Санжийн Баярыг эргүүлэн татах нь


Санжийн Баяр гэж этгээд нэгэн байх. Уг нь Монгол Төрийн хамаг том албыг хашиж үзсэн мундаг эр л дээ. Хааяа нэг сонин сэтгүүлээ шиж голон байж пээдийсэн ёжтой үгтэй нэвсийсэн том ярилцлага өгнө. “…Нэг тийзээр хоёр өөр амьдрал үзлээ”, эсвэл “…Эргэж уулзахгүй нүүр, эрлэгт очихгүй сүнс биш гэдэг байх аа” гээд л явж өгнө.

 

Хамгимйн сүүлд өнгөрсөн сонгуулиар намынхаа сонгуулийг “нууц”-аар удирдаад ялалт байгуулж, улмаар Англид Элчингээр томилогдоод очив оо.

 

Харамсалтай нь С.Баярыг хардаг монголчуудын нүд их өөр болчихож. Урьд өмнө нь ихэмсэг, пээдгэр түүнээр бахархаж, ийм Ерөнхий сайдтай байгаагаа бахархал мэт л ярьцгаадаг байсныг санаж байна. Хэдхээн жилийн өмнөх хэвэллийг сөхөөд үзэхүл иймэрхүү уурь амьсгаа шуудхан мэдэгдэнэ. Харин өнөөдөр тийм биш болжээ. Гурван охиныхоо оффшор дансанд ихээхэн хэмжээний мөнгө хийсэн нь ил болж, Оюутолгойгоос овоо юм цохичихож гэсэн хардалт ард түмний тархинд гүн бат суусан байна.

 

  1. Өөр оронд амьдарч буй хэрнээ өөрийнхөө Элчинг эсэргүүцдэг үндэстэн байдагч юм уу бүү мэд. Тэгвэл Санжийн Баяр Англид Элчин сайдаар томилогдож, энэ сарын 1-ний өдөр Хатан хаанд итгэмжлэх жуухаа өргөн барьснаас хойш, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-наас эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө Англи дахь Монголын ЭСЯ-ны гадаа болж байна. Жагсаж буй иргэд Англид амьдардаг манай улсын иргэд бөгөөд анх хоёр хүнтэй эхэлсэн бол одоо тавуулаа болжээ. Дөрвөн Монгол, нэг Английн иргэн байгаа ажээ. Тэд цахим хуудастаа “…Эсэргүүцлийн жагсаалын 2 дахь өдөр. Хоёроос дөрөв болон үржлээ. Цаашид ч улам олшрохоор болж байна. Шинэ ардчилалд шударга лидерүүд хэрэгтэй боллоо” гэж бичсэн байна. Гуравдугаар сарын 8-нд анх жагсахад нь Элчин сайд С.Баяр тэднийг хүлээж авч уулзна гэжээ. Гэсэн ч өнөөдөр сураггүй байгаа юм байна. Уг жагсаалыг дэмжиж буй монголчууудын тоо өсссөр байгаа бөгөөд Англи дахь монголчууд ч нэгдэхээ илрэхийлцгээж байгаа юм байна.
  2. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсныг тус улсын эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тус мэдээлэлд Москва хотын төв Арбатын гудамжинд байрлах манай улсын консулын газрын байранд сая орчим ам.долларын үнэ бүхий тоноглолтой нууц казино ажиллаж байсан тухай бичигдсэн байв. ОХУ-д Монгол улсын Засгийн газрын эзэмшлийн буюу Элчин сайдын яамны харъяаллын гурван объект байдгийн нэг нь Арбатын гудамж дахь уг барилга аж. Энэхүү байр нь худалдааны төлөөлөгчийн газар. 1964 онд ЗХУ, Монгол Улс хооронд байгуулсан протоколын дагуу ЭСЯ-ны ажилчдын орон сууц, техникийн ажилчдын орон сууц,худалдааны төлөөлөгчийн газар байгуулах зорилгоор тус газрыг Монголын тал авч, объектыг 1965 онд ашиглалтад оруулжээ.Улмаар 1965 оноос хойш худалдааны төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамны ажилчдын орон сууцны зорилгоор 1965-2007 он хүртэл 42 жил монголчууд өөрсдөө ашиглаж иржээ. 2007 онд тус байрны насжилт дууссан, барилгыг засаж сайжруулах шаардлагатай гэж үзэн акт тогтоосон байна. Улмаар тухайн үед Монгол улсаас ОХУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдын зааварчилгаагаар, тус улсын  “Центр Регион Стиль” компанид уг байрыг түрээслэх гэрээ хийжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Консулын газрын барилгыг түрээслэх болсон нь тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяртай холбоотой гэх мэдээлэл гараад ирлээ.

 

  1. УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ өдрүүдэд хэвлэлд ханджээ. Тэрээр “…Миний АТГ-т өгсөн С.Баярын  гадаадад эхнэрүүд, хүүхдүүдтэйгээ хийдэг үл хөдлөх хөрөнгийн наймаа-мөнгө угаалт, долоон байшинтай холбоотой хэргийг хэдий шалгах ёстой газар нь шалгаагүй гэсэн ч олон нийт түүнийг шүүгээд, хэдийнэ яллачихаад байна.Авлигачдыг С.Баяр шиг дипломат эрхтэй дүрвэгч болгоод байвал бид “хөрөнгө оруулалтаас” юу ч олж долоохгүй. Бүс нутгийнхаа эдийн засгийн интеграцид орох бодитой яриа хэлэлцээрүүдийг эхлүүлж, энэ талаар арай зоригтой алхам хийх хэрэгтэй. “Рио тинто” Английнх л гэнэ. Эцсийн дүндээ тэд манай зэсийн хүдрийг Хятадад л зарна. Тиймээс хөршүүдтэйгээ хамтарч хянах нь дээр. Тэгэхгүй бол Ерөнхий сайд нь тэнд ажилладаг хүргэн ахдаа тус болох гээд улсаа балласан түүх саяхных. Ийм эрхийг хэрэгжүүлж чадах улстөрийн илүү тогтвортой системийг бий болгох ёстой” гэв.
  2. Иргэн Ж.Занаа төрийн өндөрлөгүүдэд хандан шаардлага илгээжээ. Тэрээр шаардлагадаа “…Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж,
    Улсын их хурлын дарга М. Энхболд,
    Монгол улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нарт.
    ШаардлагаҮндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн засаг, төрийн эрх, үүргийг тодоос тод заасан.
    Гэтэл та бүхний хийж байгаа бүхэн Үндсэн хууль болон нэр бүхий олон хуулийг зөрчих, түүгээр ч үл барам олон хуулийг өөрсдийн таалалд нийцүүлэн өөрчилж байгаад юу дуртайгаа хийдэг болоод удаж байна. Түүний нэг жишээ нь Монгол улс, Монголын ард түмэнд нэр нүүрээ барсан С. Баяр гэдэг хүнийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Монгол улсын нэрийг төлөөлж Бүрэн эрхэт элчин сайдаар томилсон нь Монгол улс, монголчуудын нэр төрийг гутаан доромжилсон шившигт үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Тиймээс С. Баяр гэдэг хүний гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, үр хүүхэд, гэр бүлийн ойр дотнын хүмүүсийн оффшор дансны асуудлуудыг дотоодын хууль тогтоомжийн дагуу шалган тодруулах, гэм буруугүй нь тогтоогдох хүртэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Монгол улсын нэрийг төлөөлж Бүрэн эрхэт элчин сайдаар томилсон томилгоог нэн даруй цуцлахыг шаардаж байна” гэжээ.

 

Энэ мэтчилэн Санжийн Баярыг эсэргүүцэх эсэргүүцэл Монголоос халиад явчихлаа. Үүнтэй зэрэгцэн Санжийн Баярыг эгүүлэн татахаар болж байгаа тухай мэдээлэл яригдаад эхэллээ. С.Баярын хувьд ч энэ байтугай албан тушаал хашиж явсан хүн, тэгээд улс орны нэр хүндийг өргөж явах Элчин төлөөлөгч ийм хэмжээний хэл амны бай болсон байж болохгүй гэсэн зарчмыг барьж байгаа тухай эх сурвалжууд ярьж байна. Гэхдээ энэ нотолгоотой бус магадлалтай мэдээлэл юм. Хэрэвзээ С.Баяр Ц.Мөнх-Оргил сайдтай энэ талаар ярьсан нь үнэн бол ирэх долоо хоногоос ийм сураг чимээ гараад эхэлнэ гэсэн үг юм.


Эх сурвалж: www.aguulga.mn