УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Нэг талаасаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц байхгүй. Өртэй байхын нэг аюул нь тухайн улсын дампуурлыг зарладаг. ОУВС дээр хандивлагч орнуудын хурал хийгээд өрийг нь багасгадаг. Үлдсэн өрийг нь аль нэг улс нь худалдаж авдаг. Өрөндөө тухайн орны юуг ч авч болдог. Газар нутаг юу ч байж болно, ийм олон улсын эрх зүйн бололцоо байгаа.
ОУВС биднийг дампуурлаа зарлачихаасай гэж хүсэхгүй байгаа. Тэгэхээр гарцаагүй шалтгаан бол тэдний яриад байгаа санхүүгийн дэг журмыг авахаас аргагүй. Гэхдээ Засгийн газар юунаас хэмнэлт хийж болох вэ, яаж хэмнэж болох вэ гэдэг дээр өөрсдийнхөө тансаглалын мэдээллийг гаргаж өгөөгүй нь анхаарал татаж байгаа. Татвар нэмж, ард иргэд, аж ахуйн нэгжийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэхээсээ урьтаад дээд шатнаасаа танаж болох ямар албан тушаал байна, ямар зардал байна түүнээс эхлэх ёстой юм.
Өмнө нь Монгол Улсын Засгийн газар 11 сайдтай ажиллаад болоод л байсан. Эвсэж нэгдэж, Засгийн газар байгуулсан биш нэг нам дангаараа Засаглаж байгаа нөхцөлд 10 яамтай байж болно. Гэтэл 13 яамтай, 15 сайдтай, 13 дэд сайдтай. Маш олон агентлагтай, агентлагийн дарга бүр нь орлогчтой байна.
Эдийн засаг хүнд байхад төсөвтөө дарамт учруулж энэ олон яамаар яах юм, яамдаа 10 болгоод, дэд сайд нараа, орлогч дарга нартай нь цомхотгочих л доо.
Орхон аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга хоёр тус бүр нь 300 сая төгрөгөөр үнэлэгдэх жип унаж байна, “Соната-7” унахад л болно шүү дээ. Гадаад руу зугаалах нь дэндсэн, үүнийгээ больчих хэрэгтэй.
УИХ дахь гурван нам нийлээд суудлын мөнгө гэх мэт зүйлээр төсвөөс нэг тэрбумыг авдаг, үүнийгээ больчих хэрэгтэй. Төсөв ухах юм бол долоон баг дээр клуб барина гээд байгаа, больчих л хэрэгтэй шүү дээ.
Дээр нь зарим нэг салбарын зардлыг бууруулах санал оруулаад ирж болно. Жишээлбэл, цэцэрлэгийн хүүхдийн сарын хоолны мөнгө 20 мянган төгрөгийг эцэг, эх нь төлчихдөг болох хэрэгтэй. Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр нь 300 мянга байдаг. “Бид дээрээсээ зардлаа ингэж хумилаа, одоо эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх шаардлага байна” гэхэд “Үгүй” гэх хүн цөөхөн л болов уу. Дандаа “Авна, авна” гэж болохгүй шүү дээ. Тэтгэвэрт гарах насыг хойшлуулах бол амьдралгүй шүү дээ. Япон, БНСУ зэрэг хөгжилтэй орны жишгээр амьдарч байгаа бол тэртэй тэргүй 80 хүрэх юм чинь, 70 хүрч тэтгэвэртээ гарч болно. Гэтэл 66 хүрээд мөнх бусыг үзүүлдэг байтал энэ насанд тэтгэвэрт гаргана гэдэг ямар учиртай юм. Ийм харгислал байж болохгүй. Хэмнэхийг дэмжиж байна, ганцхан ядарсан хүнээ очиж, дээрэлхдэг биш дээрээсээ л өөрчлөлтийг эхлүүлэх ёстой юм.