-“ДҮНЖИНГАРАВ”-ЫН ҮЕЭР МОРИНООС УНАЖ БЭРТСЭН ХОЁР
ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ БАЙНА-
Өнгөрсөн ням гаригт болсон “Дүнжингарав” уралдааны үеэр 35-40 хүүхэд мориноосоо унаж, хоёр ч хүүхэд хүнд бэртэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй мэдээ байна. Тодруулбал, 174 дугаартай н.Ганбаярын зүүн гарын шуу бэртсэн, 135 дугаартай н.Нямсүрэнгийн баруун хөлийн шилбүүр яс гэмтжээ.
Өнгөрсөн ням гаригийн 17:00 цагийн үед ГССҮТ-ийн Гар сарвуу бичил мэс заслын тасагт нэг хүүхэд хүргэгдэж ирсэн байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар Соёолон насны морьдын уралдаанд барианд орсон эхний 30 морь дотор хүүхэдгүй зургаан морь ирсэн, цагдаа нар станцаараа 24-25 хүүхэд унасан тухай ярилцаж байсан аж. Мөн энэ үеэр Түргэн тусламжийн “103”-ын гурван ч машин ирж бэртэж гэмтсэн хүүхдүүдийг авч явсан байна.
“Дүнжингарав” болсон өдөр буюу ням гаригт цаг агаарын байдал тааламжгүй байснаас халтиргаа ихтэй, хүйтэн байсан тухай унаач хүүхдүүд хэлэв. Хууль зөрчин байж зохиосон энэ уралдааны үеэр яг хэдэн хүүхэд мориноосоо унаж, хэдэн хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авсан нь тодорхойгүй байна. Энэ талаархи бодит мэдээллийг төрийн байгууллагууд “хөнгөн бэртэл” гэх тайлбараар халхавчилж, хав дардаг нь заншил болсон гэхэд хилсдэхгүй.
Сүүлийн таван жилд л гэхэд 1500 гаруй хүүхэд мориноос унаж бэртэн, 10 гаруй хүүхэд амь насаа алдсан албан мэдээ бий. Гэсэн ч энэ нь тийм цочир тоо биш бололтой, баячууд наадмаа үргэлжлүүлсээр, өв соёл гэсээр үр хүүхдүүдээ алдаж гүйцлээ.


-ХУУЛИА ЗӨРЧИЖ, ШҮҮХЭЭ ҮЛ ТООМСОРЛОДОГ, “ҮЛГЭР ЖИШЭЭ”
ЗАСГИЙН ГАЗАР-
Нэг. Хууль зөрчсөн нь: Засгийн газар “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан зохион байгуулах тухай тогтоолыг хууль зөрчин байж гаргасан. Тодруулбал, Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүр 11.01-05.01-ний хооронд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон билээ.
Хоёр. Шүүхээ үл тоомосорлосон нь: Хууль зөрчиж гаргасан тогтоолыг нь Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээ төрийн бус байгууллагуудаас эсэргүүцэн, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргав. Гомдлын дагуу тус шүүхээс Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ. Гэвч Засгийн газар шүүхийн шийдвэр, хууль тогтоомжийг уландаа гишгэн, “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулав.
Нөгөөтэйгүүр, уг уралдааныг зохион байгуулдаг Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн М.Энхболд өдгөө Монголын хууль тогтоох эрх мэдэл бүхий ганц байгууллага УИХ-ын дарга. Хууль тогтоогч өөрөө хуулиа яагаад зөрчив гэдэг асуудал дагуулав.


-ӨВ СОЁЛ НЭРЭЭР ХАЛХАВЧЛАГДСАН БООЦОО, НАЙМАА
Хурдан морины уралдаан төрт ёсны түүхэн уламжлал мөн боловч өвөл, хаврын улиралд морин уралдаан зохиодог жишиг байгаагүйг Үндэсний төв архивын сан хөмрөг дэх 1803-1920 оны Улсын баяр наадмын баримтууд нотлоно. Нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд зөвхөн 8-11 дүгээр сард даншиг наадам хийдэг байсан тухай Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн хэлж байна.
Гэтэл зохион байгуулагчид өвөл, хаврын уралдааныг уламжлал болчихсон, он удаан жил зохиогдож буй өв соёл минь хэмээн хаацайлж байгаа нь цаанаа нэг учиртай бололтой. Учир мэдэх хүмүүс морин уралдааныг өв соёл гэхээсээ илүүтэй далд бооцоо, мөрийтэй тоглоом болсон гэлцдэг.
Бай шагнал нь өндөр байдаг хойно морин уралдааныг аль болох ойр ойр, олон зохиох тусмаа ашигтай. Яг л гадны морин тойруулгын уралдаан бооцоотой байдаг шиг, баячууд тэднийг дуурайж таахалзаж байна уу гэлтэй. Тэгээд ч морин уралдаанаар тэд ганц морио уралдуулахгүй, хөөрөг, малгай, жийп, дээл тэр бүү хэл авгайгаа хүртэл “уралдуулна”. Тэнд морь унаж буй хүүхэд л хөөрхий.
Улс орноо хөгжүүлэх ирээдүйн инженер, багш, эмч, физикч, химич нар морин дэл дээр, үхэл амьдралын зааг дээр уралдаж байна. Тэд оюун, мэдлэг, сурсан мэдсэнээрээ ч биш, зөвхөн баячуудын зугаа болж уралдана. Бүтэн сар хичээлээсээ хоцрон бэлтгэл хийж, бэртэж гэмтлээ гэхэд тэдэнд эргээд туслах, дэмнэх хүн байхгүй.
Нэг айлын хоёр сайхан хүү хоёулаа морин уралдааны үеэр унаж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон ойрын жишээ бий. Тэднийг хөлслөж буй эзэд нь өөрийн хүүхдийг аль үнэтэй гэсэн сургуульд сургаж, аль үнэтэй хувцас хэрэглэлийг эдлүүлж, аль зөөлөн сандал, суудалд тухлуулахаас биш өвөл хаврын уралдаанд морь унуулна гэж үгүй. Учир нь тэд өөрийн хүүхэддээ хайртай, өрөөлийн хүүхдэд халтай.
Мөнгө олох гэсэн нэг өдрийн харгис зугаагаараа хүүхдийг маш өндөр эрсдэлд оруулж байгаагаа баячууд мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч тэд тэвчиж чадахгүй. Харгислал, яргалалд дуртай тэднийг хаврын морин уралдааныг л тэвчээд өнгөрүүлчихээч гэж ард түмэн гуйж, хууль шүүх хориглосон. Гэвч бас л чадсангүй.
Одоогийн байдлаар мэдэгдээд буй бэртэж гэмтсэн хоёр хүүхдийн эрүүл мэнд цаашид хэрхэх нь тодорхойгүй, өөр хэдэн хүүхэд энэ мэтээр хохирсон нь ч мөн тодорхойгүй байна. Мөн хууль дүрмээ зөрчсөн Засгийн газрыг ч яах нь тодорхойгүй, хууль дүрмээр хориглосон зүйлийг хийж болоод байдаг юм бол хэн нэгэн цаашид юу хийж “айлгах” нь ч тодорхойгүй. Ийм л тодорхойгүй байдлыг Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн газар бий болгоод байна.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна