Хямралаа мартсан гишүүд бөхчүүдийн хөшөө босгодог моод дэлгэрүүлэх үү?


Энэ онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх аж. Тэгвэл ойн баярын гол сюрприз нь өвөрхангайчууд төдийгүй монголчуудын бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүрэл хөшөө болох гэнэ.
Мэдээж хэрэг энэ ажлыг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, тус аймгаас УИХ-д сонгогдсон С.Чинзориг удирдан зохион байгуулж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Монголчууд бөхдөө хайртай ард түмэн. Тэнгэр болсон Д.Цэрэнтогтох аваргаа бөхийн хорхойтон, монгол түмэн бултаараа л санан дурсаж сэтгэл дотроо уран сайхан барилдаан бүрийг нь санаж явдаг нь лавтай.
Ийм хүндлэлт хүмүүнд хөшөө дурсгал босгож болох л байх. Харин цагаа олсон эсэхэд эргэлзмээр.
Улс орныхоо санхүүг ОУВС-гийнханд атгуулж долоон төрлийн татвар нэмж иргэдийнхээ халаасыг хэзээ мөдгүй сэгсрэх гэж буй төрийн түшээд маань ядаж энэ хямралт цаг үед багагүй хөрөнгө мөнгө, хугацаа шаардагдах  хөшөө барих ажлаа больмоор юм. Монголчууд бие биенээ дууриаж хөөрцөглөх дуртай.
Ухаандаа увсынхан Х.Баянмөнх аваргынхаа хөшөөг амьд сэрүүнд нь босгочихсон тул араас нь бусад аймгийнхан хөөрцөглөж цолтой, бяртай бөхчүүдийнхээ хөшөөг барих моод дэлгэрүүлнэ. Сонгогч олноо төрд төлөөлөн ихийг хийж бүтээх ёстой гишүүд маань ч ханцуйгаа шамлан хямралыг умартан хөшөө барих ажилд орж явчих нь энэ шүү дээ.
Д.Цэрэнтогтох аваргын хөшөөг боссоны дараа залгуулаад л Хэнтий аймагт Б.Бат-Эрдэнэ аваргын хөшөө босно, Төв аймгийнхан ч юу дутах вэ Ж.Мөнхбат, А.Сүхбат аваргуудынхаа хөшөөг хосоор нь босгохоос сийхгүй. Араас нь өврийн хангайд Д.Сумьяабазар, арын хангайд Г.Өсөхбаяр, Санжаадамба гээд л алдар цуутай бөхчүүдийн хөшөө цуварч өгөх нь дээ.
Бөхөд хайртай гэхэд дэндүү хайртайгаа харуулж хууль тогтоох парламентын танхимаар нэг бөхчүүдээ суулгаж чаддаг монголчууд хямралыг ч үл тоон бөхчүүдийнхөө хөшөөг энд тэндгүй сүндэрлүүлэх утга учиргүй моод айсуй.
Аялал жуулчлал хөгжиж, жуулчдын нүдийг хужирлахад тустай бол хөрөнгө мөнгө урсгаад бариад л баймаарсанж.  Гэвч гадны жуулчид манай аваргуудын хөшөөг таньж сонирхох нь юу л бол. Уул овоо, хээр талаар дүүрэн суварга босгоод хөгжөөгүйтэй адил алдар цуут бөхчүүдийн хөшөө босгоод Монгол Улс хөгжихгүй нь баттай үнэн юм даа.

 

ЭХ СУРВАЛЖ: POLITIK.MN