Тавантолгойн шинэ хэлэлцээ одоогоор нам жим байна. Хэлэлцээ эхлэх үед зарим улстөрчид Тавантолгойн ордыг хөдөлгөхдөө Монголын Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н хоёр сая хувьцаа эзэмшигчээсээ асуух ёстой гэсэн шаардлага тавьж байсан юм. Монголын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргаснаас хойш зургаан жил өнгөрчээ. С.Батболдын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны хэдэн хувийг төр, хэдэн хувийг иргэн эзэмшдэг вэ. Иргэд хэдэн ширхэг хувьцааг төрд зарсан бэ гэсэн олон асуулт анхаарлын төвд байна.
БИДЭНД ХЭДЭН ШИРХЭГ ХУВЬЦАА БАЙГАА ВЭ?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа шалгахаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг зорилоо. Үүдний ажилтан регистрийн дугаараар "хөөж" үзээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа нэр дээр маань байгааг дуулгаад “Та төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээгүй байна. Данс нээлгэхийн тулд дурын Брокер дилерийн компаниудад хандах хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгөв.
Энэ үеэр 50 орчим насны эр тус компанийн ажилтанд хандаж өөрийнхөө дансны хуулгыг авах гэж яваагаа хэллээ. Түүнийг Дондол гэдэг аж. УИХ-ын сонгуулийн өмнө 200 мянган төгрөгөөр хувьцаагаа заржээ. Одоо түүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой”-н хичнээн ширхэг хувьцаа байгааг шалгуулахаар ирсэн нь энэ аж. Дондол 1072 хувьцааныхаа 30 хувь буюу 332 ширхэгийг нь өнгөрсөн оны зургадугаар сард 300 мянган төгрөгөөр төрд заржээ.
УИХ-ын сонгуулийн өмнө Шийдлийн Засгийн газар иргэдийн нэр дээр байгаа 1072 ширхэг хувьцааных нь 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Гэвч 333 ширхэг хувьцаагаа зарахаар арилжааны банкуудад хандсан иргэдийн олонх нь 200 мянган төгрөг л аваад байгаа. Үлдсэн 100 мянган төгрөгийн хувьцаагаа хувьд ч үгүй, хувьсгалд ч үгүй алга болчихсон байж магадгүй гэж хардаж буйгаа хэлсэн юм.
БИДНИЙ ХУВЬЦАА ХААЧСАН БЭ?
Засгийн газрын “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд нэг сая 300 мянган иргэн хувьцааныхаа 30 хувийг зарахаар хүсэлт гаргажээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэдээс 100-200 мянган төгрөг дутуу авсан иргэн цөөнгүй байна. Засгийн газрын тогтоол хүчингүй болсон ч дансанд нь ороогүй мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний хувьцаа тухайн иргэний нэр дээрх Төвлөрсөн хадгаламжийн дансанд байгааг үйлчилгээний ажилтан дуулгав. “Үнэт цааны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн Олон нийттэй харилцах албаны захирал Б.Гэрэлт 300 мянган төгрөгөөр хувьцаагаа зарахаар хүсэлт гаргасан ч мөнгө нь гүйцэд ороогүй иргэдийн хувьцаа алга болох, төр завших боломжгүйг дуулгаад сонгуулиар 300 мянган төгрөг авсан бол 320 ширхэг хувьцаа хасагдана. 200 мянган төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа, 100 мянган төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа 1072 ширхэг хувьцаанаас хасагдсан гэдгийг тайлбарлалаа. Бүртгүүлсэн иргэдийн үлдсэн хувьцаа нь алга болох, хийдүүлэх боломж байхгүй гэнэ. Засгийн газар дахин шийдвэр гаргаж бүртгүүлсэн иргэдийн үлдсэн мөнгийг өгсөн тохиолдолд хувьцаанаас нь хасалт хийх аж.
БИД ХУВЬЦАА ӨВЛӨХ ЭРХТЭЙ ЮУ?
Хүн бүрт сая төгрөгийн үнэ бүхий 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр шийдсэнээс хойш хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүн цөөнгүй. Тэдний нэр дээрх хувьцааг өвлүүлэх, ар гэрийнхэнд нь шилжүүлэх шийдвэр гараагүйг албаны хүн ярив. “Эрдэнэс Тавантолгой” компани нь одоогоор хаалттай компани бөгөөд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдээгүй учраас хувьцааг өвлөх, шилжүүлэх шийдвэр гарах боломжгүй юм байна. Хэрэв IPO-гоо гаргавал хувьцааг нь өвлөх, шилжүүлэх эрх нь хуулийн дагуу нээлттэй болох гэнэ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нас барсан иргэдийн хувьцааг хадгалж байгаа гэх. Хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэн бүрт 536 ширхэг хувьцаатай байгаа аж. Учир нь 2011 оны гуравдугаар сарын 31, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын дагуу Монгол Улсын харьяатаас гарсан, нас барсан иргэнд 1072 биш 536 ширхэг хувьцааг өгөхөөр заасан бөгөөд тэрхүү хувьцаанууд хуулийн дагуу төрд хадгалагдаж байгаа гэнэ.
БИД ХУВЬЦААГАА ЯАЖ ШАЛГАХ ВЭ?
Уншигч та яг одоо Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайтад зочилж, 1072 хувьцааг эзэмшиж байгаа эсэхээ шалгаж болно. Мөн Төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн эсэхээ ч мэдэх боломжтой. Хэрэв данс нээлгэсэн бол иргэний үнэмлэхтэйгээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс дансны үлдэгдэл, хуулга авах боломжтой юм байна. Иргэн 1072 хувьцаанаасаа тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр авсан бол дансны хуулгаас мэдээллээ харж болох гэнэ.
ЭНД дарж хувьцаагаа шалгана уу.

Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж монголчууд ярьдаг. Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг тойрсон олон олон асуулт иргэдэд байна. Газрын дор долоон тэрбум коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгой ордыг эзэмших “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа хэдийд үнэд орж, монголчууд бүгдээрээ хэзээ баяжихыг хэлж мэдэх хүн алга. Гэвч тэр цагийг монголчууд тэвчээртэйгээр хүлээсээр л.
Эх сурвалж: NEWS.MN
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв