээ.
Манай сайт өмнө нь “Дүр эсгэсэн хэмнэлт ба Дүүриймаадах” хэмээх гарчигтай нийтлэлээр төр хэмнэлт хийх ёстойг сануулж, жижиг хэмнэлтүүдээс гадна зуун саяар тоологдох томоохон зардлуудыг танах хэрэгтэйг сануулж байсан.
Тэгвэл тэр нь дэд сайдын орон тоо!

Ерөнхий сайдын хэлсэнчлэн шат, шатны дарга нар ачаалал нь бага, ажил нь давхардсан илүү орон тоогоо хэмнэе гэвэл дэд сайдын орон тоог байхгүй болгох нь зүйтэй.
Өмнөх парламентын үед ч МАН-ынхан дэд сайдын суудлыг байхгүй болгоё хэмээх санаачилгыг дэвшүүлж, эрх баригч АН-ыг шахаанд оруулж байсан нь ердөө хоёрхон жилийн өмнөх явдал. Тэгвэл одоо МАН-ынхан хэлсэн хэмнэлтээ хийж, гаргасан санаачилгаа ажил хэрэг болгон, дэд сайдуудыг байхгүй болгох боломж байна!
Засгийн газар 17 дэд сайддаа “баяртай” гэж хэлснээр жилд 800 гаруй сая төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог нэгхэн жилийн өмнө МАН хэлж байсан. Тухайн үед дэд сайдын зардлыг задлахад, цалин нь 1.4 сая төгрөг, жолооч, туслахын цалин, утасны төлбөр, шатахууны зардал гэхчилэн нэг дэд сайдад сард дөрвөн сая орчим төгрөг зарцуулдаг талаар шуугиж байсан билээ. Уг тооцоог үндэслэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 14 дэд сайдад жилд 650 гаруй сая төгрөг зарцуулж буй.
Угтаж авах, үдэх үйл ажиллагаа мэтийн 100, 200 мянган төгрөгийг хэмнэх бус зуу, зуун саяыг хэмнэвэл Төр бодитоор бүсээ чангалсан хэрэг болох бус уу?
Дүүриймаа нараас гадна дэд сайдуудаа цомхотгоё, Ерөнхий сайдаа!
ЭХ СУРВАЛЖ: TIME.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа