2015 оны 11 дүгээр сард ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, улсын хамгаалалтад оруулахаар тэмцдэг байв. Тухайн үед Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудын нэр ил болж шуугиан тарьж байсан. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг (50 хувь) "Саус гоби коэл транс" компани. Тус компанийн үйл ажиллагааг ирвэс хамгаалагч залуу эсэргүүцэж, холбогдох шүүх хурал хүртэл болж байсан.
Талийгаач Т.Лхагвасүмбэрэл амиа алдахаасаа өмнө хэд хэдэн удаагийн халдлагад өртсөнийг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уул, уурхайн компаниудын явуулга хэмээн таамаглаж байв. Харин ирвэс хамгаалагч залууг амиа алдсаны дараа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Төрийн ордонд яаралтай хэвлэлийн хурал зарлаж “Энэ хэрэгт манай компани ямар ч буруугүй” гэж мэдэгдэж байв. Дээрх хэрэг хэсэгтээ намжсан байсан ч дахин сөхөгдөж байна.
Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож, улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг гэгддэг. Судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм.
“Де Нэйчэ Консерванси” Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийж, хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон Бумбын нурууг оруулсан байдаг. Тиймээс л ирвэс хамгаалагч залуу энэ нутгийг амиа алдталаа хамгаалан тэмцсэн биз ээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг дахь 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон байдаг. Гэвч Гурвантэс суманд уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж, үүнд Тостын нуруу хүчтэй өртөж, улмаар цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах шаардлага зайлшгүй тулгарсан. Тиймээс ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулахаар Т.Лхагвасүмбэрэл агсан Гурвантэс сумынхантай хамтран төр засагт албан бичиг хүргүүлэн тэмцэж байсан билээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөл боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, анхны хэлэлцүүлгээр баталсан юм. Ингэснээр Тост, Тосон бумбын нурууны 896 527.44 га-г Улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг нь Засгийн газар батлах үлдээд байсан.
Гэтэл долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталсан байна. Ингэснээр УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс даруй 153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээжээ. Энэ нь Гурвантэс сумын иргэд болон тус нутгийн ховор ан амьтан, ундны усны эхийг хамгаалалтын гадна орхигдуулж, улмаар тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж байна гэж нутгийн иргэд үзэж буй юм.
Дээр дурдсан УИХ-ын гишүүн одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Саус гоби коэл транс" компани хамгаалалтаас гарсан 153 мянган га талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг нутгийн иргэд мэдээлэв.
-Б.ЧОЙЖИЛСҮРЭН АШИГЛАЛТЫН ТАЛБАЙГАА УЛСЫН ТУСГАЙ
ХАМГААЛАЛТАД ОРУУЛАХГҮЙ АВЧ ҮЛДСЭН-
Гурвантэс сумын “Гайхамшигт говь” АЖХ-ны тэргүүн Х.Түмэндэлгэр хэлэхдээ “Гол мөрөн, хурын усаар тэжээгдэж байсан гүний усны цэг дээр Сангийн сайдын хувийн компани байрлачихаад байна. Есөн км орчим зам хусчихсан. Тэгэхээр Говийн мод, бут сөөгийг яаж сүйтгэсэн байх вэ.
Би Сангийн сайд Б.Чойжилсүрэн талбайгаа хамгаалалтад оруулахгүй авч үлдсэн байна гэж хардаж байгаа. Яагаад гэхээр Засгийн газар хилийн заагийг тогтоохоос өмнө Б.Чойжилсүрэнгийн компани энд ирээд буучихсан байсан. Сангийн сайд хүн, үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа хүн, Засгийн газрын хурлаар хилийн заагийг тогтоох гэж байхад мэдэхгүй байна гэж байхгүй” гэсэн юм.
Ц.ОЮУНГЭРЭЛ: САНГИЙН САЙДЫН ХУВИЙН КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БАЙГАА УЧРААС АТГ АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлээс энэ талаар тодрууллаа.
-Тост, тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан хүний нэг нь та. Засгийн газар тогтоолын төсөлд тусгагдсан хэмжээнээс багасгаж, хилийн заагийг тогтоосныг та юу гэж үзэж байна вэ?
-УИХ-ын тогтоолыг санаачлахдаа 896527 га-аар оруулж ирсэн. Энэ тогтоолын дагуу Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га-г хасаад тогтоосон байна. Миний таамаглаж байгаагаар 153 мянган га-г хамгаалалтаас гаргаж, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж байна гэж харж байгаа. Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол гэж булаг шандтай газар хоёрын дундах газрыг ухаад эхэлвэл уулын урдуур урсаж байгаа гол, ус байхгүй болно. Ийм газрыг тусгай хамгаалалтаас гаргачихаад байгаа юм.
-Засгийн газар УИХ-ын тогтоолын төслийг ингэж өөрчилж болдог юм уу?
-Засгийн газар УИХ-ын батлагдсан тогтоолд тусгагдсан хэмжээгээр хилийн заагийг тогтоох ёстой. Гэтэл 153 мянган га-гаар дутуу тогтоосон байна. Энэ асуудлыг Засгийн газар дээрээ дахиж ярих ёстой. Одоо Гурвантэс сумын Иргэдийн хурал, засаг захиргааныхан тооллогоо хийж үзэх хэрэгтэй. Орон нутаг ашиглалтын зөвшөөрлийг нь өгөхгүй байх эрхтэй шүү дээ. Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар Сангийн сайдын хүчинд автаад байна уу гэдгийг олох, Засгийн газрын сайдын хувийн компанитай шууд холбоотой асуудал байгаа учраас АТГ анхаарлаа хандуулах ёстой. Энд маш том ашиг сонирхлын зөрчил явагдаж байна.
-ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛОО Ч 10 ХОНОГООС ХЭТРЭХГҮЙ-
Гурвантэс сумын ИТХ, ЗДТГазар "Саус гоби коэл транс" гэх Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компаний талбай дээр ажиллаж Байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлтийг энэ сарын 15-нд гаргаж, хэд хэдэн зөрчил илрүүлжээ.
Тухайлбал, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг улсын байцаагчаар батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хайгуулын анги байрлуулах газрын зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн зэрэг зөрчил нь тус компанийн үйл ажиллагааг зогсоох хангалттай үндэслэл гэдгийг нутгийн иргэд хэлэв.
Гэвч үйл ажиллагааг зогсоолоо гээд 10 хоногоос хэтрэхгүй гэсэн тайлбар өгсөн байна. Учир нь 10 хоногоос цааш хугацаа сунгахад сумын Байгаль орчны улсын байцаагч, сум, багийн Засаг дарга нарын эрх мэдэл хүрэхгүй гэх тайлбар өгчээ.
Ж.МАРАЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Khumbaa Tumendelger хаягнаас ашиглав
”
Эх сурвалж: Medee.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна