Сүүлийн үед төрийн аппаратад хурдтай дэлгэрч буй моод ч гэмээр, зан үйл ч гэмээр нэг зүйл байна аа. Ерөнхийлөгч зарлиг гаргасныг нь Тамгын газрын дарга, түшмэлүүд нь салбарын сайд дарга нарыг дуудан авчирч гүнээ хүндэтгэлтэйгээр гардуулдаг моод бий. Түүнийг нь манай сайтын зүгээс зарлиг гаргаж болноо, түүнийг нь заавал ёслол хийж арга хэмжээ зохион байгуулж гардуулалгүй зүгээр л төрийн албаны шуудан харилцаагаар дамжуулчихаж болдоггүй юм уу хэмээн асуудал хөндөн бичиж байлаа. Тэгвэл энэ явдал нийт Монгол төрийн хэмжээнд дэлгэрч зан үйлийн хэмжээнд тулж очсон бололтой.
Өнөөдөр Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх эздэд нь хүлээлгэж өгөхийн тулд ийнхүү гүн хүндэтгэлтэй ёслол хийж цагдаа цуухаа жагсааж, бүрээ бөмбөр нижигнүүлэн, парламентын дарга нар, Хуульзүйн сайд нь оролцож байх юм.
Энгийнээр хэлбэл чуулганы танхимд кноп дарж батлагдсан хуулийн эхийг хүлээлгэн өгөх ёслол юм. Нөгөө талаар хууль тогтоомжийн тухай хууль тэргүүтнээс хайгаад ч эх бичвэр гэдэг нэр томъёо үл олдоно. Тэгэхээр энэ бол бөө, лам, үзмэрчдийн хайрласан шинэ нэр гэж ойлгох ёстой ажээ.
Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Хилийн тухай хуулийн эхийг салбарын сайд нь өөрийн биеэр барьж очоод Хил хамгаалах ерөнхий газрынханд гардуулан өгсөн. Араас нь Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээж авах ажиллагаа “Корперэйт конвеншн центр”-т ёслол төгөлдөр болсон. Одоо бүр төв талбайдаа цагдаагийн парад хийж батлагдсан хуулийн эх бичвэр гээчийг гардуулдаг болчихлоо.
Зүгээр л төрийн албаны захидал, шуудан харилцаагаар явуулчихаж болдоггүй, төрийн вэбсайт цахим сүлжээнд тавьчихаж болдоггүй юм бол удахгүй улсын наадмаараа нэг мөр тухайн жилдээ батлагдсан олон хуулийн эх бичвэрийг модон жаазанд хийгээд төв цэнгэлдэх хүрээлэндээ гардуулахад хүрэх үү?
Төрийн албанд сахиж мөрдөх хууль цаазын учир утга, дэг жаяг гэж байдаг л байх. Гэхдээ ийм эх захгүй сүрдэж биширмээр ёслол, хүндэтгэлийг хууль санаачлагч бүхэн хүсээд, тэмүүлээд эхэлвэл яах вэ?
Өчигдөрхөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Хүнд, ачааллын их нь Монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж байна. Эдийн засгаа сэргээх, эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ. Төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана” гэж хэлсэн үг ийнхүү агаарт цацагдсан мэт болж байна.
Хууль сахиулах учиртай Хуульзүй, Дотоод хэргийн сайд нь Ерөнхий сайдынхаа үүрэг болгосныг ийнхүү 24 цаг ч өнгөрөөгүй байхад хөсөр хаяад эхэлж байхад аймаг, сумын зочин угтаж үддэг хаалга дээр сумын төвийн “Дүүриймаа” хадаг мөнгөн аяга бариад зогсож байдгийг болиулсан ч яалаа байсан ч яалаа.
Аль эсхүл Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Монголын хууль цааз бүсээ чангална, Монгол төрийн сахилга бат бүсээ чангална” гэж хэлээд байгаа нь танхимын сайд нар нь, парламентын гишүүд хуулийн эх бичвэр нэртэй жаазалсан цаас барьж, сүржигнэтэл гүйлдэхийг хэлээд байгаа хэрэг үү?
Эцсийн дүндээ хуулийг яаж сүржигнэн хүлээж авах нь чухал биш, хэрэгжүүлэх нь л гол юм.
Манай сайт өмнө нь Хуульзүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогтод “Хар баасан гаригийн баривчилгааг халах гэж буйд нь за гэж хэлье” хэмээн бичиж байлаа. Тэгвэл одоо “Сүржигнэхээ больчих л доо С.Бямбацогт сайд аа!” гэхээс аргагүйд хүрлээ.
Эх сурвалж: POLITIK.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна