Д.Даваасамбад хахууль өгсөн гэх Ц.Анхбаяр нар нь БОАЖЯ-тай нийлэн “Эм Ди Глобаль Трейдинг”-ийн ТЭРБУМЫН үнэтэй самрыг булаацалдсан хэргээс...

Admin
14 цаг 23 минутын өмнө

Он гараад шуугиулсан авлигалын хэрэг нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, яамны Үнэлгээ аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, түшмэл С.Баярхүү нарын 200 саяын гэх явдал юм. Яамдын түшмэдэд хахууль атгуулсан хүн нь “Оюу цагаан барс” компаний захирал Ц.Анхбаяр гэж яригдсан. Төрийн яаманд авлигалын мөнгөө бариад орсон гэх компаний захирал нь БОАЖЯ-ныхантай анх удаагаа “түншилж” байгаа нь энэ биш. Өмнө нь хоёр тэрбумаар үнэлэгдэх 133 тонн хуш модны самрын хэрэг дээр нягт хамтран “ажиллаж” байжээ. Тухайн үеийн “түнш” нараас өдгөө ТНБД Ц.Цэнгэл л албан тушаалдаа хэвээрээ байгаа. Харин Д.Даваасамба нар хараахан яаманд ирээгүй байсан. Хэрэг явдал бараг жилийн өмнөхөн буюу УИХ-ын сонгуулийн өмнө дэгдсэн. Тэр үед 133 тонн самар бэлдсэн “Эм Ди глобал трейдинг” компаний захирал С.Ариунзаяа нь  барааг нь урагшаа гаргах ажлыг гүйцэтгүүлэхээр ”Трейже трейд” ХХК-ийн захирал Д.Өлзийсайхантай гэрээ байгуулжээ. Гэтэл гүйцэтгэгч компаний захирал нь  самрыг нь Замын-Үүд боомтоор гаргахдаа  хуурамч бичиг баримт ашигласан хэргээр баригдаж Төмөр замын цагдаагийн хэлтсээс 2016 оны 4-р сарын эхээр эрүүгийн хэрэг үүсгэж самрыг нь эд мөрийн баримтаар тооцож битүүмжилжээ. “Эм Ди глобал трейдинг”-ийн захирал нь хуурамч бичиг баримтын талаар огт мэдээгүй ороцоогүй гэдэг. Харин БОАЖЯ оролцсон хэмээн үзэж улмаар самранд нь санаархсан гэнэ. Уг нь хуулийн байгууллагаас хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад битүүмжлэгдсэн эд зүйлсийг хөдөлгөх байтугай хөндөх ч хориотой. Гэсэн ч тэрбумын үнэтэй эд тул эзэд нь болон шинэ эзэд нь хөдөлгөх нь байтугай шөнөөр зөөж, ачуулахгүй хэмээн агуулахын хаалгыг нь хүнд даацын машинаар хааж Оросын мафитай кинонд гардаг шиг юм болжээ. Шинэ эзэд гэдэг нь БОАЖЯ болон “Оюут цагаан барс”, “Ирмүүн аргамаг” гэх компани аж. Төмөр замын цагдаагийн хэлтсээс самар нь одоогийн хадгалж байгаа нөхцөлд түргэн муудаж чанар байдлаа алдах нөхцөл бүрдсэн тул асуудлыг шийдвэрлүүлэхээр Тээврийн прокурорын газарт хандаж тэндээсээ БОАЖЯ-ны  “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх Орон тооны бус зөвлөлийн мэдэлд шилжжээ. Д.Оюунхорол сайдын дэргэд одоо ч ийм зөвлөл хэвээрээ бий. Нэрнээс нь харахад сайд ТНБД нарт өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад хэрэг болохоор л зөвлөл аж.

 

 

Яамныхан энэ зөвлөлөө ашигладаг л болохоос “бэхжүүлэх” талаар анхаарч ирээгүй нь одоо гай болж байна. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах шилжүүлэх эсэхийг энэ зөвлөл шийдэх нь. Гэхдээ орон тооны бус гэдэг нь эрх мэдлийг нь нэлээд сулруулжээ. Бусдын эд хөрөнгө эд зүйлийг худалдах, устгах шийдвэр гаргахын тулд ядахдаа орон тооных байх учиртай. Засгийн газрын 1995 оны “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ыг үндэслэн яамныхан зөвлөлийнхөө ажиллах журмыг өөрсдөө батлаад худалдах, устгах эрх өгчихжээ. Гэхдээ захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтан л бусдын эд зүйлийг хураах эрхтэйг мэддэггүй нь энэ яаманд хэр зэрэг “гавал” толгойтнууд очиж сууж байсныг харуулж байна. Тухайн үед зөвлөлийн гаргасан шийдвэрийг хамгийн их хамгаалж байсан нь ТНБД Ц.Цэнгэл юм. “Эрх мэдэлтэй” орон тооны бус зөвлөл нь 2016 оны 4-р сарын 20-ны өдөр хуралдаад “...Улаанбаатар төмөр замын Ачиж буулгах Тээвэр Экспедицсэн Механикжсан ангийн талбайд хадгалагдаж байгаа...одоогийн хадгалж байгаа нөхцөл нь түргэн муудаж, чанар байдлаа алдах нөхцөл бүрдсэн...хадгалалтын тусгай горим, нөхцөл шаардсан зориулалтын газар хадгалах шаардлагатай, самрыг...” яаралтай худалдан борлуулах арга хэмжээ авахыг яаманд “үүрэгджээ”. Үүрэг авсан Ц.Цэнгэл нар нь мөн л шуурхай ажиллаж хураагдсан 133 тонн самрыг хаалттай дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэн 11 компанид санал хүргүүлснээс “Оюу цагаан барс”, “Ирмүүн аргамаг” хоёр хамгийн өндөр санал хэлэн ялсан байна. Мөн “Ойн дагалт баялагийг хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй, самар экспортод гаргаж байсан, хэрэг зөрчил гаргаж байгаагүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хэмээн магтуулжээ. Магтагдсан хоёр компани тус бүр нь нэг тэрбумыг төлсөн байна. Тэрбумын самраа алдахдаа тулсан “Эм Ди Глобаль Трейдинг” яаманд гомдол гаргасан ч ТНБД Ц.Цэнгэл хүлээж авсангүй. Гэхдээ тэд орон тооны бус зөвлөлийн шийдвэрээр түрий барьсан яамныханд “дээрэлхүүлэхээр” хүмүүс биш байжээ.  Дуудлага худалдаанд ялсан хоёр компани гаалийн баталгаат агуулахад байсан хоёр вагон самраа авах гэтэл цагдаагаас битүүмжилчихсэн байжээ. Дараа нь ахин очтол самар нь ч байсангүй. Гэтэл хүчний эрх мэдэл бүхий дарга нарын гарын үсэгтэй “Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол”-оор лацыг нь хөндөөд 2016 оны 5-р сарын 18-ны шөнө 00 цагийн үед гаалийн хяналтын талбайд саатуулагдсан хоёр вагон самрыг нь Толгойт өртөөнд хүргэж маргааш нь машинаар зөөгөөд “ Эм ди глобал трейдинг”-ийн түрээслэдэг “Халиун Од” компаний агуулахад буулгачихсан байжээ.Ийнхүү хоёр тал хоюулаа л хүчтэй гэдгээ харуулж хүчээ үзүүлцгээсэн байна. Самрынхаа араас хөөгөөд ирэхэд нь агуулахынхаа хаалгыг хааж хүнд даацын машин зогсоогоод өгсөнгүй. Арга ядсан “Оюу цагаан барс” компаний захирал Ц.Анхбаяр, “Ирмүүн аргамаг”-ийн захирал Д.Батхуяг нар тус бүр нь дөрвөн хамгаалагч гарган өдгөө өөрийх нь биш бас өрөөлийх ч биш гэгдсэн самраа өдөр шөнөгүй сахиулж байгаа гэнэ. /үргэлжлэл бий/

 

nuuts.mn