Яг одоо Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд баянзүрхчүүд эсэргүүцлээ илэрхийлж, суултаа үргэлжлүүлж байна. Өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан билээ. Тус захирамжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өчигдрөөс ийн ЗДТГ-ын байрандаа суулт зарласан юм.
Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүд дотроосоо түгжээтэй, иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй байна. Хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд нийт 300 гаруй хүн үл ойлголцлын байдалд суултаа үргэлжлүүлсээр байгаа юм.
11:12 ЦАГ
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна тус дүүргийн цагдаагийн 1-р хэсгийн албан хаагчид хамгаалалтад гараад байна. Иргэд мэдээлэхдээ, дотогш энгийн хувцастай хоёр цагдаа нэвтрүүлсэн нь төр иргэдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдаж буй үйл явдал болж байна гэв. Одоогийн байдлаар тус дүүргийн Ардчилсан намын гишүүд ЗДТГ-ынхаа дотор талд суултаа үргэлжлүүлж буй бол шинээр батламжлагдсан МАН-ын гишүүн тэргүүтэй төлөөлөгчид гадна талд нь байгаа юм.
11:20 ЦАГ
Өчигдөр үдээс хойш 15 цагаас эхэлсэн иргэдийн суулт орой хүртэл үргэлжилсэн бол өнөөдөр өглөө 08:00 цагаас эхэлжээ. Иргэдийг талцуулаад буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ыг зорьсон байна. Иймд иргэд түүнийг иртэл суултаа үргэлжлүүлж, тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөөд байгаа аж. Цагдаа нар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ЗДТГ-ын үүдний ойролцоогоос өргөж гаргаад байна.
11:25 ЦАГ
Яг одоо МАН-ын төлөөлөгчид болон цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хаалгыг онгойлгон орж ирээд байна. Тэдний дунд Нийслэлийн тамгын газрын дарга н.Отгонбаяр, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Ганболд нар байгаа юм. Суулт зарлаж буй иргэд дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын шилэн хаалгыг дотор талаас нь дарж суусан байдалтай байна. Цагдаа нар хүч нэмэгдүүлэн тус газрын хойд талаар буюу гараж, зүүн талын хаалгыг онгойлгож дотогш нэвтрэхийг оролдсоор байна.
11:30 ЦАГ
Цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гаражийн хаалгыг эвдэн, дотогш нэвтэрлээ.
11:45 ЦАГ
Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан бөгөөд тус дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.
11:47 ЦАГ
Цагдаа нар хүч түрэн орж ирэн, хүмүүсийг албадан гаргаж байна. Түүний улмаас иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүслээ.
11:51 ЦАГ
Цагдаа нар иргэдийг цахилгаан бороохойдож байна. Мөн цагаан өнгийн нунтаг цацав.
11:55 ЦАГ
Яг одоо Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дотор талд, цагдаа нар шатан дээр суулт хийж байсан иргэдийг хүчээр гарган, МАН-ын 20 гаруй төлөөлөгч тэдний хамгаалалт дор орж ирлээ. Нийслэл дэх Ардчилсан намын Тулгат тэргүүтэй төлөөлөгчдийг дотогш нэвтрүүлэхгүй байна.
12:01 ЦАГ
Тус дүүргийн Засаг даргын тамгын газарт өрнөж буй энэхүү үйл явдлын хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
12:16 ЦАГ
Цагдаа нар суулт хийж байсан иргэдийг хүчээр гаргаж, гаднаас нэг ч хүн нэвтрүүлэхгүй байна. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байрны гадна талд иргэд олноор цуглаад байна.
12:21 ЦАГ
Яг одоо Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдах гэж байна. Иргэд хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхийг шаардаж буй юм.
12:48 ЦАГ
Цагдаа иргэдийн хооронд үл ойлголцол үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд хүчний байгууллагын албан хаагчид иргэдийг цохих зэрэг зохимжгүй үйлдэл гаргасаар байна. Иргэд хэвлэл мэдээллийнхнийг дотогш оруулахыг шаардсаны дүнд хоёр телевиз тус дүүргийн ЗДТГ руу нэвтрэв. Гэвч хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлчдийг ялгаварлан гадуурхаж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Ж.МЯДАГБАДАМ
Б.ГАНТУЯА













Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь