МАН-ын сонгогчдыг молигодсон уран амлалтууд ба биелэлт


Эрх баригчид УИХ-ын сонгуулиар монголчуудад олон сайхан амлалт өгч, парламентад 65 суудалтай “бүдүүн” бүлэгтэй болсон юм. Гэсэн хэдий ч МАН-ынхан амлалтынхаа яг эсрэгээр ажиллаж байгаа гэдгийг олон нийт харж байгаа. Ялангуяа Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хамгийн хатуу нөхцөл, шаардлага дагадаг EFF хөтөлбөрт хамрагдахаар болж долоон төрлийн татвар нэмэхээр болсон нь Ардын намын амлалт 2020 он байтугай хугацаанд биелэхгүй гэдгээ харуулав.

 

Эрх баригчид Засгийн халаасанд орж ирэх мөнгөний хэмжээнд анхаарч төсвийн зарлагыг танах талд огт ажилласангүй. Давхар дээлийг эсэргүүцэж төв талбайд багт наадам хийж байсан эрх баригчид дэд сайдаас авахуулаад сум, дүүрэг, нийслэлд хүртэл давхар дээл бий болгохоор хуулийн төсөл зүтгүүлж байгаа.

 

2012-2016 онд Ардчилсан нам 1.5 тэрбум ам.долларын зээл авсан байна. Харин ОУВС-гийн хөтөлбөрөөр Ардын намынхан 5.5 тэрбум хүртэл ам.долларыг шат дараатайгаар, ард түмнийхээ бүсийг чивчиртэл татуулж байгаад авах санаатай байгаа нь ил боллоо. Өр, зээлээ дараад ч цаана нь тэрбум тэрбумаараа үлдэх энэ их мөнгийг Ардын нам юунд зарцуулах гэж байгаагаа тайлбарласангүй, харин хэрхэн ард нийтийнхээ амьжиргаанд гар дүрж элдэв татваруудыг нэмэхээ л зарлалаа.

 

Өнгөрсөн сонгуулиар бид ямар амлалтад найдаж МАН-ыг сонгосон ба эдгээрийн биелэлт хэр байгааг эргээд нэг харъя.

 


Хүүхдийн мөнгө


Амлалт: МАН-ын Засгийн газар хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно

 

Биелэлт: Аав, ээж нь гэртээ хөргөгчтэй, телевизортой, угаалгын машинтай байснаас болж олон хүүхэд төрөөс авах мөнгөө хасуулав. Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар хүүхдийн мөнгийг өгөлгүй удсаны дараа 60 хувьд нь олгохоор болсон. Үлдсэн 40 хувьд нь 2019 онд олгоно гэж амалсан. Гэвч ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөл, шаардлага бүхий хөтөлбөрт хамрагдсанаар 2019 онд хүүхдийн мөнгө авна гэж хүлээж байгаа иргэд, хүүхдүүдийн найдвар талаар болж байна.

 


Оюутан, тэтгэлэг


Амлалт: Оюутны тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Өндөр хөгжилтэй улсуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

Биелэлт: Сурлагын амжилтад үндэслэн олгодог оюутны тэтгэмж 70200 төгрөг олгохыг зогсоож, нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцдаг байснаас шууд татгалзав. Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсоов.

 


Ахмадууд


Амлалт: Ахмадуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрхзүйн орчныг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.

 

Биелэлт: УИХ-аас өнгөрсөн онд баталсан, ахмадуудын зүгээс ихээхэн хүлээлт үүсгэж, талархалтайгаар хүлээн авсан “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийг цуцлав. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг 65 болгон нэмэхээр төлөвлөөд байгаа. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65 гэдэг. Харин тэтгэвэрт гарах нас ч 65 болох аж. Эмэгтэйчүүдийн хувьд ч үе шаттайгаар тэтгэвэрт гарах насыг нэмж монголчууд насаараа улсдаа төлсөн татвар, хураамжийнхаа үр шимийг тэтгэврийн насандаа эргүүлээд хүртэх бололцоо улам л хумигдаж байна. Тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагчид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байсныг болиулж 1-12 сарын дундажтай тэнцэх мөнгө өгөхөөр завдаж байна.

 


Татвар


Амлалт: Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй.

 

Биелэлт: Засгийн газар байгуулагдсан цагаасаа л татвар нэмэхийг удаа дараа оролдож, ийм утгатай хууль, тогтоолын төслүүдийг зүтгүүлж эхлэв. Төсвийн тодотголоор хүн амын орлогын албан татвар, аж, ахуй нэгжийн орлогын албан татвар зэрэг найман төрлийн татвар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Татвар нэмэхийг түр завсарласан ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шалтгаанаар долоон төрлийн татварыг нэмэх болоод байгаа юм. Одоо зарлагдаад байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийг  тодотгож, татваруудыг нэмнэ.

 


Гэр бүл


Амлалт: Аз жаргалтай гэр бүлийн хүрээнд орлогыг нь нэмж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эрхзүйн таатай орчин бүрдүүлнэ.

 

Биелэлт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эгүүлэн татаж цаг хугацаа алдсаны эцэст энэ сарын эхнээс л хэрэгжилтийг нь эхлүүлсэн. Өрхийн орлого жилийн өмнөхөөс 101.3 мянган төгрөг буюу 10.4 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна.

 


Төсөв


Амлалт: Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлж, алдагдлыг бууруулна.

 

Биелэлт: Төсвийн зардлыг танаж, өндөр албан тушаалтнуудын цалин, хангамжийг бууруулахаас татгалзсан. Дэд сайдын орон тоог дахин бий болгосон. Төсвийг урьд өмнө байгаагүй хэмжээгээр алдагдалтай баталсан.

 


Бизнес


Амлалт: Бизнес дэх төрийн дарамт шахалтыг багасгаж, үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

 

Биелэлт: Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болгон өсгөсөн нь аж, ахуй нэгжүүд банкуудаас зээл татах, цаашлаад бонд, хувьцаа босгож санхүүжилт олох боломжийг хаасан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бизнес эрхлэгчдийн цаашдын дүр зураг улам л бүрхэг болж байна. Худалдан авалт улам бүр буурч, үнэ чөлөөлснөөр шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт тулах нөхцөл байдал бүхий амлалтыг ОУВС-д Монгол Улсын Засгийн газрын зүгээс өгөөд байгаа.

 


Зээлийн хүү


Амлалт: Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.

 

Биелэлт: Монгол банк чиглүүлэгч хүү болох мөнгөний бодлогын хүүгээ огцом өсгөж 15 хувь болгосон нь бусад зээлийн хүүг өсгөх суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

 


Цэцэрлэгийн хүртээмж


Амлалт: “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж цэцэрлэгийн чанар, хүртээмж, материаллаг баазыг нэмэгдүүлнэ

 

Биелэлт: Хүүхэд харах үйлчилгээг зогсоож санхүүжилтийг хаав. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 50 шахам мянган хүүхдийн 25 хувь нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж, 1305 иргэн ажлын байртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан 6000 гаруй эцэг эхийн боломжийг хаалаа. Эсрэгээрээ яам, төрийн байгууллагууд дотроо цэцэрлэгтэй болж Ардын намын төрийн албан хаагчид хүүхдүүддээ цэцэрлэг байгуулж өгөв.

 


Төрийн үйлчилгээ, ил тод байдал


Амлалт: Иргэддээ ойр төрийн үйлчилгээг бий болгоно. Төсөл, тендерийн шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгож “Шилэн тендер” бодлого хэрэгжүүлнэ

 

Биелэлт: Ард түмний санал гомдол хүлээн авдаг “11-11” төвийг татан буулгасан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгээс энд иш татъя. “Та бүхэн гарч ирээд хуулийг сонгож хэрэгжүүлдэг болж байгаа шүү дээ. Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байгаа шүү дээ. Нийт албан тушаалтны 60 хувь нь өнөөдөр мөрдөхгүй байна”.

 

 

Эх сурвалж: POLITIK.MN