Дэлхийг байлдан дагуулсан Nokia-гийн түүх


 

Тоосго мэт бат бөх хийцтэй, сүлжээ голохгүй, тэжээлийн удаан хэрэглээтэй гэдгээрээ өнгөрсөн зуунд дэлхийг байлдан дагуулж байсан Nokia 3310 гар утасны зах зээлд эргэн иржээ.

 

50 долларын үнэ бүхий шинэ Nokia 3310 нь нэг удаагийн цэнэглэлтээр 22 цаг тасралтгүй ярих боломжтой бөгөөд огт хэрэглэхгүй горимд бол нэг сар цэнэгээ барих чадвартай аж. Тэгвэл IPhone гарч ирэхээс өмнө дэлхийг байлдан дагуулж байсан Nokia гар утасны түүхийг сөхье.

 

 

Хамгийн анхны Nokia гар утасны загвар 1982 онд зах зээлд танилцуулагдаж байжээ. Энэхүү утас нь 5.5 килограмм жинтэй энгийн утсыг бодвол харьцангуй том чемодан мэт загвартай байв. Энэ загварыг ихэнхдээ автомашинд хэрэглэдэг байжээ.

 

Nokia брэндийн анхны гар утасны загварын нэг бол Mobira Cityman. Энэ нь 750 граммтай, дөрвөн цагийн туршид цэнэглэгддэг бөгөөд тавьхан минут л ярих боломжтой байв. Энэ утсыг Оросын удирдагч Михаил Горбачев хэрэглэдэг байжээ.

 

 

 

 

Nokia брэндийн утас бат бөх хийцтэй гэдгээрээ дэлхийд алдартай. Тэдгээр загварын нэг бол Nokia 1011. Энэ загвар нь 1992 онд зах зээлд худалдаанд гарахдаа “Connecting people” гэсэн уриатай байв.

 

 

 

Харин хамгийн алдартай загварын нэг бол Nokia 2100 байлаа. Энэ загварын утсанд тус брэндийн алдарт дуу болон могой тоглоом суулгасан байсан нь тухайн цаг үеийн техникийн шинэ нээлт байв. Энэ загвараар Nokia брэнд Япон, Хятад болон Америкийн зах зээл дээр анх удаа гарч ирсэн билээ. Улмаар дэлхийн даяар Nokia 2100 утас нь 20 сая ширхэг зарагдсан түүхтэй.

 

 

Харин 1996 онд Nokia 3210 “мэндэлжээ”. Тус загварын онцлог нь гар утасны антенна нь утасны корпуст нуугдсан хэлбэртэй байсан бөгөөд таван төрлийн өнгөтэй аж. Мөн тэжээлийн урт хэрэглээтэй байсан учир цэнэглэх шаардлагагүй байв. Энэ загварын утас дэлхийн даяар 160 сая ширхэг зарагдсан нь финляндийн компанийн гол уран бүтээл гэж нэрлэж болно.

 

 

 

1999 онд компани утасны интернет WAP ашиглах боломжтой Nokia 7710-ийг танилцуулав. Харин жилийн дараа Nokia 9210 өнгөт дэлгэцтэй худалдаанд гарчээ. Яг энэ үед Nokia компани гар утасны зах зээлийн 40 хувийг хянадаг байв.

 

 

 

Харин 2002 онд Nokia компани Symbian OS үйлдлийн системтэй анхны ухаалаг утсаа танилцуулав. Энэ загвар нь компанийн дараагийн таван жилд танилцуулах бүхий л утасны загварын жишиг болж байлаа.

 

Харин мэдрэгчтэй дэлгэцтэй ухаалаг Nokia 5800 XpressMusic 2008 онд танилцуулсан нь амжилтгүй болсон юм. Учир нь 2007 оны нэгдүгээр сард Apple компани өөрийн ухаалаг IPhone утасны анхны загварыг танилцуулсан юм. Энэ мөчөөс эхлэн Финляндийн компанийн уналт эхэлсэн түүхтэй. Уналтын дунд үе буюу 2010 онд Nokia компанийн гүйцэтгэх захирлаар Microsoft-ийн Стивен Элоп томилогдсон билээ. Тэрээр жилийн дараа гар утасны зах зээлд Windows Phone үйлдлийн системтэй, IPhone гар утасны гаднах загварыг өөртөө нэгтгэсэн, хуучин Nokia шиг бат бөх “Nokia Lumia” хэмээх хоёр утас танилцуулсан хэдий ч Iphone-ийн өрсөлдөгч болж чадаагүй юм.

 

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

 

ЭХ СУРВАЛЖ: КОММЕРСАНТ